А.Сүхбат: Энэ жил би зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг амлана
Уншсан 7373 vote 0 2011.07.04 10:17:14Өнгөрсөн бямба гаригт УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд М.Энхболд Төв аймгийнхаа бөхчүүд, уяачдын галаар орж, наадмын бэлтгэлтэй нь танилцсан юм. Түүнийг Төв аймгийн харьяат бизнесменүүд, Д.Чойжамц хамбатан, мөн ардын жүжигчин А.Долгор нарын нутгийнхан нь дагалдлаа. 20 шахам хүнд “жийп”-ний цуваа бүхий эл зочдын гол зорилго нь нутгийнхаа хүчтэнүүд, уяачдад урам зориг нэмж, сэтгэлийн дэм өгөхөд оршдог болохыг анзаарлаа. Дашрамд дурдахад Төв аймагт зун цаг жинхэнэ дэлгэрчээ. Сонгинын амралтад Ж.Мөнхбат аварга аймаг, сумын цолтой 10 хүрэхгүй бөхчүүдтэй бэлтгэлд гарсан байна. Аварга хэзээний марзагнасан хэвээр.
Ярианы далимд А.Сүхбат аваргыг “Зодгоо тайлбал тайлсан шиг тайлчихгүй гээд эвлэгхэн “хийчихэж” байгаа харагдсан. Ер нь манай аймаг аваргагүй болчихсон учир залуу бөхчүүдэд дэм алга хэмээн бас бяцхан гомдоллох аж. Өсөх идэр начин Отгонбаярт ихээхэн найдлага тавьж байгаагаа өвгөн аварга ярьж сууна. Богд уулын баруун аманд хүрэхэд А.Сүхбат аварга нутгийн түшээ, шадар сайдыг эдлэнгийнхээ гадна угтлаа. Жинхэнэ диваажингийн орон л ийм байх болов уу. Энэ хавийг янзтай тохижуулжээ. А.Сүхбат аваргын галд ч ялгаагүй, түүний гарын шавь Ө.Даваабаатар харцагаас гадна аймгийн цолтой таван бөх л бэлтгэл хийж байх юм. Даваабаатарын бэлтгэл янзтай гэдгийг даян аварга онцлоод Увс аймгийн арслан П.Бүрэнтөгсийг нутгийнхаа галыг бараадаад “зугтсанд” нь гоморхож байгаагаа Шадар сайдад ховлохоо мартсангүй ээ.
Тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, О.Балжинням аварга нарын нэрийг заан гомдлоо хаяглаад “Энэ жил зодоглож гурвын даваанд О.Балжинням аваргыг эрэмбээрээ амладаг юм бил үү” хэмээн хошигнож байна билээ. Тэднийхээс нэг амны цаана Төв аймгийн бөхчүүдийн цөм нь (40 гаруй бөх энд байна) Улсын арслан Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир нарын хамт төвхнөн бэлтгэлээ чамбай базаах аж. Аймгийн арслан Батмөнх тун сайн байгаа гэнэ. Үнэхээр ч Шадар сайдад зориулсан бэсрэг барилдаанд тэр залуу арслан түрүүлнэ билээ. Үдээс хойш манлай уяач Сандуйжав, Онон нарын уяа шузгаар орсон Шадар сайд М.Энхболд аймгийнхныхаа бэлтгэл сайн байгаад баяртай байгаагаа илэрхийлж, сайхан наадаж нутаг олон, монгол зоноо баярлуулахыг тэдэнд ерөөгөөд Улаанбаатарыг зорьсон бөлгөө.