Хятад иргэд мах их хэмжээгээр бэлтгэж, хилээр гаргахыг завдсан асуудал сүүлийн үед дуулдах болсон. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ч энэ төрлийн хэрэг нэг биш удаа гарч цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “Шим” архины үйлдвэрийн дэргэд хятадууд их хэмжээний мах авч шулж байжээ.
Энэ сарын 13-ны 00.30 цагт “Дэн Атар говь ноолуур” ХХК-ийн хашааг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг 28 настай Э нь БНХАУын иргэдтэй хамтран хууль бус үйл ажиллагаа эрхэлж байсан гэнэ. Цагдаагийнхан шалгахад тэд ямар ч зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүй ямааны 20 тн мах жижиглэн шуудайлсан байжээ. Хураасан махыг битүүмжлэн, хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах МТ шатахуун түгээх станцын дэргэдэх гараашд их хэмжээний мах буулгаж байсныг иргэдийн мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн ажилтнууд шалгахад “Норд Бенц” маркийн 46-85 УНЦ дугаартай машинаас тус хороонд оршин суудаг А, Э нар хонь, ямааны мах их хэмжээгээр зөөж байжээ. Тэд цагдаагийнханд “Говь-Алтай аймгийн Цээл сумаас ямааны 360, хонины 218 гулууз авсан” гэж тайлбарлажээ.
Түүнээс гадна “Барс” захын урд хятадууд их хэмжээний мах бэлтгэж байсныг шалгахад “Хун иргэн” ХХК-ийн байрыг түрээслэгч БНХАУ-ын иргэн Шү Рун гарал үүслийн гэрчилгээгүй, 528 ширхэг гулууз мах жижиглэн, 50 кг-ын шуудайд савлаж байсан аж. “Хятадууд мах их хэмжээгээр авч байгаа нь махны зах зээлээс ашиг олох гэж байгаа хэлбэр” гэж цагдаа, тагнуулын байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Тэд махны үнэ унадаг энэ үед их хэмжээгээр нөөцлөхөөр бөөн бөөнөөр нь авч байгаа аж. Улмаар Монголд мах их хэмжээгээр хадгалах зоорь, хөргөгч хомс учир Вьетнам руу гаргах нэрээр БНХАУ-ын Эрээн зэрэг Монголтой ойрхон хотуудын агуулахад хадгалахаар зэхэж байсан гэнэ. Хавар мах үнэд ороход хятадууд хил гаалийнхантай тохиролцох юм уу, ямар нэгэн байдлаар буцааж Монгол руу оруулан худалдаж ашиг олохоор төлөвлөж байсан аж.
Хятадууд сүүлийн 7-8 жил манай улсын махны үнийг барьж, үнэ нэмэх, буурахад нөлөөлж байгаа гэнэ. Түүгээр зогсохгүй зарим тохиолдолд монгол малын махыг БНХАУ-д үржүүлсэн хонь, ямааны мах нэрээр бусад орон руу ч нийлүүлж болзошгүй гэсэн мэдээлэл байна. Тиймээс монголчууд малынхаа махыг өөрсдөө дэлхийн зах зээлд нийлүүлэх бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэж эх сурвалж нэмж хэлсэн юм.