Эсийг генийн төвшинд судалсан хэр нь хүний тухай олон зүйл оньсого мэт тайлагдаагүй хэвээр. Эсийг хэрхэн сэргээж, гэмтлийг арилгах вэ? Эсийн насыг уртасгаж болох уу? Өмөн үү, ДОХ ерөөс вируст өвчний эсрэг яаж дархлал тогтоох вэ гэх мэт шинжлэх ухааны олон оньсогын хариуг Техникийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа багш “Мөнхрөхүй ухаан” номондоо тайлсан байна. Тэрбээр махбодийн энерги зохицуулалтын хуулийн үндсэн дээр буюу өөрийн зохиосон Дүүриймаагийн хуулиар тайллыг тун энгийнээр тайлбарлажээ. Хүний чадавхийн дөрвөн гол үзүүлэлт болох ухамсар, энерги, мэдээлэл, нэн зохистой хооллолт бүхэлдээ хүний өөрийнх нь гарт байдаг. Махбодийн 30-хан хувь нь хүний араг ясыг бүрдүүлж, үлдсэн 70 нь тэрчигтээ энерги аж. Мөнхрөхүй ухаанд суралцъя гэвэл энергийг эрхэмлэх ёстой хэмээн тэрбээр ярьсан юм. Сүүлийн үед бид энергийн тухай хийгээд ач холбогдлыг нь мэддэг болсон хэдий ч амьдралд тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй. Бидний мэддэг бөгөөд үл анзаардаг зүйлийн тухай ШУТИС-ийн багш Г.Лхагваатай ярилцлаа.
-Та хүний онол гэсэн их сонирхолтой сэдэв хөндлөө. Хүн судлал, хүний онол өөр өөр ухагдахуун уу эсвэл нэг зүйлийг хэлээд байна уу?
- Хоёулаа л нэг зүйлийн хоёр тал юм. Монголчууд сүнс буюу энергиэ эрхэмлэх ухааныг олсон нь хувь хүний хөгжлийн нэн чухал ололт байсан гэж дүгнэж болох юм. “Сэтгэж байгаа учир амьдарч байна” гэсэн философийн алдарт хэллэг анх бий болсноос долоон жилийн дараа 1644 онд Францын философич Р.Декарт энэ үгийг дахин томъёолохдоо оюун ухаан, сэтгэхүй, үзэл бодлыг хэзээ ч танин мэдэж болшгүй зүйл хэмээн үзэж энэ ухагдахууныг сүм хийдийн мэдэлд үлдээсэн. Харин биеийг шинжлэх ухааны судлах зүйл гэж үзээд хүн судлалын шинжлэх ухааны эхлэх цэг болсон юм. Энэ үеэс хүн судлал төөрөлдөж, хүнийг араг ясны хэмжээнд л судалсан. Зүй нь “Сэтгэж байгаа учир амьдарч байна” гэдэг зөв зүйрлэлийг олсон хэрнээ сэтгэж байна гэдэг энергийн үйлдвэрлэл, хангамж гэдгийг орхидуулчихсан. Сэтгэхүй өөрөө эрчим хүчийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, энергийн чадавхи л хүний гол шинж чанарыг бүрдүүлдэг. Жишээлбэл, авъяас билгийн гени одоо болтол тогтоогдоогүй байгаа. Хүн авъяас билгийг төрөх үедээ олж авдаг гэдэгтэй биологичид санал нийлж, судалгаагаа хандуулж байна. Гэтэл “Эцгийнхээ билэг оюуныг хүү нь удамшиж авдаггүй” гэсэн X зууны Рудакийн үзлийг XX зууны генетикийн эрдэмтэд одоо хэр нь няцааж чадаагүй. Тиймээс бие махбодийн хууль ёсоор энергийн төвшин төрөлхийн бөгөөд сүүлчийнх нь тухайн хүний шинж чанар, түүний дотор авъяас билгийг ч тодорхойлдог гэж үзэж болно. Чикаго хотын физикч, доктор Ричард Сидийнх шиг суут хүний генийг нь хувилан олшруулах