Moderator: mgl_300
Гал тогооны өрөөнд би хүйтэн хуушуур идээд зогсож байлаа. Хайруулын тавагнаас шууд гараараа аваад л. Нүцгэн хөлийг минь шалны хулдаас хайрч байсан ч би зогссоор л, гашуун нулимс унаган, бас тэгсэн мөртөө хүйтэн хуушуур идсээр байлаа...
Жаргалтай яваа хүн бүтэлгүй хайр ямар байдгийг мэддэггүй гэдэг. Харин би аз жаргал, хайр хоёрыг хоёуланг нь хүссэн минь буруу байсан гэж үү?
Оргил маань гэнэт намайг санаад хотын нөгөө захаас над руу давхиад ирээсэй гэж би хүлээсээр л байлаа. Тэгээд хаалганы минь гадна талд ирж хэсэг тээнэгэлзээд, магадгүй нэг санаа алдаад, хонх дараасай гэж би хүлээсээр байна даа. Хаалга руугаа хурдхан гүйгээд очмоор л байлаа.
Хайр дутсан ч дотроо нуудаг хүүхнүүд
Гунигт намрын нэгэн хүйтэн үдэш энэ явдал эхэлсэн юм. Найз хүүхний маань төрсөн өдөр болж, бид гурвуул нийлэн нэгэн кафед тэмдэглэхээр орлоо. Мөхөөлдөс, самар, шил дарс, лаатай цуг захиалж, ширээн дээрээ тавиулаад гурвуулаа ярилцан удаан суусан.
Хэн хэн нь гайгүй царай зүстэй, бас ухаантай хүүхнүүд боловч хайрын жаргал дутсан бид гурав гадна талдаа их л хөгжилтэй дүр үзүүлж, хэнээс ч, юунаас ч хараат бус, эрх чөлөөт хүмүүс шиг царайлан сууцгааж байлаа. Бидний хажуугийн ширээнд сууж байсан нэгэн залуу алсыг ширтэн суугаа бүргэд мэт надад харагдсан юм. “Бүргэд өөдгүй юм хийдэггүй байх аа” хэмээн намайг хальтхан бодож суух зуур үл таних мөнөөх залуу босон бидний ширээ рүү хүрээд ирэх нь тэр. Бид гурвын яриа даруй тасарч, мотоциклчийн гэмээр хүрэм өмссөн, тамирчин төрхийн тэр залуу руу гайхан харцгаалаа.
-Сайн байцгаана уу? Таныг бүжгэнд уривал болох уу? хэмээн мэндлэхдээ тэр залуугийн бор нүдний харц над руу ширтэж байв. Би бага зэрэг сандарсан ч ширээний цаанаас алгуурхан босохдоо найз хүүхнүүдийн маань атаархсан харц намайг шөвөгдөж байхыг мэдэрч байлаа.
Нууцхан мөрөөдөл
Тэр залуугийн гар зөөлхөн боловч чийрэг, найдвартай санагдаж, бүжиглэж байх зуураа чихэн дээр минь шивнэх шахам нэлээд зүйлийг тэр ярьсан юм. Харин би тэр үдэш юу ярьж байснаа одоо санадаггүй. Үйл явдлууд дуугүй киноны дүрс шиг л одоо нүдэнд харагддаг. Шинэ танил тэр залууг Оргил гэдэг бөгөөд миний хүлээж явсан хүн мөн шиг санагдаж байлаа. Бүжиг дуусахад Оргил намайг ширээнд минь хүргэж өгөөд, нэрийн хуудсаа өгч, инээмсэглээд буцсан... Тэр үдэш найз хүүхнүүд маань над руу тоглоомын үгс чулуудан суусан ч тэдний маань харц цаанаа л нэг гуниг дүүрэн байсан даа...
Дараа нь би гэр рүүгээ ганцаараа, хүйтэн хоосон автобусанд суун, цастай замаар явсан. Яагаад ч юм, Оргилд тэврүүлэхсэн хэмээн нууцхан мөрөөдсөөр байлаа... “Энэ том хотын хаа нэгтээ Оргил одоо харьж яваа байх даа. Нээрээ надад нэрийн хуудас нь байгаа ш дээ.
Ярьчихдаг юм билүү?”. Тэрхүү хэсэгхэн дөрвөлжин хатуу цаасыг би гарган утасны дугаар, нэрийнх нь үсэг бүрийг амандаа шивнэн уншлаа.
Тэгээд цүнхнээсээ гар утсаа гарган, бээрсэн гараараа дугаар руу нь залгаж байхдаа Оргилтой яг тэр мөчид хамт байхыг ихэд хүсч байсан. Оргил ч намайг утасдахыг хүлээж байсан юмуу гэлтэй тэр даруй утсаа авч яриад, хаанахын автобусанд явааг минь асууж, эцсийн буудал дээр тосохоор тохирсон юм.
