Бичлэгийн тоо 2,391
Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй
Уншсан 2002 vote 0 2009.06.10 19:17:25Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Сангийн яам, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сантай хамтран "Уул уурхай ба байгаль орчин" хэлэлцүүлгийг өчигдөр төрийн ордонд зохион байгууллаа. Тодруулбал, өмнөд говийн уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого стратеги, эрх зүйн орчны талаар мэдээлэл солилцох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, санал авах, зөвлөмж гаргах зорилготой аж.
Хэлэлцүүлгийн эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Д.Идэвхтэн "Уул уурхайн салбар дахь байгаль орчны бодлого" сэдвээр илтгэл тавьсан юм. Харин дараа нь Өмнөд говийн жишээнд тулгуурлан уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх нөхцөлийн талаар хэлэлцүүлэг хийв.
Уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдсан цагаас хойш ойролцоогоор 14 мянга 565 га газрыг эвдрэлд оруулжээ. Үүнээс гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд 1000 гаруй га газар өртсөн тойм судалгааг яамнаас гаргажээ. Түүнчлэн өнгөрөгч он хүртэл 3386.6 га газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн байна. Харин 10 мянган га-д нөхөн сэргээлт хийгдээгүй байгаа аж. Үүнээс улбаалан "Нөхөн сэргээлт яагаад хийгдэхгүй байгаа" талаар хэлэлцүүлэг явуулахад танхимд цугласан мэргэжилтнүүдийн ихэнх нь гар аргаар буюу хууль бусаар ашигт малтмал олборлогчид байгаль орчинд хохирол учруулснаас нөхөн сэргээгдээгүй газрын талбайн хэмжээ нэмэгдсээр байгааг дуу нэгтэй хэлж байв. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан заалтуудын хэрэгжилт хангалтгүй байгаа тухай ч дуулгасан юм.
Энэ үеэр хамгийн анхаарал татсан асуудал бол Өмнөд говийн ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хомсдол болон цөлжилтийн асуудал байв. Гадаргуугийн урсацгүй, агаарын хур тунадас бага унадаг энэ бүс нутгийн ус хангамжийн ганц эх үүсвэр нь газрын хэвлий дэх ус юм. Гэтэл сүүлийн хэдэн жил хур тунадас бага орж нийт нутгийн 90 гаруй хувь нь хуурай, хагас хуурай, хуурайвтар, чийг дутмаг байгаа аж.
Энд нэгэн тоо баримт дэлгэхэд, өнгөрөгч онд 852 гол горхи, 2277 булаг шанд, 1181 нуур тойром ширгэсэн байна. Мөн худгийн усны түвшин доошилж байгаа нь судалгаа хийх явцад ажиглагджээ. Түүнчлэн сүүлийн 40 орчим жилд бэлчээрийн ургац 20-30 хувиар буурсан болох нь нотлогдов. Тиймээс хэлэлцүүлгийн үеэр тус салбарын ажилтнууд говийн бүсэд газар доорх усны нөөц баялаг тодорхой хэмжээгээр байгаа ч чадамжийг нь бүрэн тогтоогоогүй гэдгийг онцолж байсан. Тэгэхээр газар доорх усны нөөц, тэжээлийн горим, авч ашиглах зохистой хэмжээ зэргийг нарийвчилсан хайгуул ажлыг гүйцэтгэж тогтоохгүйгээр Оюутолгой, Тавантолгой, Цагаан суварга зэрэг томоохон ус хэрэглэгчдийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй хэмээн мэдэгдэв.
Мөн говийн бүсэд тулгараад буй "аюулын хэнгэрэг" нь тоосжилт нэмэгдэж, шар шороон шуурганы давтамж ихэссэн явдал юм. Энэ нь ганцхан манай орон төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн байгаль орчны тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс БОАЖЯ-ны хэлтсийн дарга А.Энхбат илтгэлдээ уг асуудлыг нэлээд хөндсөн юм. Тэрбээр "Бэлчээрийн талхлагдал, уул уурхайн үйл ажиллагаа болон хүний нөлөөгөөр үүсч байгаа хөрсний эвдрэл, элэгдэл эрчимжсэний улмаас тоосжилт нэмэгдэж, шар шороон шуургатай өдрийн тоо жилээс жилд нэмэгдэж байна" гэдгийг онцлон хэллээ. Тэр ч бүү хэл Өмнөговь аймгийн баруун таван сумын 3066 өрхийн 11 мянга 702 хүн ам, 132 мянга гаруй малтай хулан нэгэн бэлчээрт идээшилж, задгай уснаас зэрэгцэн ундлах болсныг жишээ татан ярив. Мөн Дорноговь аймгийн хулангийн нөөц 2004 онтой харьцуулахад 27.6 хувиар өссөн байхад хар сүүлт 28.6, аргаль 8.8, янгир 11.9 хувиар тус тус буурчээ. Харин энэ тоон баримтад тулгуурлан мэргэжилтнүүд "Өмнөд говийн бүсүүдэд дэд бүтэц бий болсноор зэрлэг амьтан, ургамлын орчин доройтож, тархац нутаг хумигдан, эзэмшил нутгаасаа дайжих зэргээр биологийн олон янзын гачигдал төдийгүй тухайн бүс нутгийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч байна" хэмээн үзэж БОАЖ-ын яамнаас уг асуудалтай холбоотой зөвлөмж гаргахаар болов.
О.Сэлэнгэ