бус харин биднийхээр бол энергийг нь дээшлүүлэх, сайжруулах замаар хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь сайн хүн, суут хүн болгох юм. Хүн мэдрэлийн хийгээд цусан хангамжийн систем, эрхтний цогц бүтэцтэй. Өөрөөр хэлбэл нүдэнд харагдаж, гарт баригдах бүхэн ижил заяасан, өөр хоорондоо мэдэгдэхүйц ялгарах гойд юмгүй, стандартын гэмээр биологийн биет бөгөөд үүнийг бид “бие махбодь” гэж нэрлэж заншсан. Нэгэнт ийм стандарт махбодитой бол хүн бүр өндөр нам, үс зүс, авъяас чадвараараа ижилхэн байх ёстойсон. Гэтэл тэгсэнгүй. Тэгвэл хүн өөр хоорондоо юугаараа ялгаатай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл генийн онцлог гэсэн нийтлэг хариулт хэлж болно. Харин тайлал болгож “Хүн өөр хоорондоо генийн удамшлаас гадна энергийн төвшингөөрөө ялгаатай” гэсэн хариулт олдож байна. Мэдрэл, цус, эрхтний системтэй адил хүнд “Био энергийн систем” гэсэн бие даасан бүхэл бүтэн бүтэц байдаг. Энэ нь үнэн хэрэгтээ хүнийг тодорхойлдог болохыг бид нээж олсон. Энергийн төвшин нь хүний чадавхийг тодорхойлоод зогсохгүй махбодийн үндсэн гол тэжээл бас эрүүл мэнд нь болдог. “Хүний энергийн систем”-ийг ор тас орхигдуулснаас өнөөгийн шинжлэх ухаан хүнийг зөвхөн “махбодь” буюу мэдрэл, цус, эрхтний системийн хүрээнд /физик бие/ хагас байдлаар төсөөлж байна. ШУТИС-ийн профессор Н.Сүхбаатар багш гэр бүлийн математик загварыг хоёр жилийн өмнө бодсон. Эндээс маш сонирхолтой үр дүн гарсан байдаг. Хүний эцэг, эхээс өвлөж авч болох генийн дээд хэмжээ нь 41 хүртэл хувь гэж. Энэ хүртэл хувийг л эцэг эхээсээ өвлөж авах юм. Энэ бол гайхамшигтай нээлт. Хүн гэдэг ойлголтын чухам хэдэн хувийг нь гени, эс эзлээд байна вэ гэдгийг математик тооцоогоор хэллээ гэсэн үг.
-Энергиэ дээд цэгт нь ажиллуулахыг хүн өөрөө залж зохицуулж болно гэж ойлгож болох уу?
-Оюун санааны төвлөрөл илүүтэй илэрч байсан хүмүүсийн тодорхой жишээ нь лам нар бөгөөд энэ чанараараа тэд маш бага хоолоор бие махбодийнхоо хэрэгцээг хангаад зогсохгүй урт насалж байжээ. Бясалгал ихтэй лам зөнөдөггүй гэдэг үг махбодь дахь эрчим хүчний хуримтлал, төвлөрөл илүү гэсний тодотгол байж болох юм. Орчин үеийн хүмүүсийн тухайд түрүү үеийнхэнтэй харьцуулбал оюуны төвлөрөл бага, сарнимал, энэ нь тухайн амьдралын орчинтой холбоотой ба энэ чанараараа яарах, сандрах, бачимдах, бухимдах, уцаарлах, гуних, хэт баярлах мэт сэтгэлийн таагүй хөдөлгөөний улмаас энергийн таагүй шилжилтэд байнга өртдөг. Бас биеийн хямралд илүү өртөмтхий гэж үзэж болох юм. Ийм учраас уламжлалт ухаанд хүн хэдийчинээ урт насалъя гэвээс уурлах, баярлах, айх зэрэг сэтгэлийн хөдөлгөөнөө захирахыг нэн түрүүнд сануулсан байдаг нь энергийн таагүй шилжилтээс зайлсхийх гэсэн санаа болох нь ойлгогдож байна. Оюуны дасгал төвлөрлийн хүчээр бие махбодийн энергийн төвшинг хязгааргүй дээшлүүлж болох бөгөөд энэ нь хүн өөрийгөө хөгжүүлэх буюу гэгээрч нирваанд хүрэх цорын ганц зам гэж дорно дахины шинжлэх ухаанд үзэж ирсэн. Ганц жишээ хэлэхэд, XIII зууны үед Монголд ирсэн италийн лам П.