Ганц хүн айл болдоггүй

Монголчууд “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэж хэлдэг дээ. Байгалийн энэ үнэнийг, монголчууд маш сайн мздсэн учраас бие биеийнхээ төлөө, бусдынхаа төлөө амьдарна гэдгийг олон жилийн өмнөөс ойлгож хэрэгжүүлж иржээ.
Монголчуудын аав ээж, үр хүүхэдтэйгээ, олон түмэнтэйгээ харилцах ёс жаяг нь өдөр тутмын ахуй амьдралд нь шингэж үлдсэн байдаг бөгөөд энэ бүх арга ухааныг нийлүүлээд монгол ухаан гэж хэлдэг байна. Монголчуудад байгалийг таньж, хорвоо ертөнцийн үнэн мөн чанарыг ойлгож ирсэн олон сайхан ухаан бий. Юуны өмнө монголчууд “Би ийм эрхтэй, хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүн ийм эрхтэй” гэх мэтчилэн ярихаасаа урьтаж хувь хүн өөрийнхөө, гэр бүлийнхээ, ханилсан ханийнхаа, хүүхдийнхээ өмнө, хүүхэд нь эцэг эхийнхээ өмнө үүрэг хүлээх ёстой, тэр үүргээ л сайн биелүүлж байвал эрх гэдэг зүйл хангагдана гэдгийг сайтар ойлгож иржээ.
Үүгээрээ бусад улс үндэстнээс их онцлогтой. Ийм болохоор өнөөгийн залуу хүн бүр хүлээсэн үүргээ биелүүлээд байх юм бол, өөрөөр хэлбэл, багачууд та нар найзынхаа өмнө, аав ээж багш ах дүүсийнхээ өмнө хүлээсэн үүргээ л биелүүлээд байх юм бол үр дүн дороо л мэдэгдээд эхэлнэ. Та бүхэн гэртээ хариад аав ээждээ хандах хандлагаа сайжруулаад байх юм бол аав ээжээс чинь ирэх хайр халамж улам нэмэгдээд л ирнэ.

Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ

“Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэж монголчууд ярьдаг. “Өөрийгөө бодох хамгийн шилдэг арга бол нөхрийг бодох, бусдыг бодох юм” гэж нэг алдартай хүн хэлсэн байдаг. Нөхрийг хэдий чинээ бодож чаднав тэр хэмжээгээр өөрийн ажил хэрэг бүтэж байдаг. Үүнийг ойлгохгүйгээр манайхан хамгийн түрүүнд өөрийгөө л бодож, хувиа хичээдэг тал бий. Өөрөө сайхан сэтгэлтэй, бусдад тусалж байвал өөрийн хэрэг аяндаа бүтдэг учиртай.
Өөртөө хатуу, өндөр шаардлага тавьж, өөрийнхөө сул чанарыг арилгаж, сайн чанарыг хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд дорно дахины болон Монголынхоо уламжлалт спортоор хичээллэх шаардлагатай. Манай Монгол бөх, морь уралдах, нум сум, шагай харвах зэрэг уламжлалт өв соёлд Монголчуудын эрхэм нандин зан заншил, ёс суртахууны үнэт зүйл, дэвшилтэт уламжлал, монгол хүмүүжлийн арга ухаан шингэж үлдсэн байдаг болохоор үндэсний энэ сайхан спортоороо хичээллэхэд бүгд бөх, уяач, харваач болохгүй ч зөв төлөвшсөн, хатуужилт чанартай, амьдралын гар даах чадвартай хүн болж төлөвшдөг нь амьдралаас харагддаг.
Тамирчин хүн багшийн хэлснээс хэд дахин илүү хөдөлмөрлөх ёстой

