Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Сайхан амьдралыг “их мөнгө” гэж ойлгодог байсандаа харамсдаг
• 2008.10.20, 11:39 • Онцлох:, Өнөөдрийн Монгол Энэ мэдээг 518 хүн уншсан. Өнөөдөр, 518 хүн уншаад байна.
-Доромжлол дунд өнгөрүүлсэн гурван жилийг тэрбээр миний гучин жилийн амьдралыг залгисан там хэмээн нэрлэсэн-
Түүнийг С.Нандинцэцэг гэдэг. Гэхдээ тэрбээр энэ нэрийг таван жилийн турш “мартаж” байсан учир хааяа энэ нэрээр нь дуудахад анзааралгүй өнгөрүүлээд байдаг гэсэн. Учир нь одоогоос таван жилийн өмнө ажил хийж, их мөнгө олох гэж Сингапур яваж болоод албан шаардлагын дагуу төрсөн нэрээ өөрчилж, товч болоод тодорхой Сараа гэдэг нэрийг авч. Зүүд шиг л өнгөрсөн гурван жилийг харийн нутагт үдэж, доромжлол, хараал зүхлийг хангалттай эдэлсэн тэрбээр төрсөн нутагтаа ирээд жил гаруй хугацааг үдэж байгаа гэсэн. Ингээд олныг үл нуршин түүний ярилцлагыг хүргэе.
-Чамтай уулзах амаргүй байлаа. Учир нь сургийг чинь гаргасан ч ярилцлага өгөхийг зөвшөөрөхгүй байх гэж эргэлзсээр багагүй цагийг алдлаа?
-Тийм гэж үү. Таныг миний гар утас руу залгахад их гайхсан. Харин яагаад ч юм ярилцахаасаа татгалзмааргүй санагдаад… Гэхдээ би хүнд яриад байхаар сайхан амьдралтай хүн биш шүү дээ. /санаа алдав/
-Сайхан амьдарч байгаа хүн л ярилцлага өгдөг биш шүү дээ. Магадгүй бидний яриа амьдрал мэдэхгүй, хууртаж тэр зүг алхаж байгаа бусад охидод тус болж болох юм шүү дээ?
-Та үнэхээр тэгж бодож байна уу. Яг над шиг, мөнгөтэй л бол сайхан амьдрах юм шиг сэтгэж. Тэгээд зогсохгүй огт танихгүй хүнийг дагаад харийн нутаг руу сэтгэл амар явчихдаг монгол охин одоо бас байгаа гэж та бодож байна уу. Би итгэхгүй байна.
-Яагаад?
-Таван жилийн өмнөх Монгол орон, монгол охид өнөөдрөөс тэс өөр. Таван жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьдаггүй байсан. Тэр бүү хэл цагдаагийнхан ч энэ талаар мэддэггүй шахам байсан гэж би боддог юм. Огт танихгүй хүний паспортыг өөрийнх юм шиг барьчихсан охин учраа мэдэхгүй, хэнээс юу асуух, хилээр гарахад ямар хуудас хэрхэн бөглөдгийг ч мэдэхгүй вагон вагон хэсээд явж байхад анхаардаг хүнгүй байсан, таван жилийн өмнө. Эрээн бүү хэл Дархан ч явж байгаагүй мөртлөө их мөнгө олоод сайхан амьдарч болно гэсэн харийн хүний үгэнд итгээд төрсөн нутгаасаа явж байсан хүн шүү дээ. Тэгээд бас зүгээр явахгүй өөрийн нэрээ өөрчилж, хүний нэр зээлдээд л …Уучлаарай, энэ тухай ярих бүү хэл бодохоор сэтгэл хөндүүрлээд, дээшээ хөөрөөд байдаг юм. Би уг нь их тайван хүүхэд байсан. Харин одоо сайнаас нь түрүүнд мууг нь зөгнөдөг. Бас их хөөрдөг болсон. Өөрийн эрхгүй л уйлах, зугтах гээд л байдаг болсон байна лээ. Биеэ бариад байгаа хэрнээ заримдаа бүх зүйл хяналтаас гарчихаад байх юм.
