Өсвөр үеийн чөлөөт бөхийн ДАШТ-нээс Ц.Намуунцэцэг мөнгөн медаль, Б.Нямгэрэл хүрэл медаль хүртэв.
Уншсан 6949 vote 0 2011.08.26 14:25:03
Өчигдөр Унгар улсын Зомбаттелли хотод болж байгаа өсвөр үеийн чөлөөт
бөхийн ДАШТ-ний охидын 38, 43, 49, 56, 65 кг-ийн жингүүдийн барилдаан
боллоо. 38 кг-ийн жинд барилдсан БТДуС-ийн сурагч Цогт-Очирын
Намуунцэцэг нэгдүгээр тойрогт казакстаны бөх С.Анкичеваг 1:4, 5:1, 3:3
онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд украиний бөх
Ирина Черкасыг 9:1, 3:1, 3:3 онооны харьцаагаар дийлж алтан медалийн
төлөө барилдаанд оросын бөх Н.Соколовад 1:2, 1:4 онооны харьцаагаар
ялагдан мөнгөн медаль хүртлээ.
65 кг-ийн жинд барилдсан Орхон аймгийн Бүрнээбаатарын Нямгэрэл нэгдүгээр тойрогт канадын бөх Эмиль Крааныг 1:0, 2:0 онооны харьцаагаар ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд японы бөх Ю Фуруичид 0:5, 1:1 онооны харьцаагаар дийлдэж азербайжаны бөх Ранета Гурбанзадаг 1:4, 3:0, 2:0 онооны харьцаагаар ялж хүрэл хүрэл медаль авлаа.
43 кг-ийн жинд барилдсан Сонгино-Хайрхан дүүргийн бөх Л.Ундрам нэгдүгээр тойрогт АНУ-ын бөх И.Рекирад 1:2, 1:1 онооны харьцаагаар ялагдан 9 дүгээр байр, 49 кг-ийн жинд барилдсан Энхбаатарын Солонго нэгдүгээр тойрогт азержайжаны бөх Шафар Мурадзадад 0:6, 0:7 онооны харьцаагаар ялагдан 20 дугаар байр, 56 кг-ийн жинд барилдсан БТДуС-ийн сурагч Э.Цэрэнлхам нэгдүгээр тойрогт норвегийн бөх С.Сторед 3:0, 0:3, 1:3 онооны харьцаагаар ялагдан 8 дугаар байрт оржээ.
Өсвөр үеийн ДАШТ-ний дүн
Эмэгтэй
38 кг :1. Надежда Соколова (ОХУ) 2. Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол) 3. Сахива Алакварова (Азербайжан) 3. Светлана Анкичева (Казакстан)
43 кг :1. Мария Коцарёва (ОХУ) 2. Илона Сетков (Украин) 3. Вероника Элизабета Сикова (Польш) 3. Рина Окуно (Япон)
49 кг:1. Ю Мияхара (Япон) 2. Лилия Леорда (Молдав) 3. Ассинта Персико (Итали) 3. Анжелка Ветошкина (ОХУ) 56 кг:1. Ю Сакано (Япон) 2. Лоожа Дханда (Энэтхэг) 3. Татьяна Кит (Украин) 3. Екатерина Мягкова (ОХУ)
65 кг:1. Ю Фуруичи (Япон) 2. Наталья Мазур (Украин) 3. Бүрнээбаатарын Нямгэрэл (Монгол) 3. Екатерина Балданова (ОХУ)
Өнөөдөр охидын 40, 46, 52, 60, 70 кг-ийн жингүүдийн барилдаан болно, бүх жинд нь манай бөхчүүд барилдана. Чөлөөт бөхийн өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999 онуудад 17 удаа, охидуудынх 1988-1999 онуудад 4 удаа болж байгаад завсарлаад энэ оноос жил бүр болж байх юм.
Жич: Өсвөр үеийн ДАШТ-нд Орсоогийн Эрдэнэцогт 1993 онд ХБНГУ-ын Дуйсбург хотод 60 килограммын жинд алтан медаль, Д.Эрдэнэтулга 1998 онд Англи улсын Манчестер хотод 69 килограммын жинд мөнгөн медаль хүртэж байжээ. Энэ онд болсон өсвөр үеийн ДАШТ-нээс манай бокс, жудогийн хөвгүүд, охид медаль авч чадаагүй бол чөлөөт бөхийн тамирчид өнөөдрийн байдлаар тус бүр 1 мөнгө, хүрэл медаль хүртээд байна.