MGLCLUB

Menu

Бvсгvйчvvд › САЙН БАЙЦГААНА УУ ?? ЦОО ШИНЭХЭН МЭДЭЭЛЭЛ..

Ц.ЭЛГЭМСҮҮ | 2010.09.07 10:20:11 | Skip to menu Бичих

Барилга орон сууцны худалдаа бүгд нэг дор цугласан гэж болох үзэсгэлэн худалдаа өнгөрсөн өдрүүдэд “Мишээл экспо”-д болж өнгөрлөө. Салбартаа бүх мэдээ, мэдээллийг зангиддаг гэж болох barilga.mn сайт энэхүү арга хэмжээг зохион байгуулсан ба байр хайсан, зарын сонин эргүүлж, рекламанд толгой нь эргэсэн хэрэглэгчдийн хувьд нүдээ олсон хэрэг болов. Мөн хамтран зохион байгуулагчаар Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын яам, барилгын Зөвлөгөө Мэдээллийн Төв ажиллажээ. Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойн хүрээнд гурван өдрийн турш үргэлжилсэн энэ арга хэмжээнд 100 гаруй аж ахуйн нэгж оролцлоо.
Орон сууцны байршил хэрэглэгчдийн хамгийн чухалчилдаг асуудал билээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байр ямар үнэтэй байгааг танд сонирхуулъя. Хамгийн үнэтэй бас хамгийн тохьтой байр Улсын Драмын эрдмийн театртай хаяа дэрлэн босч байна. Метр квадрат нь 2.5 сая төгрөгийн үнэтэй энэхүү байр 2-5 өрөөний зохион байгуулалттай гэнэ. Захиалагч өрөөний зохион байгуулалтыг өөрийн санаачлагаар хийлгэх боломжтой ажээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн орчмын байрууд хотын байрлал сайтайд тооцогддог. Энд Европ стандартаар 10 болон 16 давхар хоёр блок, нийт 90 айлын орон сууцанд захиалга авч эхэлжээ.
А зэрэглэлд сүндэрлэх, оршин суугчдынхаа захиалгыг авч буй өөр байрыг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Агаарын бохирдол хамгийн бага орчинд хэмээх тодотголтой “Lucky” 120 айлын орон сууцтай барилга. Төлбөрийн нөхцөлөөс хамаараад үнэ нь ялгаатай. Хэрвээ 100 хувь төлвөл 998 мянга, 70 хувь төлөхөд нэг сая 38 мянга, 50 хувь төлснөөр нэг сая 58 мянган төгрөгөөр бодож тооцоо хийх ажээ. Гүйцэтгэгч компанийн төлөвлөснөөр ирэх оны эхний улиралд ашиглалтад орох гэнэ.
Байр сонгохдоо хотын төвийн байршлыг чухалчлаагүй хүмүүс байдаг. Хувийн машинтай юм чинь хаа ч байр авсан албандаа оччихно, эхнэр хүүхдээ зөөчихнө гэсэн өрхийн тэргүүдэд санал болгох хэд хэдэн байр байна. Үнэ нь ч А зэрэглэлийн байрнуудтай харьцуулахад хямд. Тэдний нэг бол Сэлбэ голын хөвөөнд сүндэрлэж буй 108 айлын орон сууц юм. Олны хэлж заншсанаар Сансрын колонкийн автобусны буудлаас 100 айлын чиглэлийн автозмын урд, хүүхдийн эмнэлгийн зүүн урд байрлалтай. Хэрвээ орон сууцныхаа үнийн дүнгийн 50 хувийг урьдчилж төлвөл метр квадратыг нь нэг сая 40 мянган төгрөгөөр тооцно, харин 100 хувь төлвөл 990 мянган төгрөгөөр худалдах гэнэ. Мөн Бэлхийн амны эхэнд, агаарын бохирдол, хотын дуу чимээнээс зайдуу байрыг санал болгоё. Төвөөс хол болон олон давхар биш тул үнэ өртөг нь арай хямд аж, метр квадратыг нь 880.008 төгрөгийн өртөгтэйгээр борлуулж байна.  “Америк” таун нь 44 айлын зориулалттай,  11 хэсэг орон сууц нэгдсэн автомашины гарааштай байх гэнэ. Нэг байшинд дөрвөн айлын орон сууц байх ба байрууд нь 121 болон 128.2 метр квадрат гэсэн хоёр янзын хэмжээтэй. Зуслангийн айлуудын дунд хямд үнэтэй нэгэн таун хаус баригдаж байгааг сонирхоод үзээрэй.
