Туркийн Истанбул хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Оюунсүрэнг “Дебют”
буландаа урилаа. Тэрбээр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн
аварга, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгинийн
нэрэмжит олон улсын тэмцээн, Буриадын Ерөнхийлөгчийн цом, Шведийн Алтан
гран при гэхчилэн олон улсын томоохон тэмцээнээс медаль хүртэж, төрийн
далбаагаа мандуулсан юм.
-Охид бөх болно гэж мөрөөдөх нь ховор шүү дээ. Бөхийн спортын юу нь чамайг татав?
-Би Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн. Сумын сургуульд сурч, амралтаараа хөдөө гэртээ очин, аав ээждээ тусалдаг байлаа. Хөдөөгийн хүүхдүүд хар бор ажил хийж өсдөг шүү дээ. Тэгж яваад өөрийгөө бяртай гэж боддог болсон. Гэхдээ бөх болно гэж бодоогүй л дээ. Аравдугаар ангиа төгсөөд МУИС-ийн химийн ангид элссэн. Харин бөхийн спортод тун санаандгүй орсон шүү. Нэгдүгээр курсэд сурч байхдаа, 2006 оны аравдугаар сард хичээлээ тараад Спортын төв ордны хажуугаар явж байгаад тэр байшин руу орж үзмээр санагдсан. Тэгээд хүмүүс шуугилдаж, шүглийн дуу тасхийсэн танхимд орчихсон. Зурагтаар гардаг мундаг тамирчид бэлтгэл хийж байхыг харахад сүрдмээр ч нэг л сайхан санагдаж, тэдэн шиг болохыг хүссэн. Тэгэхэд манай багш (гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар) бэлтгэл хийлгэж байсан юм. Багштай уулзаж, “Би энд бэлтгэл хиймээр байна” гэтэл “Маргааш ирээрэй” гэсэн. Маргааш нь иртэл багш намайг заал тойруулж хурд авахуулж баахан гүйлгэсэн. Анхны бэлтгэл ингэж эхэлж байлаа.
-МУИС-ийн оюутан яагаад МУБИС-д орчихсон бэ?
-Эхний үед хичээлийнхээ хажуугаар бэлтгэл хийдэг байлаа. Сүүлдээ бэлтгэлдээ ихэнх цагаа зориулаад хичээлээсээ хоцорчихсон. Тэгээд сургуулиа сольж, МУБИСийн биеийн тамирын багш, дасгалжуулагчийн ангид элссэн. Ирэх хавар төгсөнө.
-Хамгийн ойрын зорилго тань юу вэ?
-Ирэх жилийн ДАШТ-д амжилтаа бататгаж, медалийнхаа өнгийг шаргал болгох зорилго тавиад бэлтгэлээ базааж байна. Дараагийн зорилго бол олимпод амжилттай оролцох. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд илүү амжилт гаргахыг хүсэж байна.
- Хааяа шантрах, хэцүү санагдах үе байдаг уу?
-Эмэгтэй хүнд бөхийн спорт их хүнд шүү дээ. Бэлтгэл хийх үед хэцүү зүйл тулгарна. Гэхдээ том зорилго тавьчихсан болохоор тэр бүхэнд нэг их шантраад байдаггүй. “Бөөр, сав нь доргидоггүй юм уу. Ямар аймаар шиддэг юм бэ” гэдэг л юм. Бид бэлтгэл хийсээр байгаад дасчихдаг ч юм уу, тэр бүхнийг дэвжээ маань зөөллөдөг.
-Бэлтгэлээ эрчимжүүлэх үед ямар ачаалалтай байдаг вэ?
-Нэлээд ачаалалтай шүү. Өдөрт гурван улаа бэлтгэл хийнэ. Би жин нэг их хасдаггүй, гурван кг хасаад л жиндээ орчихдог болохоор бас ч гэж гайгүй. Олон кг жин хасдаг хүмүүс бол хэцүү шүү дээ.
-Ирэх хавар сургуулиа төгсөх юм байна. Төгсөөд мэргэжлээрээ ажиллах уу?
-Багш нар маань “Залуу хүнд боловсрол хэрэгтэй” гэж захидаг. Төгсөөд магистрантурт сурна. Тэгээд өөр зүйлд санаагаа хоёрдуулалгүй бөхийн спортоороо тууштай явна даа.
-Багш чинь хэр хатуу вэ?
-Т.Сүхбаатар багш маань загнах үедээ загнана, магтах үедээ магтана.
Манай багшийн шавь нараас олон гавьяат, дэлхийн аваргын медальтан
төрсөн. ДАШТ-ээс гэхэд О.Бурмаа, Ц.Энхжаргал, Насанбурмаа нар медаль
авсан. ДАШТ-ээс медаль авсан дөрөв дэх шавь нь би. Ийм сайн багшийн шавь
болсондоо баярладаг.
Х.УЯНГА