Карпини “Тэд /монголчууд/ айхавтар тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй, харин ч баян цатгалан хүмүүс шиг байж дуулж наргицгаах ажгуу” гэж тэмдэглэн тэр үеийн монголчуудын хоолны дэглэм, тэсвэр хатуужил, туулах чадварын талаар нэн үнэтэй мэдээлэл үлдээсэн байна. Тиймээс монголчууд хоолны хатуу дэгээрээ дамжуулан бие махбодийнхоо дотоод энергийг дайчлах ухааныг олсноороо өөрийнхөө туулах чадварыг наанадаж унасан мориноосоо давуу, хөтөлгөө морины хэмжээнд хүртэл хөгжүүлсэн гэж үзэж болох бөгөөд гайхамшигтай нь оюун санаагаар хооллох ухааныг хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хэмжээгээр амьдралдаа ягштал хэрэгжүүлсэн явдал юм. Бүх ард түмэн зуун зуунаар оюун санааны хоолтой байна гэдэг бол ер бусын гайхамшигтай үзэгдэл юм. Ингэснээр монголчууд өлбөрч доройтоогүйгээр барахгүй 60 нас хүртэл цэргийн алба хааж, 120-иос дээш насалсан хүнийг Чингис хааны зарлигаар “Төрийн эрхэм өтгөс” цол шагнан өргөмжилж байжээ. Ийнхүү маш бага, тэгэхдээ тусгай илчлэг буюу найрлагатай бус, ердийн хоолоор бие махбодийн хэрэгцээг хангаад зогсохгүй урт насалж байсан юм шүү дээ.
Махбодийн энергийг дээшлүүлэх нь хувь хүний хөгжлийн эрхэм дээд үзүүлэлт болж үнэлэгдэхэд хүрч байна. Хүн биеийнхээ энергийг хүссэн зоргоороо залж, удирдаж чаддагт хэргийн учир оршино. Харин ердийн үедээ хүний энерги эрчим хүчний долоон төвд төвлөрөх ба үүний дотор зулай дахь саран төв ба хүйсний гаднах ба доторх их, бага наран төвүүд нь эрчим хүчний долоон төвийн үйл ажиллагааг зохицуулдаг гэсэн дорно дахины онол нэн үнэмшилтэй. Тухайлбал, эрчим хүчний их, бага наран төвүүд нь доктор Ж.Шагжийн “Бүдүүн гэдэсний дулааны онол”-той утгын хувьд дүйнэ. Монголчууд биеийн энергиэ эрчим хүчний дээр дурдсан төвүүдэд төвлөрүүлэх замаар махбодийнхоо энергийн хангамжийг сайжруулж байсан учир маш бага хоолоор хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Ийм байдлаар дорно дахины анагаах ухаанд “Сэтгэлийн таван хөдөлгөөн нь таван цул эрхтэнд нөлөөлдөг гэх буюу хэт баярлах зүрхэнд, уурлах элгэнд, айх бөөрөнд муу” гэсэн нь энергийн шилжилтийн таагүй нөлөөг хэлж буй хэрэг бөгөөд харин ном, гүрэм, домын засал мэт нь хүнд сэтгэлийн ханамж, итгэл сүсэг бий болгож буй тул махбодийн энерги эерэг буюу ашигтай шилжилтийг нөхцөлдүүлж байдаг.
-Гаднаас авч буй сайн, муу мэдээллээс энергийн эерэг, сөрөг утга ихээхэн шалтгаалах нь ээ?
