
ХБНГУ-ын Машин, тоног төх өөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон тус улсын Эдийн засаг, технологийн яамнаас өчигдөр “Future Mongolia” олон улсын үзэсгэлэнг Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгууллаа. Манай улсад анх удаа болж буй олон улсын чанартай уг үзэсгэлэнд дэлхийн технологийн салбарт тэргүүлэгч 14 орны 100 гаруй компани оролцож, тоног төхөөрөмж, ажил үйлчилгээгээ танилцуулав. Үүнээс 70 орчим компани нь Германых. Герман улсын компаниуд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр олон жилийн арвин туршлагатай, бүтээгдэхүүн нь чанартай, байгальд ээлтэй, эрчим хүчийг дээд зэргээр хэмнэдэг аж.
“Уул уурхайн салбарын нөлөөгөөр хурдацтай хөгжиж буй манай орны хувьд дэлхийн шилдэг техник технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудыг нэг дор цуглуулснаар давуу боломжийг бий болгохоос гадна олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг төрүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн зохион байгуулагчид хэллээ. Ойрын жилүүдэд Монгол, Герман хоёр улсын хамтын ажиллагаа эрчимжиж байгаа.
Өнгөрсөн жил Германы компаниуд 57 сая еврогийн үнэ бүхий машин, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн бөгөөд үүнээс 37 сая евро нь уул уурхайн машин, тоног төхөөрөмжид ногдсон байна.