Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг улс орны бүтээн байгуулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас баталсан. Монгол Улс бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эдийн засаг, нийгмийн салбарт хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдон 2010-2015 онд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардагдах ажиллах хүчний эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр нийт 40000 гаруй ажлын байр шинээр бий болохоос, 6000 гаруй нь инженер, техникийн ажлын байр байгаа аж.
Өнөөдрийн байдлаар албан бус тоогоор 116000-200000 Монгол Улсын иргэн хилийн чанадад сурч, ажиллаж, амьдарч байгаа нь манай улсын нийт ажиллах хүчний 9.3-18.6 хувийг эзэлж буй бөгөөд хилийн чанадад өндөр боловсрол, мэдлэг, ур чадвар эзэмшин ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо урт, богино хугацаагаар эргэн ирж ажиллах, бизнес эрхлэх, гадаадын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, мэдлэг дамжуулах, хөрөнгө оруулалт татах зэрэг олон хэлбэр, чиглэлээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хөтөлбөрийг боловсруулсан байна.
Гадаад орнуудад байгаа Монгол Улсын иргэд эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх салбар, чиглэлийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр онц шаардлагатай ажлын байранд ирж ажиллах тохиолдолд урамшуулал олгохоор хөтөлбөрт тусгажээ.