Анхилуун кофе
Тэдний байрны цахилгаан шат их л хурдан өгсчих шиг санагдаж, зүрх минь ихэд догдолж байлаа. Оргил ганцаараа амьдардаг ч аятайхан гэрлийн бүрхүүл таазандаа зүүж, гэрээ тохижуулан, ханандаа нэлээд уран зураг өлгөсөн айл байлаа. Дөнгөж чанасан кофены анхилуун үнэр гэрээр дүүрэн ханхалж, миний өмнөх ширээн дээр Оргил халуун кофе тавиад “Хоол хийхдээ би муухан ч кофе чанахдаа гайгүй шүү. Сүү хийх үү?” гэлээ.
Хүйтэн эмэгтэй гэж байдаггүй
Үнсэлт... Эхэндээ хөнгөн, намайг судалж байгаа мэт болгоомжтой үнсэлт. Яг л миний мөрөөдөж явсан үнсэлт. Дараа нь Оргилын үнсэлт улам улам халуун, тачаангуй болж, түүний тэвэрт би догдлон чичрэн байсан... Тэр шөнө би хүйтэн эмэгтэй гэж байдаггүй юм байна, харин эв хавгүй, эсвэл дэндүү яаруу эр хүнээс болж л зарим эмэгтэй секст хүйтэн, хөндий болдог юм байна гэж ойлгож билээ.
Оргил тэвчээртэй, бас зөөлөн энхрийлж, гоёмсог, эмзэг гангар шаазан мэт надад болгоомжтой хүрэх нь таатай санагдаж байлаа... Намрын урт шөнө байсан ч хурдан өнгөрөх шиг надад санагдсан. Хэсэг дугхийгээд сэрээд харахад дэргэд минь унтаж байгаа Оргил үнэхээр сайхан харагдаж байлаа. Нойрон дундаа Оргилын инээмсэглэхийг ширтэж байхдаа би цаашдаа дахин ганцаардаж амьдрах хэрэггүй юм хэмээн шийдсэн билээ.
Тэр шөнөөс хойш төдий л удалгүй би Оргилын байранд нүүн очиж, хамтдаа хагас жилийг бараг ухаангүй мэт өнгөрөөсөн. Урьд нь би “хайр гэдгийг зөвхөн киночид, зохиолчид л санаанаасаа зохиодог” гэж боддог байж. Гэвч надад, бид хоёрт ирсэн тэр хайр бол үнэхээр ховор, сайхан хайр байсан юм.
Зүүд мэт
Намайг хэн ч, хэзээ ч халамжилдаггүй, би ч халамж үгүйлэхгүй амьдардаг байж. Харин Оргилын дэргэд байхдаа би эмэгтэй хүн гэдгээ илүү мэдэрч, бас зүгээр ч нэг эмэгтэй биш эрх танхил, хүслэн татсан, гоёмсог, бас гэм хоргүй, цагаахан ааш авир гаргах эрхтэй эмэгтэй гэдгээ илүү мэдэрч байсан.
Намайг хэд хоног өвдөж хэвтэхэд Оргил дэргэдээс минь огт холдоогүй. Эмч олж, гэрт дагуулж ирээд, өөрийнхөө эрүүл мэндийг төдий л тоодоггүй мөртлөө миний биеийг тун их анхаарч, эмчийн өгсөн зөвлөгөө бүрийг нямбайлан бичиж авсан. Шөнө унтаж байснаа босож, миний ор руу хүрч ирээд халуурч байгаа эсэхийг маань шалгаж, өдөр нь жимс, амттан, тахианы шөлөөр намайг дайлдаг байв. “Оргил яасан өөр болчихоо вэ” хэмээн найзууд нь, аав, ээж хоёр нь ч бас гайхаж байсан.
Зүгээр зуурдын хүн гэж намайг бодоогүй учраас л тэгсэн болов уу. Оргил намайг өөрийнхөө аав, ээж болох аятайхан зантай, овор багатай хүмүүстэй танилцуулж байсан. Танилууд маань намайг “Царай ороод, гоё болчихжээ” гэдэг байлаа. Би шинэ газар ажилд орж, хайраа олоогүй яваа хуучин найз хүүхнүүдтэйгээ ч уулзах завгүй болсон. Хоёр найз маань ч надад атаархсан биз, таг чиг болчихсон байлаа.
