Монголд ирээд 70 гаруй жил
болохдоо бүжиглэх нь бүү хэл ганц удаа бүтэн эргэхийн тулд Амгалан
өртөөний гурвалжинд хүрч, сэлгээний баригад ажиллуулан, ажил уддаг
байсан галт тэрэгний зүтгүүр өчигдөр дугуй тайзанд заларч, хөгжмийн
аясаар өлмий дээрээ вальс эргэлээ. Энэхүү содон үйл явдлыг сонирхохоор
УИХ-ын гишүүн Р.Раш, Улаанбаатар төмөр замын удирдлагууд, зүтгүүрийн
дипогийн хамт олон цугларсан байв.
Зүтгүүрийн депогийн цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны “Ганжигүүр”
хамтлаг “Ган зам”, “Аяны II марш” зэрэг аязыг үлээвэр найрал хөгжмөөр
уянгалуулах нэг минут 20 секунтэд багтаж, галт тэрэгний зүтгүүр 180
градус эргэлээ. Энэ үзүүлбэр зөвхөн жишээ гэнэ. Тухайлбал, Энхтайвны
гүүрний баруун талд байрлуулсан шинэ тайзны тусламжтайгаар баруун
солгойгүй 360 градус эргэх чадвартай болжээ. Түүний нууц авьяасыг нээсэн
40.5 тонн жин, 200 тоннын даацтай 250 метрийн радиус бүхий төмөр тайзыг
монгол инженерүүд бүтээсэн гэхээр бахархалтай.
“Зэлмэ” ХХК-ийн захирал Ц.Хадбаатар “Бугантын төмрийн үйлдвэртэй
хамтран 18 монгол инженер 52 хоногт багтааж, энэхүү төхөөрөмжийг
ашиглалтад орууллаа. Би өөрөө төмөр замд ажиллаж байсан болохоор Орос,
Хятад зэрэг орны ийм төхөөрөмжийг харсан. Бидний бүтээл гадна талаараа
битүү хүрээтэй гэдгээрээ бусад орныхоос онцлогтой. Битүү болгосноор
өнгө үзэмжтэй харагдахаас гадна хөдөлмөрийн аюулгүй орчныг бүрдүүлж буй
юм. Цаашид ийм төхөөрөмжийг Сэлэнгэ, Замын-Үүдэд байрлуулбал зохимжтой
санагддаг” гэв.
Улаанбаатар зүтгүүрийн дипогийн дарга Н.Хуяг-Эрдэнэ “Уг төхөөрөмжийг
бүтээснээр жилд 30 зүтгүүр эргүүлэхэд шаардагдах ажилчдын цалин, дизель
түлшний зардал, хос дугуйны элэгдэл гээд нийт 217 сая төгрөг хэмнэх
боломжтой боллоо. Нэг үгээр хэлбэл, бүтээхдээ зарцуулсан 450 сая
төгрөгөө хоёр жил гаруй хугацаанд төлчихнө” хэмээн ярилаа.
Эргэлтийн төхөөрөмжгүй үед илчит тэрэгний нэг талын дугуй хавар, намрын
улиралд амархан элэгддэг юм байна. Дугуйны үнэ өндөр учир нөгөө талыг
нь зорох төхөөрөмжөөр аргалж өнөөдрийг хүргэсэн гэнэ.
Гүйцэтгэгч компани 150 тоннын төхөөрөмж суурилуулах даалгавар авсан ч
зардлынх нь хэмжээнд багтааж 200 тоннын даацтай болгосон байна. Ирэх
хавраас төмөр замын хамт олон энэ байгууламжийнхаа ойр орчмыг ногоон
төглөөр чимэглэх төлөвлөгөөтэй байгаа аж. Монгол хүн хийх гэж зоривол
юуг ч хийж чаддагийн нэг жишээг “Зэлмэ” ХХК, Бугатын төмөрийн
үйлдвэрийн хамтын бүтээл баталлаа.