Их биеийн мөчдийн хатангиршил гэх нэг саяд нэг тохиолдох ховор өвчнөөр өвдсөн Э.Удвал охинд туслах аян өрнөж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд монголын ард түмнээс охиныг эдгээхэд зориулж 25 сая төгрөг цугларчээ. Хэдийгээр охины эмчилгээнд хангалттай мөнгө бүрэн цуглараагүй байгаа ч охин шинжилгээ хийлгээд, эхний үеийн эмчилгээнд орох мөнгөтэй болоод байгаа юм байна.
Энэ сарын 1-ний өдрийг үндэсний Өгөх өдөр болгон санаачилж, нэг нас есөн сартай амьдараа булчин нь агшиж байгаа Э.Удвал охинд туслах санааг “Өгөх өдөр” хөдөлгөөн гаргасан. Охиныг эдгээхийн тулд тэд “Том болоорой Удвал” хандивын тоглолтыг зохион байгуулж, “Помогите Нам” киноны 2 өдрийн орлогыг цуглуулж, явуулын хайрцаг ажиллуулж, 150428 утсанд мессеж авч, иргэдээс мөнгө цуглуулсан.
Ингэснээр 11 сарын 3-ны байдлаар охинд 15 сая төгрөг цугларчээ. Өнөөдөр гэхэд энэ тоо 25 саяд хүрсэн гэж байна. Гэхдээ энэ мөнгөнөөс 5 сая төгрөгийг хямдралтай үнээр концертын танхимаа түрээслүүлсэн “UB palace” болон сурталчилгааны хэвлэх материал зэрэгт зарцуулжээ. Ингэснээр охинд одоо 20 сая төгрөг байна. Охин нөгөөдөр өдрийн 16 цагт аав ээжтэйгээ Солонгос ниснэ. Харин нэг дэх өдрийн 14 цагт Ионсей эмнэлэгт очиж эмчид үзүүлнэ.
“Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн гурван хоног хийгдэх шинжилгээнд зориулж хоёр сая төгрөг өгч явуулахаар болжээ. Э.Удвал охин дороо зургаан сартай ихэр хоёр дүүтэй. Тиймээс аав ээж хоёр нь ажил хийх боломжгүй байдаг байна. Гэтэл Солонгос явахад гэр бүлийн хоёрын аль нэг нь заавал ажилтай байх ёстой гэсэн шаардлагатай. Ийм хүндрэл байсан ч Солонгосын Элчин Сайдын Яамны Консулын газраас нааштай хариу өгчээ. Өөрөөр хэлбэл монголын ард түмэн туслаж байгаа учраас гурван сарын виз олгосон байна.
Охин өнөөдөр өвчин намдаах эмээ ууж байгаа. Биеийн байдал нь сайнгүй хэвээр байна. Гурван шинжилгээ өгөх ёстой хоёрыг нь хийлгэсэн. Гурав дахь шинжилгээгээ Солонгост хийлгэнэ. Энэ шинжилгээнээс цаашид ямар эмчилгээ хийлгэх , эмчилгээний зардал нь хэр байх нь тодорхойлогдоно. Тиймээс охинд хандив өгөх хүсэлтэй хүн бүхэн дэмжиж оролцох боломжтой