Байгаль
орчин аялал жуулчлалын яамныхан өнгөрсөн онд хийсэн ажлаа олон нийтэд
тайлагналаа. Тус яам өнгөрсөн жилийг “Ойн менежментийг боловсронгуй
болгох жил” -ээр зарлаж хэд хэдэн томоохон ажил хийжээ. Тухайлбал, ойн
хөнөөлт хортон шавьжтай тэмцэн, “Ой хээрийн түймрээс учирсан хохирлыг
тооцох журам” баталж, улсын хэмжээнд 1.7 сая мод тарьсан аж. Мөн хууль
бусаар мод бэлтгэх явдлыг өмнөх жилүүдээс 62 хувиар бууруулж чадсан
гэнэ.
Түүнчлэн өнгөрсөн жилээс тус яамныхан тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр дэх газар ашиглалтыг цэгцлэх ажлын эхлэлийг тавьжээ. Энэ ажлынхаа хүрээнд салбарын сайдын тушаалаар 71 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, энэ ажлаа 2012 он хүртэл үргэлжлүүлэх юм байна. Байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг Улсын мөрдөн байцаах газартай хамтран байгуулж улмаар Дорнод, Замын-Үүд, Ховд, Өмнөговьд бүс нутгийн оношлогооны төв байгуулах ажлыг эхлүүлжээ.
Харин энэ оныг тус яамнаас “Усны жил” болгон зарласнаа дуулгав. Энэ талаар БОАЖ-ын сайд Л.Гансүхээс тодруулахад “Бид урьдчилсан бэлтгэлээ базааж, төлөвл өгөө гарган УИХ-аар батлуулсан. Усны салбарыг өөрчилж шинэчлэл хийнэ.
Усны нормативыг тогтоосноор ус хэрэглэдэг томоохон компаниуд төлбөрөө төлдөггүй асуудалд хяналт тавьж, ашиглалтыг газар дээр нь зохион байгуулна. Уул уурхайн чиглэлээр ашиглаад нөхөн сэргээлт хийгээгүй 15 аймгийн 56 сумын нутагт 566 газар үлдсэн байна. Үүний эзэн холбогдогчийг олж хариуцлага тооцно. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд анхаарахаас гадна тэднийг цэвэр, бохир усны шугамд холбовол усыг зөв ашиглах бололцоотой.
Мөн Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг шинээр батлахаар төсөл боловсруулж байна” гэв.
Мөн “Усны жил”-ийн хүрээнд Говь-Алтай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Баян-Өлгий, Булган, Баянхонгор, Говьсүмбэр аймагт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахаар болжээ.