-Чи таван жилийн өмнө гээд л ярих юм. Ингэхэд одоо хэдэн настай юм бэ?
-Та надад итгэхгүй байх. Гэхдээ би гомдохгүй ээ. Би 23 настай. Харин хүмүүс 30 хүрч байгаа байх гээд байдаг юм.
-Тийм ээ, чи овортой юм. Уучлаарай, ингэж асууж байгааг. Би чиний туулсан амьдралыг давж гарч ирсэн бүсгүйчүүдтэй уулзаж байсан. Яагаад ч юм тэд биеэ их торддог, бас хэлснээс нь залуухан харагддаг байсан. Гэтэл чи эсрэгээрээ…?
-Тийм үү. /санаа алдав/ Нэгэнт би танд ярилцана гэж амалсан юм чинь надад нуух зүйл байхгүй. Тийм ээ, би урд хар тамхины хольцтой тамхи татдаг байсан. Түүнээс үлдсэн хор нүүр биед байх шиг байна аа. Сүүлийн үед нүүрэнд үрчлээ их суугаад байх юм. Ингэж хэллээ гээд энэ ярилцлагыг унших хүмүүс намайг үзэн ядах биз. Харин миний хувьд харийн оронд харанхуй нүхэнд, танихгүй харчуудад доромжлуулж гутаагдаж байхдаа үхчихгүй шиг гарахад минь тусалсан ганц зүйл байсан.
-Ингэхэд чи яагаад монголоос явсан юм. Явахгүй байж болоогүй юм уу?
-Тухайн үед болохгүй юм шиг л санагддаг байсан. Харин дараа нь буруу бодож байснаа мэдсэн. Харамсалтай нь тэр үед даанч дэндүү хожимдсон байсан болохоор уйлаад л тамхи татаад л, архи уудаг байсан. Тэгээд л тухайн үедээ тайвширч, эндээс амьд гардаг л юм бол эх орондоо очоод хаашаа ч гарахгүй гэж тангарагладаг байлаа. Хүний нутагт шаналж, зовж байхад Улаанбаатарын маань шавхайтай гудамж нүдэнд харагдаад өөрийн эрхгүй нулимс сул асгардаг юм билээ.
-Дээр чи хэлэхдээ хуурамч паспортоор хил давсан гэж байсан. Хаанаас хэнээр паспорт гаргуулсан юм?
-Сайн мэдэхгүй байна. Намайг зуучилсан эмэгтэй тэр паспортыг гаргуулж өгсөн. Тэгээд надаас нэг төгрөг ч авахгүй гээд монголынхоо сайхан охидыг их мөнгөтэй сэтгэл тэнэгэр амьдрахыг харах чухал гээд л … Би түүнд нь итгээд л хөл газар хүрэхгүй баярлаад л … үнэхээр тэнэг, бодохоос гол харлаад байдаг юм.
-Чи тэр хүнтэйгээ уулзсан уу. Хэн гэдэг хаана ямар ажил хийдэг хүн байсан бэ?
