Moderator: mgl_300

Бидний эмээ 20 хүрээгүй байхдаа анхныхаа хүүхдийг төрүүлж байсан. Харин бидний ээж 20 нас дөнгөж өнгөрөөд л үрийн зулай үнэрлэж байсан. Харин манай үеийн залуу эмэгтэйчүүдийн ихэнх нь 25-аас дээш насандаа ээж болохыг илүүд үздэг болжээ.
Хүүхэд гаргахаа хойшлуулсаар үргүйдэлд хүрч болно
Үе өнгөрөх тусам эмэгтэйчүүд боловсрол олох, албан тушаал ахих, байр сууриа олох зэргээс болоод хүүхэд төрүүлэх насаа улам хойшлуулсаар байна. Ингэж тохиромжтой нөхцөл, цагийг хүлээх нь нэг талаар зөв хэдий ч жирэмслэлтээ хойшлуулах тусам ямар муу үр дагаварт хүрдэг бол?
Өндгөн эсний чадвар, тоо хэмжээ
Эмэгтэй хүний нөхөн үржихүйн чадвар нас ахих тусам буурдаг. Энэ нь өндгөн эсний чанар болон ялгарах тооноос үүддэг. Өндгөн эсний тоо цөөн тохиолдолд зохиомлоор үр тогтоосон ч жирэмслэхгүй байх магадлал өндөр. Үүний дээр эмэгтэй хүн хөгшрөх тусам өндгөн эсэнд хромсомын гажиг үүсэх магадлал өндөрсдөг байна. Учир нь энэ хорвоод мэндэлсэн цагаас хойш өндгөн эсүүд таны биед байсаар байдаг ба нас нэмэх тусам тэд эзэнтэйгээ адилаар хэврэгшдэг ажээ. Харин эрэгтэй хүний бэлгийн бойжилт нь гүйцсэн цагаас эхлээд сперм тасралтгүй үйлдвэрлэгдэж байдаг. Иймээс сперм хөгширч үр тогтоох чадвараа алдана гэсэн ойлголт байдаггүй.
Түүнээс гадна хөгшрөхөд эмэгтэйчүүдийн өвчин хүндрэх, даамжрах тохиолдлууд бий. Мөн урьд нь БЗХӨ, аарцагны үрэвслээр өвчилж байсан бол жирэмслэх чадвар буурах магадлалтай.
Одоо яах ёстой вэ?
Мэдээж танд ямар ч бэлтгэл хангагдаагүй бол эдгээр эрсдлүүдээс айсандаа хүүхэд олоход яарах хэрэггүй. Харин боломжийн нөхцөл бүрдсэн байвал дараа нь гэж хойшлуулахын оронд эртхэн гаргах талаар бодож үзсэн нь дээр гэж зөвлөе.
Та жирэмслэлтээ хойшлуулахаас аргагүй бол ирээдүйд учирч болох үргүйдэл, хромсомын гажигаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Гэвч нэг сайн мэдээг дуулгахад нас ахисан ч эсэн мэнд амаржиж сайхан амьдарч байгаа эхчүүд маш олон бий. Тиймээс дунд эргэм насны бүсгүй та аль хэдийн бие давхар болсон бол эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ сайн сахивал ямар ч асуудалгүй.
Монголын үрс маш олон болтугай.