Moderator: mgl_300
Сайн байна уу? Би сар гаруйхны дараа хорвоод мэндэлнэ. Хүн төрлийг
олоод наймхан сар өнгөрч байгаа ч надад гарцаагүй хэлэх үг байна. Удаан
тэвчсний эцэст хүн төрөлхтөнд, тэр тусмаа залуу ээжүүдэд хандаж
хашгирмаар байна би.
Тамхичин ээжүүдтэй дайн зарламаар байна.
Тэвчихгүй нь ээ, бүтэн найман сар тэслээ. Намайг нүүрээрээ дүүрэн
батгатай, уушги ч гэлтгүй бүх эд, эрхтэн минь авах юмгүй болтлоо
өвчилсөн байвал битгий гайхаарай ээжээ. Энэ таны хийсэн хэрэг. Би танд
“Ээжээ тамхи битгий татаач, надад агаар хэрэгтэй байна” гэж хэчнээн
хашгирч, тийчлээд ч та тоогоогүй. Аав “Тамхи хүүхдэд муу, миний хань
битгий тат” гэж хэчнээн гуйгаад ч та зогсоогоогүй. Нэг удаа бүр нэг дор
угсруулан гурван тамхи татсан. Түүнийгээ сэтгэл санаа тавгүйрхээд гэж
тайлбарлаж байсныг чинь би санаж байна, ээжээ. Таныг тамхи татах
тоолонд амьсгал минь боогдож, арайхийн нээгдэх нүд минь аргаж, хоолой
хорсон амь тэмцдэг. Татах бүрт чинь олон мянган эс минь үхэж, өдрөөс
өдөрт жин хасагдаж, биеийн хөгжил минь удааширч, хөдөлгөөн баригдмал
болох болсон. Эхийнхээ хэвлийд бойжиж байх найм дахь сард би унтаж
амарч, эрхтэн болоод бусад эд эсээ төлжүүлэх ёстой боловч тамхины
утаанаас болоод би унтаж чадахгүй нь ээ. Хэвлийд байгаа үрд эхийн
хэрэглэж буй хорт бодис шууд нөлөөлдөг гэдгийг миний ээж мэдрэхгүй
байхад бусад нь ч аргагүй биз дээ. Уг нь эх хүн л хэвлийдээ бүрэлдэж
байгаа үрээ хайрлаж, муу муухай бүхнээс харамлаж, халхалмаар юм. Ээж
минь саяхан тамхины хор хөнөөлийн талаар сонины мэдээ уншихаар нь
“Ашгүй тамхи татахаа болих нь уу” гэтэл тэгсэнгүй. Эхний хоёр хоног
өдөрт татах тамхиныхаа тоог багасгаснаас биш өөр өөрчлөлт орсонгүй.
Одоо би танд эргүүлээд бичиж өгье. Жирэмсний явцад тамхи татах нь
хүүхдийг илүү болоод дутуу хуруутай төрөх эрсдэлийг хоёр дахин нэмдэг.
Сүүлийн жилүүдэд гаж төрөлт ихэсч, нярайн эндэгдэл өмнө байгаагүйгээр
өсөж, ургийн хөгжил буруу явагдсанаас хорвоод төрөх боломжгүй хүүхдийн
тоо эрс нэмэгдлээ. Энэ нь жирэмсэн үед архи, тамхи хэрэглсэнээс
үүдэлтэй биологийн өөрчлөлтүүд болохыг 6,8 сая төрөлтийн баримтад
тулгуурлан гаргасан нотолсон байна. Жирэмсэн эх өдөрт 10-12 ширхэг
тамхи татдаг байхад л энэ эрсдэл 29 хувиар нэмэгддэг. Мөн төрөлхийн
хорт хавдартай, зүрх, уушгины гажигтай хүүхдийн тоо ч эрс нэмэгдээд
байна. Эмэгтэйчүүд тэр дундаа залуу бүсгүйчүүд ирээдүйн үрийнхээ төлөө
тамхи гээч хорыг хаях нь зүйтэй. Яг ингэж бичсэн байсан. Та санаж байна
уу. Энэ тухай тамхичин ээжүүд ч мэдэж аваасай. Бид аав, ээждээ аз
баргал баяр баясал нэмэх гэж хорвоод хүн болохоор тэмцэж ядаж байгаа
шүү дээ. Биднийг хүн болж хорвоод мэндлэхэд туслаач, ээж нараа.
Над шиг болсон мянга мянган хүүхэд ээжийнхээ хэвлийд бүрэлдэж байгаа.
Бас бүрэлдэх гэж байгаа. Тиймээс л би ингэж хашгирч байна.
Манай
улсын хүн амын 45 хувь нь тамхичин гэсэн. Түүнээс эрэгтэйчүүдийн 65
хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь тамхи татдаг. Тэр дундаа 18-35 насны
эмэгтэйчүүд тамхийг идэвхитэй татдаг гэсэн судалгааг АДРА Олон улсын
байгууллагаас гаргажээ. Гэхдээ энэ тоонд нэг л итгэхгүй нь. Энэ бол
зүгээр л цаасан дээрх тоо. Судалгаанд хамрагдаагүй олон мянган тамхичин
ээж байгаа. Судалгаа гэдэг тодорхой хүмүүсийг хамруулсан эрдэм
шинжилгээний ажил шүү дээ. Бодит байдал дээр дээрх тоо хэд дахин их
байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Үүний хамгийн том нотолгоо нь тамхины
хор уршгаас болж дэлхий дээр өдөрт дөрвөн сая, секундэд найман хүн амь
насаа алддаг гэсэн судалгаа байна. Тэдний тоонд ээжийнхээ зөөлөн гарыг
мэдэрч, ангир уургийг нь шимж амжаагүй биднийгээ битгий оруулаач. Ээжээ
та намайг юм ярьж чаддаггүй гэж бодож байна уу. Биднийг загас шиг
амнаасаа бөмбөлөг гарган ярьдгийг 2003 онд АНУ-ын эрдэмтэд баталсан юм
шүү. Нэг жижиг бөмбөлөг “Аюултай!, ээжээ надад агаар дутагдаж
байна”.Хоёр жижиг бөмбөлөг “Илүү гэрэл гэгээ хэрэгтэй байна”. Гурван
жижиг бөмбөлөг – “Аймшигтай дуу чимээгээ зогсоогооч!” Нэг том бөмбөлөг,
“Унтмаар байна, ээж ээ, хэвтээч” Хоёр том бөмбөлөг – “Өлсөөд байна. Ээж
ээ, юм идэх болсон юм биш үү” Гурван том бөмбөлөг – “Чилээгээ гаргамаар
байна, ээж ээ болгоомжтой байгаараа, би хөлөө жийлээ шүү”... Би маш
олон бөмбөлөг зөвхөн танд хүргэх гэж гаргасаар л байгаа. “Би амьдармаар
байна. Тамхи битгий татаач, ээжээ” гэж гуйх гэж л тэр.
<<НОГООН ЛИНК ДАР>>>