Өнгөрсөн 3-р сарын 8-нд Малайзын агаарын тээврийн "Boeing 777-200" онгоц Куала Лумпураас Бээжин хүрэх замдаа сураггүй алга болоод хоёр сарын нүүр үзэж байна.
Сураггүй болсон онгоцны бодит түүхийг харуулсан “The Vanishing Act” уран сайхны киноны трейлер цацагдсан бөгөөд уг киног Малайз болон Филиппиний уран бүтээлчид хамтран бүтээсэн тухай бид мэдээллэсэн.
Тэгвэл Малайзийн “MH370” онгоцыг ямар шалтгааны улмаас өнөөг хүртэл олдохгүй байгаа талаар бичсэн ном өчигдрөөс эхэлж худалдаанд гарсан байна. “МН370-ийн тайлагдашгүй нууц”хэмээх номыг бичсэн зохиолч Найжель Коурсорна “Онгоцыг АНУ, Тайландын сөнөөгч онгоцууд сөнөөсөн” хэмээн номынхээ нээлтийн үеэр хэлжээ.
Тэрээр “Онгоцыг алга болох үед Өмнөд-Хятадын тэнгист АНУ, Тайландын хамтарсан цэргийн сургууль болж байсан. Тэгэхээр сөнөөгч онгоцуудын аль нэгээс нь харвасан пуужин зорчигч тээврийн онгоцыг сөнөөсөн байж болзошгүй. Мэдээж хэрэг дүүрэн зорчигчтой онгоцыг харь гаригийнхан л авч яваагүй бол өөр сонголт байхгүй. Миний номноос энэ бүхний талаар мэдэж болно” гэжээ.
Харин Малайзийн цагдаагийхан номонд бичигдсэн шиг сөнөөгч онгоцууд “МН370” онгоцыг дэлбэлсэн гэх баримт байхгүй учир, хэргийг мөрдөн шалгах ажлыг өөр чигт эргүүлж төөрөлдүүлэх гэсэн оролдлого хэмээн зохиолчийг буруутгасан байна.
М.Лхагвабаяр