Бичлэгийн тоо 3,329
Мэргэжлийн
сүмогийн “Тацүнами” галын нэгдсэн бэлтгэл дээр хэт хатуу ширүүн
барилдсан хэмээн озэки Харүмафүжиг шүүмжилж байна. Харүмафүжи тонгорох,
шидэх зэрэг мэхээр өрсөлдөгчдөө ялж байсан нь Томозүна оякатад
таалагдсангүй.
Томозүна ояката “Өөрөөсөө цол бага бөхчүүлийг дэглэж байгаа юм шиг унагаад байх нь сайн зүйл биш. Хамаг чадлаараа бэлтгэл хийх нь зөв ч Харүмафүжи буруу юм хийж байна. Залуу бөхчүүд дараа нь түүнтэй хамт бэлтгэл хийхээс айдаг болно шүү дээ” хэмээн сэтгүүлчдэд ярьсан ояката бэлтгэлийн үеэр “Харүмафүжи өөрийнхөө төлөө л бэлтгэл хийгээд байна. Залууст юм зааж өгөөч” хэмээн хашгирч байлаа. Гэвч Харүмафүжи анхааруулгыг сонсоогүй мэт барилдсаар бэлтгэлийг 21 ялалт, долоон ялагдалтай дуусгасан байна.
Томозүна ояката “Ёкозүна болоход зан ааш, сэтгэл санаа дутагдаж байна” гэж шүүмжилснээр есдүгээр сарын тэмцээнд ёкозүна болохоор бэлтгэж байгаа Харүмафүжид нэгэн шинэ дайсан гарч ирэв бололтой. Харин Харүмафүжи дээд зиндаанд хоёр дахь хөнгөн жинтэй буюу 128-хан кг жинтэй тул “Биеэр жижиг болохоор түлхэлцэж барилдах хэцүү” хэмээн өөрийгөө хамгаалсан бол багш нь болох Исэгахама ояката “Манай дэвжээ өөрсдийн бэлтгэл хийх арга барилтай. Бусдад хамаагүй” хэмээн шавиа өмгөөлжээ.