МОНГОЛ УЛС, БНСУ-ЫН ГХЯ-ДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
|
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг |
Монгол, Солонгосын ГХЯ-дын консулын V зөвлөлдөх уулзалт өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, БНСУ-ын Гадаад Хэрэг, Худалдааны Яамны Консулын газрын захирал Пэг Жү Хён нар албан ёсны хэлэлцээ хийв. Төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх О.Оч, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нар хүлээн авч уулзав.
Манай тал өмнөх уулзалтаар тохирсон асуудлуудын хэрэгжилт, консулын харилцааны салбарт байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг үе шаттайгаар хөнгөвчлөх, иргэдийн эрх ашгийг харилцан хамгаалах асуудал зэрэг багц асуудлаар байр сууриа илэрхийлж тодорхой зарим санал тавьж ярилцав.
Солонгосын тал Монгол Улсад байгаа солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалах, солонгос иргэдтэй гэр бүл болсон монгол иргэдийг мэдээллээр хангах, Солонгост суралцаж буй монгол оюутанд холбогдох өмнөх шатны боловсролын гэрчилгээнд хяналт тавих, агаарын хэлэлцээрийг шинэчлэх, Монголд суугаа солонгос иргэдийн визний хугацааг сунгах зэрэг асуудлыг хөндөж, харилцан ярилцав.
Монгол, Солонгосын харилцаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны Түншлэл”-ийн зарчмын дагуу амжилттай хөгжиж, иргэд харилцан зорчих явдал жилээс жилд нэмэгдэж, хоёр орны консулын салбарын хамтын ажиллагаа ч өргөжиж, консулын зөвлөлдөх уулзалт тогтмолжин иргэдийн эрх ашгийг хамгаалахад үр дүнд хүрч байгааг хоёр тал харилцан тэмдэглэв.
Манай тал консулын харилцаа, иргэдийн харилцан зорчих нөхцлийг сайжруулах ажлын хүрээнд зарим шинэлэг ажлыг шат дараатай тохиролцож, хэрэгжүүлэх санал тавив. Тухайлбал: БНСУ-д 4-өөс дээш удаа зорчиж, визгүй зорчих болсон иргэдэд мөн 90 хоног зорчих эрх олгох, хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн удирдлага, Солонгосын монгол судлаач, Монголын солонгос судлаач нарт нэг жилийн олон удаагийн виз олгох, холимог гэр бүлийн эцэг, эх нарт олон удаагийн урт хугацааны виз харилцан адил байх нөхцлөөр олгох, тэдгээрийн виз авах нөхцлийг хялбарчлах, хил дээрээс ямар нэг бодит шалтгаанаас үүдэн холбогдох иргэнийг буцаах тохиолдолд аль аль талын Цагаачлалын Албаны зүгээс тус тусын орны ЭСЯ-нд тухайн иргэнийг буцаасан үндэслэлийн хамт бичгээр мэдэгдэж байх, БНСУ-д хууль бусаар оршин суугаа монгол иргэдийг нэг удаа визжүүлэх асуудлыг зохион байгуулах, солонгосын шоронд ял эдэлж байгаа иргэдийг шилжүүлэн авах, БНСУ-д сураггүй болсон иргэдийг эрэн сурвалжлахад дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар дахь БНСУ-ын ЭСЯ манай иргэдэд виз олгох хугацаа 14 хоног байгааг дурдаж, цаашид эмчилгээ, гачигдал зэрэг хүндэтгэх шалтгаанаар явж буй иргэдийн визийг олгох хугацааг богиносгох, нэмэлт олон төрлийн материал шаардаж байгааг цэгцлэх шаардлагатай байгаа талаар ярилцав. Солонгосын тал виз олгох хугацааг багасгах, бүрдүүлэх материалын тоог цөөлөх талаар энэ жилдээ багтаж тодорхой арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Мэдээллийн эх сурвалж à http://www.mfat.gov.mn