-Оюунаа гэдэг л байсан. Хаана ямар ажилтайг үнэхээр мэдэхгүй. Намайг манай нэг найзын эгч танилцуулж байсан. Бүх зүйл нүд ирмэхийн зуургүй бүтээд, тэр эгчтэй өдөр болгон уулзаад л явдаг байсан хэрнээ хаана, ямар ажил хийдгийг нь асуух бүү хэл ажил дээр нь очиж байгаагүй тэнэг толгой. Ямартаа л Сингапурт зарагдсанаа мэдээд, Макао руу ачигдах гэж байхдаа тэр эгчтэй холбоо барих гэтэл утас нь надад байхгүй байсан. Монголд байхад тэр эгч л миний гар утас руу залгаж ярьдаг байснаас би түүний гар утас руу нэг ч удаа залгаагүйгээ тэгэхэд мэдсэн. Хамгийн аймаар нь түүний гар утас нь дугаараа нууцалдаг байсныг ч тухайн үедээ нэг их сайхан амьдрал мөрөөдсөн би гэдэг хүн огт анзаараагүй байгаа юм даа. Гэнэт л бүх зүйл орвонгоороо эргээд л агт танихгүй газар, монголоос газарчилж ирсэн хятад хүртэл хаачсан нь мэдэгдэхгүй алга болоод л юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан хятадуудын дунд ороод уйлахаас өөр юу ч чадахгүй …/ уйлав/ Тэр өдрөөс эхлээд л миний амьдрал там болсон. Өдөрт хэчнээн хятадад хүчиндүүлээд байгаагаа ч мэдэхгүй, нус нулимс хий л урсаад л.. Сүүлдээ нөгөө хятадууд чинь намайг зоддог болсон. Харин надад боломж гарвал амиа хорлохсон гэхээс өөр юу ч бодогдохгүй байгаа юм чинь.
-Тэгээд яаж гарсан юм тэндээс?
-Муу хүнийг аз дагадаг юм билээ. 2007 онд миний байсан буудалд цагдаагийн нэгжлэг болсон. Аймаар байсан шүү. Тэндээс маш олон биеэ үнэлэгчдийг, мөн охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэглэлүүдийг барьсан. Тэнд монгол, орос, филиппин, хятад, япон, вьетнам гээд олон охид байсан. Миний аз болоход тэр үеэр Сингапурт хил дамнуулан охид худалдах гэмт хэрэгтэй тэмцэх билүү дээ тиймэрхүү сэдэвтэй олон улсын бага хурал болсон юм билээ. Тэгээд монголчууд тэр хуралд нь очсон байгаад тэдгээр хүмүүс бидэнтэй уулзсан.
-Үнэхээр аз дайрчээ?
-Тийм ээ. Тэр буудлаас баригдсан охидыг нэг казарм шиг газар байлгаж байсан. Огт гаргадаггүй байсан болохоор бид өнгөрлөө. Ингэж байгаад өөр улс руу ачаад л явах байх даа хэмээн ярилцдаг байсан юм. Гэтэл тэр хурлын хүмүүс ирээд л өөр өөрсдийн орны бүсгүйчүүдийг дуудаж уулзаад. Миний ээлж ирэхээр нь би ч үг сүггүй намайг битгий орхиорой гээд л уйлаад гуйсан. Тэгээд л монголдоо ирсэн дээ.
-Монголчууд зовсоны эцэст жаргадаг гэдэг биз дээ. Одоо чиний зовлон дууссан биз ээ. Ингэхэд чи хөл хүнд юм байна?
-Тийм ээ. Одоо таван cap хүрэх гэж байгаа. Би маш их айж, түгшдэг байсан ч жирэмсэн болсондоо баяртай байгаа. Миний хүүгийн аав монгол залуу бий. Бид хоёр танилцаад жил болох гэж байна. Харин би ээж, найз залуу маань аав болох гэж байгаа. Таны хэлсэн үнэн шүү. Хүн зовсон бол жаргах л ёстой. Тэгэхлээр би одоо жаргах байх аа. Та гайхаж байна уу. Нөхөртэй би маш их хайртай. Миний хүүхдийн аав, миний нөхөр чинь манай сургуулийн, бүр бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Тэр маань японд сурч байгаад монголдоо ирсэн. Бид одоо гэр бүл болох гээд л, аав ээж болохдоо бэлтгээд л байж байна. өөрийн дураар биш хүний эрхээр зовж байсан болохоор бурхан надад энэ бэлгийг өгсөн. Би дахиж алдахгүйн тулд хичээж байгаа, насан туршдаа хичээх болно оо.
С.Баяр