Монгол улсын иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан нь эх орныхоо баялагаас хувь хүртэхийг тэсэн ядан хүлээж байсан иргэдийн хүлээлтийг тайлж чадсан хэрэг болсон. Гэвч иргэд хувьцаагаа хэрхэн зарж борлуулах, ногдол ашгаа ямар хэлбэрээр авах, үнэхээр бодит ашгийг иргэд хүртэж чадах уу гэх зэрэг олон асуултын хариуг мөн л хүлээсээр байгаа. Энэ нь 1990-ээд онд гарсан ягаан, цэнхэр тасалбартай холбоотой. Тухайн үед иргэн бүрт хувьцаа олгосон боловч ихэнхи иргэд хувь хүртсэн ч зүйлгүй зарах нь зарж, зарим нь авдрынхаа ёроолд хав дарсаар ид шидийг нь үзэж чадалгүй салхинд хийсгэсэн явдал олон байдаг. Энэ нь ягаан, цэнхэр тасалбарын талаарх мэдээлэл хомс, хөдөөгийн малчны гэрт хүрч үйлчилж чадахгүй байсан нь шууд нөлөөлсөн. Үүнийг нь далимдуулан зарим нөхдүүд хямд үнээр авах, цааш нь дамжуулан зарах зэргээр ёстой л байнд ч үгүй, банзанд ч үгүй гэдэг хэрэг болсон гэсэн үг. Энэ гашуун сургамж иргэдийн толгойноос арчигдахгүй байсаар байгаа нь энэ удаагийн хувьцаанд бодит үр дүн, ашиг байна уу гэх эргэлзээнд хүргэсэн гэж болно.
Тэгвэл одоо иргэн бүрт эзэмшүүлж байгаа хувьцаа хөрөнгийн зах зээлд гарч, иргэд эх орныхоо хишгээр байртай болох боломж бүрдэж байна. Хэдэн жилийн өмнө төрийн албан хаагчдад зориулж дөрвөн мянган орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Зарим иргэд үүнийг эсэргүүцэж “Заавал төрийн албан хаагч гэлгүй хүссэн иргэн болгонд олгох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байсан боловч амжилтад хүрээгүй. Тэгвэл өнөөдөр эх орны хишиг иргэдийг алагчлалгүй байртай болгох нь ээ. Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдахад мөнгө авах нэг хэлбэр нь орон сууцны төлбөр байхаар тусгаж өгсөн. Хэрэв та төрийн албан хаагч, эсвэл хувийн хэвшилд ажилладаг, бүр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хэн байлаа ч гэсэн орон сууцны төлбөрт эх орны хишгээ авах сонирхолтой байгаа бол хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж өгөөд л болох юм. Таны хүсэлтийн дагуу орон сууцны нэг сая төгрөгийн данс нээж өгнө. Тухайлбал зургаан ам бүлтэй айл байлаа гэхэд зургаан сая төгрөгтэй болж түүгээрээ байрныхаа урьдчилгаа төлбөрийг хийж болох юм. Тухайн иргэн орон сууцны зээл авах гэрээ байгуулах ба зээлийн хүү нь зургаан хувь байхаар тогтсон. Гэхдээ зээлийн хүү зах зээлийн эрэлт нийлүүлэлт дээр тогтдог болохоор хүү өөрчлөгдөж найман хувьтай болсон тохиолдолд зөрүү хоёр хувийг нь Засгийн газар төлөх юм. Харин санхүүжилтийг нь Хөгжлийн банкинд төвлөрүүлэх ба орон сууцны санхүүжилтийн корпараци эрэлтийг нь зохион байгуулж, зуучлах үүрэг хүлээх аж. Мөн орон сууцны барилга барьж буй компанитай иргэдийг холбож өгөх, зээлд зуучлах зэрэг асуудлыг ОССК хүлээх бол моргейжийн зээлийг арилжааны банкууд үүсгэхээр болж байгаа юм. Энэ асуудлаар Засгийн газрын тогтоол гарах бөгөөд тогтоол гарсан өдрөөс эхлэн дээрх асуудал хэрэгжиж эхлэх нь ээ.
elgemsvvv mini 1 iim hvnd heregtei medee oruulj baigaachdeee chaaavaaas gej ! baurlalaaa saihan ynshlaa