Саарал утаа хотыг нөмрөх өвлийн улирал ойртож байна. Агаарын цэнгэг, усны тунгалагийг бодон Туул голын хөвөөнд орон сууц худалдан авахыг хүсч байгаа бол энэ хэсэгт анхаарлаа хандуулаарай. Зайсангийн гүүрний баруун талд, Улаанбаатар сувиллаас урагш Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, “Хавай таун”-д оршин суугчдаа хүлээн авахад бэлэн байна гэнэ шүү. Эднийх 1-3 өрөө байрны өргөн сонголттой ба метр квадратынх нь үнэ 1.2 сая төгрөг гэжээ. “Хас”, “Хаан”, “Голомт” банкны урт хугацааны лизингээр болон төрийн албан хаагчид “Орон сууц-4000” хөтөлбөрийн хүрээнд худалдан авах боломжтой гэнэ шүү.
Канадын модон байшин үзэсгэлэнгийн нэгэн содон шийдэл байлаа. Зуслангийн зориулалтаар ашиглаж болох канад модон байшинг метр квадратыг нь 500-600 мянган төгрөгөөр барьж өгөх гэнэ. Харин жилийн дөрвөн улирал амьдрах бол метр квадратыг нь 900-1100 ам.долларын өртгөөр барих аж. Тэгвэл цул дүнзэн байшин бүр ч үнэтэй, метр квадратых нь өртөг 2200-2500 ам.доллар. Цул дүнзэнг байшинг барихдаа орчин үеийн компьютерийн программаар байшингийн зураг эскизийг маш нарийн боловсруулдаг гэнэ. Дараа нь уг зургийн дагуу бүхий л байшингийн материалыг үйлдвэрлэн, угсран барихад бэлэн болгодог гэсэн.
Үзэсгэлэнгийн үеэр орон сууц хайснаас гадна гэр хорооллын нөхцөлд барьсан байшингаа хэрхэн халааж, бохир цэвэр усаа шийдэх вэ гэсэн гэрийн эзэгтэй нар олон байсан. Шалны халаалт ус цахилгаанта бол хаана ч хэрэглэх боломжтой. Шалны халаалтын NASA-гийн технологиор хийгдсэн “Eemax”-ыг сонирхуулъя. Хамгийн багадаа 20 метр квадратыг 45 минутад халаах хүчин чадалтай, дээд тал нь 95 хэм хүртэл халдаг. 27х5 см хэмжээтэй, жин нь ердөө 1.3 кг, орон зай үл хамааран хүссэн газраа байруулах боломжтой.
“Алтан ус”-ыг халаалтын төхөөрөмжийг нэгэн гэр бүл сонгосонтой таарсан юм. Үзэсгэлэнтэй бүхэлд нь танилцаад хамгийн зөв шийдэл, зардал бага тусах юм байна хэмээн гэрийн эзэн Б дүгнэсэн байв. “Алтан ус”-ын халаалт зөвхөн халаалтын зориулалттай, хэрэглээний халуун ус ба халаалтын зориулалттай тогоо ба хэрэглээний халуун ус ба шалны халаалтын зориулалтай гэсэн гурван төрөлтэй. Хэрэглээ болон төрлөөс хамаараад цахилгааны төлбөр сард 43 000-151 000 төгрөг гарах гэнэ. Энэ тооцоог гаргахдаа өдөр шөнийн хуваарьтай тоолуураар гаргажээ.
Энэ дашрамд хотын дүүргүүд шинэ байрны үнэ ямар байгааг метр квадратаар ямар ханштай байгааг дуулгая. Баянзүрх дүүрэгт 750 ам.доллараас 1.8 сая төгрөгийн хооронд байгаа бол Хан-Уул дүүрэгт хамгийн дээд тал нь 1300 ам.долларын үнэтэй байна. Сүхбаатар дүүрэгт 499-1300 ам.доллар, Чингэлтэйд 810-1550 ам.долларын ханштай байна. Тэгвэл Баянгол дүүрэгт 1.1 сая төгрөгөөс 1300 ам.доллараар метр квадратын үнээ тогтоожээ.

Жагсаалт

MGLCLUB