Хамгийн гол зүйлийг дахиад хэлэхэд, өөрийнхөө сул талыг давахын тулд өөртөө асар өндөр шаардлага тавь. Тамирчин хүн багшийн хэлснээс хэд дахин илүүг хийдэг, хөдөлмөрлөдөг байх ёстой. Өглөө босч чадахгүй унтмаар санагдаад байвч өглөөний 6 цагийн бэлтгэлээ таслахгүй босч чаддаг, ядраад хэвтмээр суумаар байсан ч тэр дасгалыг гүйцээж хийдэг, тэмцээн дээр 5 минут барилдаад сүүлийн 30 секундэд дуусгаж чадахгүй болтлоо ядарсан ч өөртөө хатуу шаардлага тавин зоригжуулаад сүүлийн энэ мөчид илүү их эрч хүчтэй ажиллаж чаддаг ийм чанаруудыг өөртөө цогцлоогоод авах юм бол хүн өөрөө байгаль цаг уур, хүрээлэя байгаа орчин, бусад зүйлтэй дасан зохицох гайхамшигтай чанарыг эзэмшиж чадна.
Хүн дасан зохицох чанараа хэдий чинээ хөгжүүлж чадна төдий чинээ амжилтанд хүрнэ. Амрах, хэвтэх, хөгжим сонсох, чихэр жимс идэх гэх мэт амар хялбар юманд хүн дасах нь их амархан байдаг. Үүнд нэг их хичээл зүтгэл хэрэггүй. Харин бидний ярьж байгаа хатуужил тэвчээрт суралцахад маш их цаг зарж, ядарч зүдэрч байж үр дүнд хүрэх бөгөөд ингэснээрээ бие махбодио хөгжүүлж хатуужуулна.
Энэ чанараа хөгжүүлээд авчих юм бол шаардлагатай үед тэсвэр тэвчээр гаргадаг, сайн найз нөхөдтэйгээ наргиж цэнгэх, хөгжим дуу сонсох, амарч зугаалах зэрэгт хэт ихтатагдаад явчихгүй, бүх зүйлийг хэмжээнд нь зохицуулаад аваад явж чаддаг болно. Тиймээс дээрх чанаруудыг өөртөө олж авах нь хамгийн эн тэргүүний шаардлага юм шүү.

Эхлээд бие бялдраа хөгжүүл…

Хүн байгалийн бүтээгдэхүүн, оюун сэтгэхүйтэй бүтээгдэхүүн, бас нийгмийн бүтээгдэхүүн. Бидний нүдэнд ил харагдаж байгаа махан бие, харагдахгүй дотор оршдог оюун ухаан, зурх сэтгэлээс хүн бүтэж, оршин тогтнож байдаг. Иймээс хүний оюуныр хөгжүүлэх, зүрх сэтгэлийн сайхан чанаруудыг хөгжүүлэхийн суурь нь харагдаж баригдаж байгаа махан биеэ хөгжүүлэх явдал билээ.
Бие бялдрын хөгжил байхгүй бол хэчнээн сайн юм бодоод, хэчнээн сайныг сурах гээд чадахгүй. Өөрийн биеэ эзэмдэн дийлэхгүй бол хэчнээн сайхан сэтгэл гаргах гээд чадахгүй. Тиймээс эхний ээлжинд биеэ чийрэгжүүлж, хатуужуулж, тэвчээрийг сураад үүн дээрээ үндэслэн оюунаа хөгжүүлэх, асар их мэдлэг мэдээллийг хурааж авах, хураасан тэр мэдлэгээ зөв, сайн үйлд зарцуулах нь хүний зөв зам мөр юм аа. Зөв бодол оюуны гол шижим нь өөрийгөө биш өрөөлийг бодох.
Найз нөхдөө бодож чадаж байна гэдэг бол өврийгөө бодох хамгийн шилдэг арга гэж би өмнө хэлсэн. Олон түмэн жаргалтай цэнгэлтэй байвал миний амгалан сайхан амьдралын шалтгаан тэр болно. Үүнийг л дор бүрнээ сайн бодвол хөгжиж дэвших бололцоотой юм.

Бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах хэрэгтэй

Монголчууд бидний амьдарч, аж төрж байгаа сайхан эх орон маань байгаль, цаг уурын өвөрмөц онцлогтой, үзэсгэлэнтэй атлаа нөгөө талдаа их хатуу ширүүн. Монголчууд хүрээлэн байгаа байгальтайгаа зохицож, түүнийг хайрлах хямгадах сэтгэлгээнд гүнзгий суралцсан ард түмэн.
Хамгийн түрүүнд чихрийн цаас хаяхгүй, нус цэрээ ил задгай нулимахгүй, гол усны эх рүү бохир бузар юм хийхгүй, ил задгай гал цог орхихгүй гэх мэтчилэнгээр байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалахад чиглэсэн олон сургаал, дэг ёсыг дагадаг байх ёстой. Энэ нь байгаль дэлхийтэйгээ зохицсон амьдрах зөв сэтгэлийг хөгжүүлж байгаа хэрэг юм.

Хэлсэн үгэндээ эзэн болж бай

Бас нэг чухал чанар бол хэлсэн үгэндээ эзэн болох. “За гэвэл ёогүй” гэдэг шүү дээ. Монголын нууц товчоонд “За-гаас няцсан улсыг зэргээс гаргана гэж хэлэлцсэн биш үү” гэсэн байдаг. “За” гэж хэлсэн үгнээсээ няцсан хүнийг нөхдийн хүрээлэлд хүндтэй суудалд оруулж суулгаж болохгүй шүү гэсэн утгатай үг юм. Үүнийг бүрэн илтгэсэн “Бороотой ч болзоондоо, хуртай ч хугацаандаа” гэж үг бас байна. Юу ч тохиолдлоо гэсэн болзсон бол хугацаандаа. Ийм сайхан чанаруудыг эзэмших ёстой.
Манай эцэг эхчүүд, хүүхдүүдээ бөхөөр хичээллүүлэхдээ зөвхөн медаль авах, спортын ур чадвар эзэмшихэд нь голлон анхаараад байдаг. Өнөөдөр энэ шаардлага огт өөрөөр тавигдах болсон. Өнөөдөр биеийн тамирын салбарынханд ямар ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр, зөвхөн спортын амжилтыг нь хөгжүүлэхээр хязгаарлаж болохгүй, хүүхдийг хүмүүжил ёс суртахуунтай болгох, хувийн ариун цэвэр соёлыг сахидаг болгох, бие бялдарын хамт сэтгэл оюуныг нь цогцоор нь хөгжүүлж төлөвшүүлэх шаардлага тавьж байна.
Сургуульд бөхийн секц дугуйланд хичээллэдэг 40 хүүхэд байхад тэр сургуулийн 400 хүүхдэд үлгэр жишээ болохоор хүмүүжил төлөвшилтэй байх хэрэгтэй. Хичээл сургуулийн идэвх оролцооны хувьд ч, биеэ авч яваа, бусадтайгаа харилцаж байгаа, багш нараа хүндэлж байгаа, бие биенээ хүндэтгэж байгаа, хүний үг дааж байгаа, ажлын гар дааж байгаа энэ бүх талаараа үлгэр жишээ болох юм.

Тамирчин болно гэдэг…

Тамирчин болно, бөх болно гэдэг их хүнд хөдөлмөр байдаг. Тиймээс өөрийнхөө сул талуудыг л давахгүй бол хэзээ ч барилдаж чадахгүй. Багшийн ярьсан дээр хоёр дахин нэмж бэлтгэл хийхгүй л бол бөх болж чадахгүй.
Би хөдөөнөөс 18 настай хүүхэд ирээд Маахуур толгойд байсан том эгчийндээ байхдаа өглөө 5.30-д босоод хажуугийн сургуулийн биеийн тамирын зааланд өглөөнийхөө бэлтгэлийг 1.30 минут хийж ирчихээд цайгаа уугаад, дүү нараа цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд, дараа нь Спортын төв ордон дээр бэлтгэл хийхээр очдог байлаа. Тэнд бэлтгэлээ хийчихээд өдөр нь бага зэрэг амраад орой дахиад л бэлтгэлээ үргэлжлүүлдэг байсан.
Багш “За бэлтгэлээ дуусга, боллоо” гээд гараад явахад тэнд үлдээд жүдогийн зааланд зүүгээстэй байдаг олсоор авирдаг байв. Дан биеэрээ авирхад ямар ч ачаалал өгөхөө больчихсон тул бүсээрээ 32 кг-ийн гийр, 25 кг-ийн дискийг оосорлож ардаа зүүчихээд авирдаг, заримдаа жижиг жингийнхээ найзуудыг араасаа бүсэлхийгээрээ тэврүүлчихээд авирдаг байлаа. Ингэж багшийн даалгавраас илүүг хийж, багшийн зааж сургасны дагуу найз нөхөдтэйгээ маш эвтэй байж, бусдыг хүндэтгэж, бусдын төлөө гэсэн сэтгэлийг өөртөө бий болгох гэж хичээж явсан.
Ингэж явахад хүний ажил үйлс бүтэмжтэй, дандаа өөдрөг байдаг юм. Монголчууд “Санаа сайн бол заяа сайн” гэдэг. “Заяа” гэж хүний бүх амьдрал, ажил үйлсийг хэлж байгаа хэрэг биз дээ. Хүн өөртөө зөв сайхан сэтгэлийг хөгжүүлж явах ийм тустай.