Тэр хайрандаа Оргил, бид хоёр хагас жил умбасан. Бие биедээ сайхан хоол хийж, нэг нэгэндээ зориулан шүлэг бичиж, бяцхан бэлэг бэлддэг байлаа. Дуртай киногоо цуг үзэж, завандаа хотоор хөтлөлцөн хамт алхана. Хоёулаа зэрэг унтаж, бараг зэрэг сэрж, Оргилын хүрэн нүд рүү ширтэх үедээ би хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэт өөрийгөө боддог байж дээ. Ажил дээрээ ч би сүрхий амжилт олж, удирдлага маань намайг сайн ажилтан хэмээн үлгэр жишээ болгодог байлаа. Урьд нь бол хийж чадахааргүй байсан ажил өгсөн ч би хийчих эрчтэй, тэмүүлэлтэй байсан. Хайрын жигүүр ургасан үедээ хүн юуг ч чадмаар санагддаг юм билээ.
Хайр дуусдаг гэж үнэн юм уу?
Гэвч цаг хугацаа өршөөлгүй. Намайг гэсэн Оргилын хайр нэг л мэдэхэд багасаж, гундсан даа. Өөр хүүхэнтэй болоогүй ч гэсэн намайг нэг л анзаарахаа больчихсон байлаа. Надтай хамт байхдаа ч урьдынх шигээ харахаа больж, ямар нэг эд зүйл рүү харж байгаа юм шиг л хайнга хардаг болсон. Намайг хараад нүд нь сэргэхээ больж, надтай ярьж байхдаа залхан эвшээх шахаж, үнсэлт нь нэг хэвийн, жижүүрийн үнсэлт гэмээр болчихсон байлаа... Тэгээд л би тэднийхээс явсан.
Байрны түлхүүрийг нь ширээн дээр нь тавиад гарсан. Харин ард минь хаалга хаагдсаны дараа түгжээ торхийж дуугарахад гайхан эргээд хартал Оргил өөрөө хаалгаа дотроосоо түгжиж байсан. Тэгээд л тэр ганцаараа, амар тайван үлдсэн дээ. Үүрэндээ сууж байгаа бүргэд шиг. Бүргэд өөдгүй юм хийдэг юм билээ. Гэхдээ би ч бас хайр нь дууссан хүнийг “өөдгүй юм хийлээ” гэж албадах нь буруу л даа. “Зүрх тушаал дагадаггүй” гэж үнэн юм хойно.
Сэтгэлийн шарх
Зовох үед л хуучин найзууд голдуу аминд ордог. Хайр эдлээгүй, өнөө л азгүйхэн хоёр найз маань намайгаа дахин эгнээндээ хүлээж авсан. Одоо бид гурав урьдынх шигээ хааяа уулзаж, кафед сууж, далан долоон үг дэлгэдэг ч эрчүүдийн тухай ярихаас дөлдөг болсон доо. Харин зүрхний минь шархны өвдөлт, сэтгэлийн гуниг маань надаас нэг ч минут холдохгүй л байгаа.
Эргэн тойронд болж байгаа зүйлс бас л дуугүй кино шиг өрнөж, би бараг юу ч анзаарахгүй явна. Хүмүүсийг харсан ч би тэднийг анхаарч сонсохоо больж, тэд юу ярьж, бас би өөрөө юу хэлж буйгаа сайн анзаарахгүй л байна. Яагаад ч юм, урьдынх шигээ л Оргил маань хотын нөгөө захаас над руу яаран хүрээд ирэх юм шиг хүлээдэг. Хоосон хүлээлт гэдгээ ч бас ухаарч сууна.
Нааш цааш холхиж, цонх руу дөхөж очоод, Оргилыг зөвтгөн уучлах олон шалтгаан зохиож, өөрөөсөө өмөөрөхийг хичээсээр л байна. Би одоо хүртэл түүнд хайртай байдаг нь сонин шүү ... “Гэхдээ яагаад заавал би ингэж зовох ёстой юм болоо? Би хаана, ямар алдаа гаргасан юм бол?” гэдэг асуултууд надаас хариу нэхэн ээрсээр л байна.
А. 27 настай, /жинхэнэ нэрийг өөрчлөв/
Хайрын галыг унтраахгүй байхын тулд яах вэ?
Хайр бол галын дөл шиг юм. Түлш нэмж, дэмжиж байхгүй бол гал унтардаг шиг. Тиймээс “хайрын түүдэг галынхаа” дөлийг үлээн сэргээж байх нь хамгийн чухал.
Хэрэв хайрт чинь таныг хайрлахаа больсон бол “эмгэнэл, гуниг” гэж бүү хүлээж ав. Та өөрөө ч бас танд хайртай хүнийг орхиж л байсан болов уу. Бараг л хүн бүрийн амьдралд тохиолдож байдаг зүйл учир эмгэнэн бүү хүлээж ав. Хүмүүс тэвчээд л амьдардаг. Амьдрал арвин баян юм хойно хайр дахиад л ирнэ.
Ням гариг сэтгүүл