-Энергийн сөрөг мэдээлэл нь бие махбодид сөрөг буюу аливаа хямрал, таагүй үр дагаврыг үүсгэдэг бол энергийн эерэг мэдээлэл нь махбодийн амгалан, эрүүл байх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тухайлбал, “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэх” тухай ардын мэргэн номлол чухамхүү бие махбодийн энергийн дотоод төвлөрлийн сонгодог жишээ юм. Эерэг үү, сөрөг үү энерги нь нэмэх, хасах цэнэгийг бус махбодид ашигтай буюу ашиггүй энерги гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Дүүриймаагийн IҮ хууль ёсоор хүний наслалт нь “бадган хүн-шарын хүн-хийн хүн” гэсэн дараалалтай байна. Энергийн зарцуулалт бадган хүнд бага, шарын хүнд дунд зэрэг, хийн хүнд их байдаг нь наслалтын чухал үзүүлэлт мөн боловч нөгөө талаас бадган хүн амирлангуй, сэтгэлийн хөдөлгөөн нь тогтвортой, бага учраас эерэг энергийн хуримтлал их, харин хийн хүн сэтгэлийн тэвчээр бага, хөдөлгөөн их учир махбодийн энергийн шилжилт их буюу сөрөг энергийн хуримтлал их байдгаас бадган хүнээс бага наслах магадлал их байдаг. “Монос” сургууль дээр хий, шар, бадганаа “Ток-ам” программаар оношлуулж болно. Таны төчнөөн хувь нь шар, хий, бадган гэдгийг тодорхойлно. Тус сургуулийнхан хүний шинжлэх ухаанд асар их зүйлийг нэмж оруулсан. Хий, шар, бадган, эсийн онолыг 10 гаруй жилийн өмнө гаргаж ирсэн. Ерөөсөө л гайхамшигтай онол. Хий, шар,бадган гэдэг нь хүн судлах дорнын асар том онол байж. Зөвхөн хүний ч биш хоол хүнс, цаг агаарын тухай онол. Ийм том гурван гүйцэт онолыг олоогүй байж шүү дээ.
“Энергийн ухамсартай удирдлага-зохицуулалт-үнэн зөв мэдээлэл” гэсэн бие махбодийг эрүүл байлгах хийгээд эрүүлжүүлэх шинэ таамаг бид дэвшүүлсэн. Энэхүү шинэ баримтлал эдүгээ амьдралд нэгэнт хэрэгжиж эхэлсэн гэж үзэж болох бөгөөд бидэнд хандсан 200 орчим хүн, 140 гаруй өвчтнийг нэн богино хугацаанд эмчилгээний шинэ аргаар эмчилсний дотор хорт хавдар ч багтсан байгаа. Дээрх өвчтний 65 хувь нь ужгирсан архаг хийгээд онош нь бүрэн тодроогүй байсан ба эмчилгээний үр дүн 95-аас дээш хувьтай байгаа нь бидний онол зөв болохыг харуулж байгаа юм.
Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувих юм бол 9.6 сая километр хальс болно гэж кибернетик, уураг тархи судлалын эрдэмтэн Анухин бичсэн байдаг. Бие хэл, сэтгэлээр үйлдсэн бүх үйл энд бичигддэг. Энэ тархины бичлэг цахилгаан соронзон төвшинд, цахилгаан соронзон хальсанд хийгдэж байгаа учраас энерги юм. Энерги устаж үгүй болохгүй гэсэн термодинамикийн I хуулийн II заалт бий. ОХУ-ын уураг, тархи судлалын хүрээлэнгийн захирал, профессор Медведев XҮIII зууны бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл XX зууны бизнесмэний авч байсан мэдээллээс хэмжээний хувьд ижил байсныг тодорхойлжээ. Гагцхүү хэлбэр нь өөр гэдгийг маш зөв тодорхойлсон мөртлөө хэлбэр өөр болохоороо яадгийг нь шинжлэх ухаан харамсалтай нь тайлаагүй. Гэтэл мэдээллийн хэлбэр өөрчлөгдөөд сөрөг тал руугаа болохоор өвчин эмгэг, гэмтэл согог, азгүйдэл, бүтэлгүйтэл болдог. Та ертөнцийн бүх ламыг залаад ч, бүх номыг уншуулаад ч тус болохгүй. Тэгэхээр муу юмнаас холуур явах, үүнээс өөрийгөө чөлөөлж авч гарах, эсвэл бүх юмыг сайнаар бодох, сайнаар хүлээж авах хэрэгтэй болж байна. Энерги ерөөсөө хүрэхгүй газар байхгүй шүү дээ. Эндээс бид Америк руу энерги өгч болно. Америкаас энерги авч болно. Энэ чөлөөтэй асуудал. Мэдээллийн эерэг үү, сөрөг үү, саармаг утга л бидний хамаг сайн, муу хоёрыг томъёолж байна гэсэн үг. Монголчуудын энергийн хуулийн томъёолол юу байна вэ гэхээр сайн санааны үзүүрт тос, санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ, сайхан төрөх заяаных, сайн явах санааных. Сайн явахын тулд Та бүх мэдээллээ саармагжуулж эерэг болгох хэрэгтэй.
