Moderator: mgl_300
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Солонгос улсын Хөдөлмөрийн яамтай байгуулсан Гадаадад ажиллах хүч илгээх санамж бичгийн дагуу 2007 оноос өнөөг хүртэл 6000 гаруй иргэнийг тус улсад ажиллах хүч болгон илгээсэн. Гурван жилийн хугацаатай гэрээ хийсэн тул эхний ээлжээр явсан монгол ажилчид эх орондоо эргэж ирэх болоогүй аж. Түүнчлэн ажилчид өөрсдийн хүслээр гэрээгээ хоёр жил сунгах боломжтой юм байна. Хэдийгээр гадаадад ажиллах хүч илгээх нь хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлдөг ч манай улсад гадаадад гарч ажиллах сонирхолтой иргэд олширсон. Тэр дундаа Солонгост ажиллахыг хүссэн иргэд их байгааг Гадаадад ажиллах хүч илгээх төвийн судалгаа харуулсан байна. Үүнд нийт оролцогсдын дийлэнх буюу 34 хувь нь Солонгост ажиллахыг хүсдэг хэмээн хариулжээ. Энэ жилийн хувьд Солонгост ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэл тавдугаар сарын 17-ноос эхлэж, өчигдөр буюу 19-ний өдөр дууссан. Тиймээс энэ жил хэдэн хүн бүртгүүлсэн, ямар шаардлага хангавал Солонгост ажиллах нөхцөл бүрдэх талаар Гадаадад ажиллах хүч илгээх төвийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайханаас тодрууллаа.
Энэ жил хэдэн хүн Солонгос явахаар бүртгүүлсэн бэ?
Бүртгэлийн дүн хараахан гараагүй байна. Хөдөө орон нутгаас дүн мэдээ ирсний дараа нэгдсэн дүн гарна. Бидэнд энэ жил 10000 гаруй хүн бүртгүүлсэн болов уу гэсэн таамаглал байна.
Зарим хүн бүртгүүлсэн л бол Солонгос явна гэсэн ойлголттой байна. Ямар шаардаага хангасан хүн явах боломжгой вэ?
Бүртгүүлсэн хүн бүр явахгүй. Энэ бол зөвхөн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох бүртгэл шүү дээ. Бүртгүүлэгчид солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй, эрүүл мэндийн хувьд асуудалгүй, урьд нь ял шийтгэл эдлээгүй, тус улсад хууль бусаар амьдарч, албадан саатуулагдаж байгаагүй 18-39 насны Монгол Улсын иргэн байх ёстой. Бүртгүүлснийхээ дараа солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орж, тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Эрүүл мэндийн үзлэгээр элэгний В,С вирус, ХДХВ/ДОХ, тэмбүү, сүрьеэ өвчнөөр өвчлөөгүй бол солонгост ажиллах эрхтэй болно. Гэхдээ эдгээр шаардлагыг хангасан даруйдаа Солонгос явчихгүй. Манай зүгээс тэнцсэн иргэдийн мэдээллийг Солонгосын талын хамтран ажиллагч хөдөлмөрийн биржүүд дээр тавьдаг. Тэндээс ажил олгогч нар манай ажилчдыг сонгосон тохиолдолд явна.
Түвшин тогтоох шалгалтын босго оноо хэд вэ. Шалгалтын дүн хэзээ гарах бол. Энэ удаад бүртгүүлсэн хүмүүсээс хэдийг нь шалгаруулж авах вэ?
Дээд оноо 200 байдаг. Үүнээс 80-аас дээш оноо авсан иргэдийг хамгийн өндөр оноотойгоор ньжагсаажэхний 3100 хүнийг шалгаруулж авна гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ бол яг таг шийдсэн тоо биш. Солонгосын талаас хэдэн ажилчин хэрэгтэй байгаа саналаа өгдөг. Өнгөрсөн онд Солонгосын эдийн засгийн байдал сайнгүй байснаас үүдэж 1485 хүнийг жуучилсан. Харин энэ жилийн хувьд Солонгосын жижиг, дунд үйлдвэрийн салбарт 3000, хөргөх үйлдвэрийн салбарт 100 гаруй ажлын байр байгаа гэсэн тооцооны дагуу таамаглаж гаргасан. Тэгээд ч энэ хүмүүс бүгд тэр дороо явахгүй, сонгогдох хүртлээ хүлээнэ.
Тэгвэл шалгалтад тэнцсэн ч гэсэн сонгогдох хүртлээ хүлээнэ гэсэн үг үү. Хэдий хугацаанд хүлээх вэ?
Сонгогдохгүй бол хүлээхээс өөр аргагүй. Солонгос улс 15 орноос 40, 50 мянган ажилчин авдаг. Тэдгээр ажилчдын мэдээллийг хөдөлмөрийн биржид байршуулна. Тэр дундаас ажил олгогчид манай ажилчдыг сонговол явна. Хэрвээ Солонгосын хөдөлмөрийн биржид байрших нэг жилийн хугацаандаа сонгогдож амжаагүй бол дахиад нэг жил байрших эрхээ сунгаж болдог. Шалгалтын хүчинтэй хугацаа хоёр жил байдаг учраас түүнээс цааш хүлээх эрхгүй. Тиймээс дараа жил дахин шалгалт өгч тэнцээд хөделмөрийн биржид байрших эрхтэй болох юм.
Шалгалтад бүртгүүлэхээс эхлээд явах хүртэл хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Сонгогдоогүй тохиолдолд мөнгийг буцааж өгөх үү?