Moderator: mgl_300
Солонгост үндсэндээ хараар болон гэрээгээр ажиллаж буй гэсэн хоёр групп ажиллаж буй Монголчуудын дунд байна. Үйлдвэрийн эзэд, ажил олгогч нар нь хараар буй хүмүүст нь илүү дуртай. Гэрээнийхэн маань ажлаа солих эрхтэй тул жаахан юм болонгуут ажлаа хаяад алга болдог, хэл ам хийдэг, гол ажлаа үнэн сэтгэлээсээ тэр болгон хийхгүй, халтуурдаж хийдэг гэж харууд нь надад хэлсэн шүү. Нөгөө групп нь болохоор ажлаа алдахгүйн тулд ажлын сэтгэл зүрхээрээ буюу нэг хүн хоёр байтугай хүний ажлыг хийдэг юм байх. Дээрээс олон юм нэхэхгүй, амар гэж байгаа эзэддээ. Өнөө маргаашаа залгуулан амьдарч байгаа нөхдүүдээс өгсүүлээд гэр орон руугаа мөнгө явуулж байр, машин авч байгаа, бүр өөрсдөө бие даан бизнэс амжилттай эрхэлж байгаа, Солонгосын нэр хүндтэй том компаниудад өндөр, хариуцлагатай албан тушаал хашиж байгаа, нэр хүнд сургуулиудад нь халтуурдаж сурахаас авахуулаад нэр төртэй суран улс орныхоо нэрийг гаргаж буй бүхий л төрлийн Монголчууд байна. Гол нь тэд ажил хийж сурч байна, мөнгөний үнэ цэнийг яс махандаа шингэтэл ойлгож байна, цаг барьж сурч байна, дэлхийн стандартын амьжиргааны амталж байна. Ажлыг хамгийн хурдан сурч, чанартай хийдэг нь Монголчууд гэж харийн цагаачдаас эрс ялгагдан үнэлэгддэг боловч харин архи уухаар л энэ бүх нэр төр нь дороо үгүй болно. Хэтрүүлнэ, зодолдоно, хэрэлдэнэ, ажлаа таслана. Бүр Солонгос эзнээ хүртэл алсан хэрэг байдаг юм билээ. Зүгээр хар ажил хийхэд л сарын цалин нь доод тал нь 1 сая воноос эхэлдэг бөгөөд өндөр чанарын бензин литр нь 1500, багсайсан 20 шахуу ширхэг гадил жимс 2000, метро нь ямар ч хол явсан үсрээд л 1400, боломжийн хоолны газар ороод цадтал хоол идэхэд 6000 вон гарч байхад яагаад энэ олон Монголчууд энэ улс руу зүтгээд байгааг ойлгоход төвөггүй юм билээ. Гэтэл Монголд дээр дурдсан бараа таваарууд ямар үнэтэй хийгээд та бид бултаараа хэдэн цаасны цалин авч байгааг харьцуулаад үзэхээр зөндөө олон Яагаад гэсэн асуултууд өөрийн эрхгүй дотроос гарч ирээд байх юм. Монголын ийм өндөр өртөгт бид амьдарч чадаад байгаа нь юуны ид шид вэ? Авилга, хээл хахууль, арын хаалга, дээрэм тонуул энэхүү ялгааг үүсгээд байгаа юм уу? Солонгос орны дараагийн сайхан зүйл нь амгалан тайван байдал. Том том цүнхүүд нь онгойгоод л яваад байх юм билээ. Миний энэ бичлэгийг халаасны хулгайч нар уншиж байгаа бол та нарын ёстой диваажингийн орон юм байна лээ дээ. Яаж ч оройтсон, уусан идсэн айх аюулгүй, хоол нь меламингүй, архи нь метилийн спиртгүй, хүмүүс нь хулхи биш, бас согтуу бол гэрт нь цагдаа нар үнэгүй хүргэж өгдөг гэж байгаа. Дээрэм тонуул, хүн амины хэрэг гарах нь өдрийн од. Гэтэл намайг тэнд байх хугацаанд миний баз хүргэнийн төрсөн дүү нь хүнд алуулсан гунигтай мэдээг сонсоод ямар том шоконд оров оо? Дахиад л Яагаад гэж асуумаар байна! Монголчуудын онигоог Солонгост сонсоод. Монгол залуу Улаанбаатарт эрүүлжүүлэгдээд. Цагдаа асууж байна гэнэ. Та яагаад архи уугаад байгаа юм бэ гэсэн чинь залуу хэлж байна гэнэ. Заа, бид нар байхгүй бол та нар ажилгүй ш д. Сүртэй юм гэж “загнаж” ажлын байран дээрх хүчирхийлэл гаргасан гэж байгаа. Бид зарим юман дээрээ сүртэйгээр барахгүй байж сурахгүй бол хөгжихгүй юм байна аа залуусаа.