1986 оны үед Германы Гумбольдтын их сургуулийн профессор, математикийн доктортой би найзалдаг байсан юм. Гэрт нь телевиз байхгүй. Одоо бодоход тэр хүн мэдээллээс ангид байх ухааныг олсон байж. Тэгэхээр сөрөг энергийн хуулийг монголчууд юу гэж томъёолсон бэ гэхээр “Санаа муут яван хатна”, “Муу санаа эзнээ отно” гэж. Та өөрийгөө хасах, нэмэх мэдээллээр цэнэглэж байгаагаа мэдэж байх нь зөв. Хамгийн чухал үзүүлэлт буюу өөрөөр хэлбэл хүний талыг нь мартаж гээчихсэн нь өнөөгийн шинжлэх ухааны төөрөгдөл төдийгүй хүн төрөлхтний хувь заяаны хэсэг хугацааны төөрөгдөл байж, энэ хугацаанд хүн өөрөө энэхүү “тахир дутуу” ойлголтынхоо хэмжээнд “тахир дутуу” амьдарч ирсэн байна. “Эцгийн эсээс яс, тархи, нугас, эхийнхээ цуснаас мах, цус, цул ба хөндий эрхтнүүд, өөрийн сэтгэлээс мэдрэхүйн эрхтнүүд бий болно” гэж дорно дахины шинжлэх ухаанд үзэж иржээ. Эндээс “Биеийг нь төрүүлэхээс санааг нь төрүүлэхгүй” гэсэн монгол шинжлэх ухааны мэргэн томъёолол бий болсон.
-IQ-тай ямар нэгэн талаар холбогдох уу?
-Оюун ухаан гэж тодорхойлох талаасаа болно. Оюун ухаан өөрөө ухамсар. Энэ ойлголт ихээхэн бүдэгхэн байгаа. Одоогийн шинжлэх ухаанд ойлгогдох хэлбэр нь бидний ойлгосноор махан биеийн генератор. Энэ бол их том нээлт. Генератор нэг үгээр бодол санаа юм. Тийм учраас бодол санаагаа зөв авч явахгүй бол өөрийгөө хорлох, хүнийг хорлох, орчлонг хорлох нэг их том генератор ажиллуулж байгаагаа мэдэхгүй болно. Бодол санаа ямар хүчтэйг Америкт баталсан байдаг. Танд халуун зүйл хатгуулна гэж ойлгуулаад хүйтэн төмөр атгуулахад гарт нь цэврүү үсэрчихсэн. Халуун төмөр барьсан гэж бодсон учраас тэр хүний бодол санаа буюу генератор сөрөг энергийг үйлдвэрлэж байгаа юм. Yйлдэл, бодол санаа хоёр зөрж байна гэсэн үг шүү дээ.
-Энергийг хөгжүүлэх хамгийн сайн арга нь юу байна?
-Хөгжүүлэх хамгийн сайн арга бол бясалгалын арга. Түүний хажуугаар арга барилыг нь эзэмших. Хүн өөрийгөө цэвэрлэх хэрэгтэй. Цагаан хоол идэх, нинжин сэтгэлтэй, хайр энэрэлтэй байх нь гол. Мөн хариу нэхээгүй тус хүргэж байж ухамсрыг хөгжүүлнэ.
-Ухамсрын дээд төлөвт хүрэхэд амаргүй биз?
-Бид одоогоор өөрсдийгөө энергиэр хөгжүүлж дөрөвдүгээр хэмжээст орж чадвал гайхамшгийн ухамсрын дээд хэлбэрт шилжиж болно. Одоогоор бид гуравдугаар хэмжээст буюу хамгийн хөгжил муутай дорой хэсэгт байна. Физикийн вакумын зөөгч буюу троссион орон нь тав дахь орон болно. Энэ троссион орны матери нь ухамсар юм гэсэн онолыг физикийнхэн зөвшөөрсөн. Бидний ухамсар анхдагч уу, матери анхдагч уу гэдэг ойлголт байхгүй болж болно. Троссион орны матери нь анхдагч. Матери, ухамсар хоёр нэг юм. Ингэхээр бидний философи нэлээд өөрчлөгдөх хэрэгтэй. Yүнийг дагаад нийгэм дэх бүх онол өөрчлөгдөх болж байна. Ингэхгүйгээр бид сайн сайханд хүрч чадахгүй.