МАРАФОНЧ Б.СЭР-ОД “Лондон-2012” олимпийн хамгийн анхны эрхийг “Лондоны марафон”-оос хүртлээ
Уншсан 5751 vote 0 2011.04.18 11:17:51“Лондон-2012”
олимпийн эрх олгох босго жил хамгийн анхны олимпийн эрхийг манайхаас
марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од эх орондоо авчирлаа. Олон
улсын хөнгөн атлетикийн холбоо (IAAF)-ноос баталсан болзол ёсоор
олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүд дөрөвдүгээр сарын 1-нээс албан
ёсоор “хаалга”-аа нээж, олон орны марафончид шандас сорих аяндаа мордсон
билээ.
“IAAF Golden Label” буюу нийт 17 марафон уралдаанд “айргийн арав”-т шалгарвал “Лондон-2012”-т оролцох эрхийн бичгээ өвөртлөх хатуу журамтай ажээ. Мөн энэ зуны наймдугаар сарын сүүлчээр БНСУын Дэгү хотноо “хөшгөө нээх” ДАШТ-ий эхний 20-д барианд орсон гүйгч бас дээрх эрхэм болзлыг хангах учиртай байлаа. Гэвч “Афин-2004”, “Бээжин-2008” олимпод хоёронтаа хурд сорьсон ГовьАлтайн хөвүүн амжилтаа ахиулан ахиулсаар энэ удаа бүр эхний оролдлогоороо шууд “А” зэрэглэлийн эрхийг Кени, Бразил, Этиоп, Марокко, ОХУ, Австралийн тамирчдын хамт гуйж биш гуядаж авсан нь бахархалтай.
“Хүч” спорт хорооны тамирчин, 30 настай Б.Сэр-Од энэ удаа 2 цаг 11 минут, 35 секунд хурдалж, (Өмнөх рекорд нь 2.12,46) улсынхаа дээд амжилтыг шинэчилж, Африкийн “хүн хар гөрөөс”-нүүдээс монгол гүйгч огт дутахгүй гэдгийг дэлхийд нотлон харууллаа. Ийнхүү “Лондон-2012” олимпийн эрхийн үүд дөрөв дүгээр сарын 17-нд нээгдэн, манай бу сад төрлийнхөн энэ замаар гал цогтой урагшилж, өнөр бүлээрээ олимпийн наадмыг зорих болтугай. “Бээжин-2008”-ын өмнөх “Good Luck” олон улсын сорилт тэмцээнд зовхи нь өөдөө Сэр-Од хамгийн түрүүнд “Шувууны үүр” цэнгэлдэхэд цойлон барианд орж, алтан медалиар энгэрээ мялаан, Монголын олимпийн алтан замыг зассан бол энэ удаа ч Лондоны замаас нь “Лондон-2012” олимпод уралдах хамгийн анхны эрхийн бичгийг эх орондоо авчирч буй нь туйлын билэг дэмбэрэлтэй.
ЭРЭГТЭЙ
1.Эммануэль Мутай (Кени) 2:04.40
2.Мартин Лел (Кени) 2:05.45
3.Патрик Макау (Кени) 2:05.45
4.Марлисон Гомес дос Сантос (Бразил) 2:06.34
5.Цегае Кебеде (Этиоф) 2:07.48
6.Жавад Гариб (Марокко) 2:08.26
7.Абдеррахим Бурамдане (Марокко) 2:08.42
8.Дмитрий Сафронов (ОХУ) 2:09.35
9.Бат-Очирын Сэр-Од (Монгол) 2:11.35
10.Майк Шелли (Австрали) 2:11.38
ЭМЭГТЭЙ
1.Мари Кейтани (Кени) 2:19.19
2.Лилия Шобухова (ОХУ) 2:20.15
3.Эдна Киплагат (Кени) 2:20.46
4.Безунеш Бекеле (Этиоф) 2:23.42
5.Ацеде Байса (Этиоф) 2:23.50
6.Юкико Акаба (Япон) 2:24.09
7.Ирина Микитенко (Герман) 2:24.24
8.Жессика Аугусто (Португал) 2:24.33
9.Аберу Кебеде (Кени) 2:24.34
10.Мария Коновалова (ОХУ) 2:25.18