Гадаа жавар тачигнана. Хүмүүсийн хөл хөдөлгөөн ч ихсээд ирлээ. "За миний хүлээсэн хүмүүс одоо л цуглаж байгаа байх" гэж бодсоор Зуун айлын Барилгын материалын дэлгүүрүүдийн зүг чиглэн явлаа. Ашгүй тэд бүгдээрээ ажилдаа гарцгаачихаж.
Өвлийн хүйтэн зуны халууныг ул ажран өөрийнхөө хүчээр амьдралаа залгуулж яваа хүнтэй уулзаж, яриа өрнүүлэх энгийн агаад сэтгэлд дотно санагддаг. Тэдэнтэй уулзахад утсаар ярьж, цаг тохирох ч шаардлагагүй. Явж очоод зорьж ирснээ уламжлахад л болно. Үнэнийг хэлэхэд Монголд энгийн иргэдээс л улстөржөөгүй, хэн нэгний улыг шагайгаагүй илэн далангүй яриа сонсож чадна. Тэд сонгуульд дэвших гэж худал амлахгүй, хөрөнгөтэй хүн болох гэж жүжиглэхгүй, ихэмсэг гэж хэлэгдэхийн тулд цэмцэгнэхгүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Үр хүүхэд, амьдралынхаа төлөө зүтгэж, хөдөлмөрлөж яваа эгэл хүмүүсийн амьдралаас бидэнд сурах юм их.
Хоорондоо арав орчим алхамын зайтай зогсоцгоон бараг нэг төрлийн бараа зарах хүмүүс Хүүхдийн хоёрын наахна байдаг. Тэднийг харах бүртээ би ямар их тэвчээртэйг нь гайхдаг юм. Учир нь тэд жилийн дөрвөн улиралд энэ байрнаасаа огтхон ч хөдлөхгүй, хөдөлмөрлөсөөр л байдаг. "Ажлаа тасалдаггүй" дуулгавартай ажилчид зөвхөн энд л байдаг юм шиг ээ.
Тэдний нэг нь Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, Барилгачдын 5-204 тоотод амьдрах Т.Хэнмэдэх бүсгүй. Амьдралаа залгуулах гэж жавар тачигнасан өдрүүдийг ч үл хайхран хөдөлмөрлөнө. Тэднийх ам бүл дөрвүүлээ. Нөхөр, хүү, охин хоёртойгоо амьдардаг ажээ. Төв аймгийн харъяат энэ бүсгүй 1997 онд хотын иргэн болсон байна. Арван жилийн сургуулиа төгсөөд хотод орж ирэхдээ л наймаа хийж эхэлжээ. Түүний эрхэлсэн анхны наймаа барилгын материал байсан аж. Гэвч эмэгтэй хүн Эрээнээс цемент, барилгын материал зөөх хэцүү байсан учир хоёр жилийн өмнөөс наймааныхаа төрөлд өөрчлөлт оруулж, ахуйн хэрэглээний бараа, ойр зуурын хувцас зарж эхэлжээ.
Түүний зарж буй бараа цомхон бөгөөд гүйлгээтэй ажээ. Биднийг ярилцаж зогсох зуур гурвыг 1000-д гэх оймсноос дөрвөн хүн худалдан авлаа. Бас гутлын улавч, ноосон өмдний үнийг сонирхох хүмүүс олон байсан юм. Тэрээр гар доорх материал ашиглан лангуу хийсэн байна. Гадил жимсний хоосон хайрцаг давхарлан тавьж хөл хийгээд савхан модыг эгнүүлэн хадаж, дээгүүр нь бүтээлэг бүтээн лангуу болгожээ. Түүн дээрээ бараануудаа эгнүүлэн тавьсан харагдана. Таван ширхэгээр нь гялгар уутанд хийсэн ариун цэврийн цаасыг 1000 төгрөгөөр авах хүн олон байдаг юм байна. Т.Хэнмэдэх "Өө яах вэ.
Миний хийж байгаа бизнес амьдралд минь хүрэлцдэг. Бид дөрөв олсон орлогоороо давгүй амьдарчихна. Хүү Мөнхчингис маань 16 дугаар дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг. Охин Отгонтуяа маань дүүргийн цэцэрлэгт явдаг. Нөхөр маань хааяа надад туслаад хэнээс ч гуйхааргүй сайхан амьдарч байна. Хүүхдүүд маань одоо жаахан байгаа болохоор нэг их мөнгө төгрөг шаардаад байхгүй юм. Хоёр үрийнхээ төлөө нөхөр бид хоёр цаг наргүй зүтгэж байна" хэмээн хуучилсан.
Гэр бүлийн аз жаргалыг тэднээсээ л мэдэрдэг дээ хэмээн инээмсэглэх энэ бүсгүй өчигдрийн хүйтнийг тоосон ч шинжгүй зогсох ажээ. Даарахгүй байна уу гэх миний асуултад тэрээр "Одоо ч бүр дасч орхижээ. Надад хүйтэнд гадаа зогсох асуудал биш болоод удаж байх шиг байна. Өглөө арав гээд бараагаа дэлгэж, орой 17 цагт түрээсийнхээ агуулахад бараагаа хадгалаад охиноо цэцэрлэгээс нь аваад гэртээ харина даа. Cap шинийн бэлтгэл гээд нэлээн завгүй өдрүүд үргэлжилж байна даа" хэмээн ярив. Монголчууд үндэсний уламжлалт баяр Цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн.
Г.Ганбаатарынх залуу гэр бүл ч Цагаан сарыг өргөн тэмдэглэдэг аж. "Манайх энэ жил 1200 бууз хийсэн. Хажуу айлынхан маань, бид дөрөв нэг шөнө суугаад л хийчихсэн. Маргаашнаас гарч тавгийн идээгээ авах санаатай. Бас хүмүүсийн гарыг цайлгах жаал жуухан юм үлдсэн байгаа. Тэрийгээ цуглуулна. Ууцаа аваад тавьчихсан. Битүүний урд өдөр нөхөр маань чанах байх. Харин би тэр өдөр гэр орон, хашаагаа цэвэрлэх ажилтай" гэсэн юм.
Юмны үнэ тэнгэрт хадлаа гэж бухимдацгаах ч монголчууд цагаан сарыг уламжлал болсон тэр л заншлаараа угтахаар дор бүрнээ ийнхүү бэлдэж байна. Тэднийх энэ жил нэгэн зорилт тавьж, түүндээ хүрэхийн тулд зүтгэж байгаа гэнэ. Энэ нь Нарантуул зах дээр лангуу түрээсэлж, өөрийнхөө бизнесийг өргөтгөх аж. Өвлийн хүйтнийг үл ажран зогсох энэ эмэгтэйн зорилго нэг л өдөр биелэх биз ээ.
Харин өчигдөр миний хувьд энэ өвлийн хамгийн хүйтэн өдөртэй таарсан мэт сэтгэгдэл төрж байлаа. Магадгүй өдрийн ихэнхийг гадаа зогсож өнгөрөөсөн болохоор тэгж санагдсан байж ч болох. Гэсэн ч өдөр бүр хүйтэнд зогсдог тэдний хажууд даарч байна гэж хэлэх эрхгүй мэт санагдсан. Тэдний хоорондоо ярилцан инээлдэх нь энэ их хүйтнийг үлдэн хөөдөг байж ч мэдэх юм.
aaaaan ta mongold baidaga yumyyyy mongold bas hvvvhen oldohgvi bnayyyy kakakakak