Гэр бүлтэй байж байгаад Солонгос явсан гэр бүлүүд бүгд салсан байна, салж байна. Очоод хань ижил рүүгээ мөнгө явуулаад байдаг, нэг ирсэн мөнгө ч үгүй, хань ижил ч үгүй болсон тохиолдол зөндөө юм гэсэн. Гэр бүлээр нь бодлоготой явуулж байхгүй бол залуу хүмүүс хол газар тусдаа удаан байх нь ийм асуудал үүсгэхээс гадна маш олон Монгол бүсгүйчууд Солонгос залуустай сууж байна. Мөн залуус нь ч ялгаагүй ч харьцангүй цөөн юм билээ. Саяханаас Сеүл хотын захиргааны гадаадын иргэдэд зориулан нэг цэгийн бүх үйлчилгээг үзүүлэх, Сеүл хотод хэрхэн амьдрах, ажиллах, хөлөө олоход нь зөвлөгөө өгөх зорилготой газар нээгдсэн байна. Хамгаас сайхан мэдээ нь энэхүү газар Монгол мэргэжилтэн эх хэлээрээ ярин Монголчууддаа үйлчлэн асуудлыг нь шийдэж өгөх болсон бөгөөд сайхан сэтгэлтэй Монгол бүсгүй тэнд ажиллаж буйг дуулгахад таатай байна. Тэрхүү газрын нэр болон хаяг нь Seoul Global Center.
Дэлхийн санхүүгийн хямрал энэ улсын тойроогүй байна. Банкууд нь том зээлээ түр зогсоосон байгаагаас гадна өрнөөсөө болж өдөрт бараг нэг бизнесмэн амиа хорлож байна гэж хүмүүс ярьж байна. Нөгөө Солонгосын драмын алдартай хэд хэдэн жүжигчид дарааллан амиа хорлосон бөгөөд шалтгаан нь өр зээл, мөнгө төгрөгтэй холбоотой байсан гэх. Америк долларын ханш воны эсрэг аймшигтай чангарч тэнд махийтлаа ажиллан, Монгол руу мөнгө явуулдаг ах дүү нарыг минь шатааж алж байгаа юм байна лээ. 1 доллар 900 вонтой тэнцдэг байсан бол бүр 1500 хүрч галзуураад одоо дунджаар 1300 вон дээр тогтож байна. Монголын доллараар наймаа хийдэг наймаачдын аз, од нь гийж байгаа нь тэр юм. Харин Солонгосын үйлдвэрлэгч нарт маш том цохилт, шаталт болж байгаа нь ойлгомжтой. Солонгосын төв банк болон засгийн газар нь хамтраад гадаад валютын эх үүсвэрийн дутагдалд ороод байгаа үндэсний үйлдвэрлэгч, экспортлогч нартаа 16 тэрбум доллар гаргаж өгөөд байгаа нь байдлыг түр ч болтугай намжаагаад байна. Тэнд буй Монголчууд маань ч тэр долларын ханш өсөхийг хүлээгээд Монгол руу мөнгө гуйвуулахаа түр харзнаж эхлээд байгаа нь илт байлаа. Доллараар биш яагаад воноор нь Монгол руу явуулж болдоггүй юм гэж нилээд хэдэн хүнээс асуухад тэрнээс дор ханш байгаа гэж байна. Солонгос, Монгол хоёрын хооронд вон, долларын зузаатгал хийж, мөнгө эргүүлдэг хэдхэн нөхөд байгаа бололтой. Хир баргийн жижиг, арчаагүй банкуудаас илүү ажиллаж байгаа биз?
Товч дүгнэн хэлэхэд Өмнөд Солонгос Улсад Монгол улсын бүхэл бүтэн нэг нийгэм үүсэн, ажиллаж, амьдарч, баярлаж, зовж цаг хугацааг элээж байна. Өнөөдөр зурагтаар гарсан мэдээгээр гадаадад буй Монголчууд жилийн нэг ажлын өдөрт дунджаар 1 сая америк доллар Монгол руугаа явуулдаг гэж байсан. Та биднийг, гэр бүлийнхэнийг чинь, найзуудыг чинь, хамаатан садныг чинь тэжээн тэнд махийтлаа ажиллан буй хүмүүс байгаа гэдэгт би 110% итгэлтэй байна. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл тэд нарыг мөнгөний машины нүдээр битгий харж, та нар сайхан амьдарч байна, наашаа тэдийг явуул гэж утсаар, цахим шуудангаар зовоож байгаарай. Тэд та бидний төлөө ажиллаад хангалттай их хөрөнгө оруулалт хийж байна. Зарим нь нутгаа санаад ирэх боловч нас хэтэрсэн, танил тал байхгүй, соёлын зөрчилдөөн гэх мэт шалтгаануудаар эх орондоо идээшихгүй буцаад явах нь элбэг юм гэсэн. Баяр сайд айхтар мундаг ил захидал гадаадад суугаа Монголчуудад явуулаад байсан. Хөөрхий зайлуул, аргаа бараад л тэгсэн биз ээ!