Английн шигшээ Евро 88-аас хойш анх удаа том тэмцээний эхний 2 тоглолтонд дараалан хожигдож байна. Харин Дэлхийн аваргад тэд хэзээ ч ийм "ичгэвтэр" байдалд орж байгаагүй юм.
Гэхдээ "Гурван Арслан"-д хэсгээс шалгарах боломж онолын хувьд байсаар байгаа. Хэрвээ сүүлийн тойрогт тэд Коста Рикаг олон гоолоор хожиж, эсрэг талд Итали - Уругвайг хожвол тэдэнд шөвгийн 16-д үлдэх хаалга нээгдэнэ.
Испани шүүгч Карлос Карбальо-гийн дэнсэлсэн уг тоглолтыг Уэйн Рүүни-гийн ДАШТ-ий анхны гоол чимсэн. Тэрээр энэ гоолыг 2006 оноос хойш, 759 минут, 9 тоглолтын турш хүлээсэн юм. Рүүни Английн өмсгөлтэй 40 дэх гоолоо оруулж Майкл Оуэнтэй эн зэрэгцлээ. Мөн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 4-р байр луу орж ирсэн.
Харин Луйс Суаресийн хувьд тусгайлан онцолж ярих хэрэгтэй. Премьер лигийн мэргэн бууч 5 сарын эхээр өвдөгний хагалгаанд орсон учир Коста Рика-гийн эсрэг талбайд гараагүй. Харин эргэж ирсэн даруйдаа өнгөрсөн улиралд 31 гоол оруулсан формоо алдаагүй гэдгээ баталж байна.
Тэрээр энэ тоглолтын хаалга руу чиглэсэн эхний цохилтоор гоол оруулсан. Түүнд Эдинсон Кавани дамжуулалтыг өгсөн юм. 1-р үед Кавани ганцхан дамжуулалт өгсөн нь гоол болон хувирсан юм. Тэгэхээр Табаресийн залуус гүйцэтгэл маш өндөр байна гэж дүгнэж болно.
Харин Суаресийн 2 дахь гоолын хувьд клубын хамтрагч Жеррадын "тусламж" орсон. Ийнхүү Суарес Дэлхийн аваргын 7 тоглолтонд 5 гоолтой болж байна.
Тэрээр тоглолтын дараа "Би өөрийгөө дубль хийнэ гэдгийг мэдэж байсан" хэмээн ярьсан байна
Дэлхийн аваргын түүхэнд хэсгийн эхний 2 тойрогт ялагдсан хэзээ ч цаашаа шалгарч байгаагүй. Тэгэхээр Рой Хожсоны залуус түүхийн эсрэг, түүхийг шинээр бүтээх шаардлагатай болж байна.
Санал болгох нийтлэл: CSPORTS SPECIAL: РҮҮНИ ЯМАР БАЙРЛАЛД ТОГЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?