Санаж байна уу та тэр нэгэн өглөөний цасыг. …
Урьд өмнө нь цас ингэж их инээж байл уу, урьд өмнө нь цас ингэж их энэлэн шаналж байл уу, урьд өмнө нь цас ингэж их эрхлэн жаргаж байл уу.
Тиймээ, тэр нэгэн өдрийн өглөө тэнгэрээс түм түмэн цасан ширхэг буусийм. Тэнхээ мэдэн тэрлэг нь болохоор тэнгэрээс газарт шүхэрлэн буусийм эх нутагтаа.
Амин насаа тэнгэртээ залсан, амьсгал юугаа эх орондоо өргөсөн амьд түүх , баатрууд минь тэр өглөө тэнгэрээс тэнгэрлэг эх орондоо анирлан шингэсийм.
Эрт дээрээс миний өвгөд тэнгэртэй хүүрнэх тэрхэн агшнийг мэддэг байсийм. Цасан будран будран буухдаа, бороон шаагин шаагин дуслахдаа, манан будан буун шүхэрлэх шүүдрийн дуслаар л бодол хүслээ тэнгэртээ илгээх боломж болохыг мэддэг байсийм.
Миний эх оронд яруу найргийн миний муусайн найз нар минь ирлээ, сэрлээ, чууллаа, цочоолоо, ивийллээ, энхрийллээ, хайрлалаа, харамлалаа, дулаацууллаа, итгэлээ, өргөлөө.
Хуран чуулсан нөхөд нь хурайлан хурайлан өр зүрхээ даран байж, үнэн сэтгэлээ нээн нээн нэгдлээ.
Бидний муусайн нөхөддөө билиг оюунаа хөглөн байж, бие сэтгэлээ нээн байж, бэтгэртлээ санасан эх орон, бүрэн эрхэт Монголынхоо тухай, орчлон хорвоо,хөх тэнгэр, хүний сэтгэл, нинжин хайр,хүүхдийн инээд, эрх бяцхан хань байснаа ирэх он жилүүдийн уртад нэгэн биеийнх нь хэсэг болсон нинжин сэтгэлт ижий-эхнэр-бурхадынхаа тухай, эвийлэн хайрлан эвлэн тохинуулах эрхэт хүчит төр нь энэрэн хайрлах эрх сүр нь бусдынх болсон тухай, өнө эртний түүхийг өнөө ирээдийн хүмүүнд илгээсэн баггүй баатарлаг тоглолт, тэмцэл, ялалт нь тэднийх байлаа.
Эх орны минь ширхэг чулуу, эх нутгийн минь сэрүүн хөх салхи, эрчлэн хурдлах туурайн төвөргөөн, алсаас улих агуу том хүн-чоно, айл хотлын даруухан өвгөд, өдөө тэнгэрт дэвсэн өрөвч шонхорын хурц хараа, илбэн илбэх эхийн хайр, энэлэн шаналсан эх нутгийн минь нулимс, элэглэн шоолох энэ биенийхээ талаар эрх чөлөөний дуулал болсон цаг үеийн тухай үнэндээ зүрхэнд анирласан зүйргүй үнэнг зүрхлэн тунхагласан зөрүүд миний муусайн найз нар л зөрж орчлонг донсолгон харанга дэлдлээ.
Миний монгол сэрж байна.
Мөнхийн хөх тэнгэртээ сүүн цацал өргөн, мэлмэрсэн шаргал говь, мяралзсан тунгалаг мөрөн, сүндэрлэн байгаа өндөрлөгүүдээ эзэгнэнхэн төрсөн өнө эртний яруу найраг хэмээх зүрхний бичээсээр яруу тод цохилсоор байнам.
Эх орон, элгэн садан, ширхэг чулуу, дусал ус, удамт монгол түг түг цохилсоор зүрхээ сэтгэлээ итгэлээ илчээ амиа ч бас өргөх амьд түүх баатрууд минь миний муусайн найз нар минь дээ.
Хэн, хэзээ анх монгол хүнийг монгол гэсийн бол, хэдийн ямар үед хэн биднийг монгол бишээ гэх юм бол. Айж байна, шимширч байна. Итгэн сүсэлдэг эх орон минь, ижий аав минь, эвийлэн хайрламаар тэд минь цөөрч байна. Зөрж одох орчлонд нисээд явчихнаа тэд нар минь, зөрүүд муусайн найз нар минь бууриа сахин тордсоор, үлдээсэн өндөгийг нь өгсөн бойжуулж, өдөө гүйцэхээр нь өөд өөд нь өргөн нисгэнэм бус уу.
Тиймээ, миний монгол бидний монгол элэгдэн хорогдон, энэлэн шаналан байлаа ч эвийлэн хайрлах, энэрэн асрахуйд сурган, үгэн ташуураар өргөн дэлхийг уудмыг энэ миний бидний монголыг хурцалхам, хурайлнам.
Үеийн үед эх орныхоо энгэрт нь ассан зүрхэн цэцэг, үр хойчоо дагуулах ангир ижий, аянд мордох хүүдээ амиа амьсгалаа өгсөн үгэн бурхад аяа миний муусайн найз нар минь та нар минь илч ихтэй , цөс ихтэй эрх чөлөөт гал, зүрхэнд бадамласан зул , тэнгэрт ассан од, төөрөхөд туслах алтан гадас билээ …
Эх дэлхийн минь зулай дээр энэ миний Монгол залардгийм. Үүлэнд шүргэсэн өндөрлөгүүдтэй, элэгдэн жаргасан элсэн далайтай, энгүй цэнгэг рашаан устай, цэнгэлийн далай, оюуны билигт хүрсэн, цэнхэртэн харагдах миний эх оронг Бурханы буудалласан буянт нутаг гэдгийм.
Танан цагаан гэрээ тэргүүндээ залсан, төр өрх хоёрыг тоонын баганандаа тулсан, түмэн олноороо наян найман унь шигээ түшүүлсэн, зон олноо цуулбар хана шиг хамгаалдаг тулгат галдаа үзгэн гал, үгэн илчээр өрдсөн тун чиг түүхтэй миний монгол мөнхөд залраг
Мянган мянган жилд миний монголын өргөө гэр тань залраатай байг, өргөн дэлхийгээ тольдон байг, халуун ам бүлээрээ найртай байг, монгол цус нь омогшин байг, халуун илч нь хан тулгандаа бадамлан байг. Ум сайн амгалан болтугай.
olloo.mn-s by p_deegii