Өв тэгш хүмүүжил олохыг зорь

Нэг хэсэг аав ээжүүд “Миний хүү заавал гадаад хэл сурах хэрэгтэй юм байна, компьютер сурах хэрэгтэй, математикийн гүнзгийрүүлсэн сургалтанд сурах хэрэгтэй байна” гэх мэтчилэнгээр зөвхөн мэдлэг олгох, оюуны талыг нь хөгжүүлэхэд анхаарч байсан. Үүний улмаас хүүхдийн сэтгэлийг нь хөгжүүлэх болон хамгийн чухал хөгжил болох бие бялдрын хөгжүүлэх ажил орхигдсон.
Миний нэгэн танил нөхрийн арван хэдтэй хүүхдийн чихнийх нь хэнгэрэг гэнэтхэн цоорчихож. Тэд маань эмчид үзүүлээд л оношийг нь тавиулах гээд яваад л байсан, гэтэл ямар хариу гарсан гэж санана. “Танай хүүхэд хөдөлгөөний дутагдлаас болоод чихнийх нь хэнгэрэг цоорсон байна” гэсэн. Багаас нь ном шагайлгаад, биеийг нь тэнцүү хэмжээнд хөгжүүлэхгүй нэг талд нь асар их ачаалал өгсөөр байгаад ийм болсон байсан. Тэгээд долоо, наймдугаар ангид ороод ирэхээрээ том том нүдний шил зүүгээд л, бие нь сурч дийлэхгүй болоод байна.
Сураад иртэл нөхрийн төлөө гэсэн дотоод сэтгэл, бусдыг хайрлаж байж надад хайр нь ирнэ, олны төлөө зүтгэж байж надад сайн сайхан үе ирнэ гэдэг ухамсар, хүнийг хайрлах энэрэх сэтгэлийг олж авч чадаагүй хүмүүс хэчнээн сургуульд сурч, хэдэн хэл, өндөр мэдлэг боловсрол эзэмшсэн ч сэтгэлийн хувьд хоосон байна. Ийм дутагдлууд байгаа учраас бид гаднаас эрэхээсээ илүү дотроо байгаа сайн сайхан зүйлээсээ байнга суралцах хэрэгтэй байна. Зөвхөн үндэсний бөхийн спортод хадгалагдсан үндэсний соёлын талаар би цухас дурьдаж байна.
Үүнээс гадна урлагийн, биеийн тамирын гэх мэтчилэн маш олон соёл байна. Энэ соёлуудаараа дамжуулаад хүүхэд залуустаа хүнээр хүн хийдэг уламжлалуудыг өвлүүлэх ажил үгүйлэгдэж байна. Эдгээрийг өвлөн суралцахад хүүхэд залуус гойд анхаарах хэрэгтэй

Найздаа халуун дулаан үг хэлж бай

Та нар бүгдээрээ хажуугийн найздаа яаж тус болохов, миний найзад юу дутагдаж байнав гэдгийг анзаарч ажиглаад үзээрэй. Заавал бэлэн юм, материал өгөх тухай яриагүй шүү, сэтгэл гаргах тухай ярьж байна. Найздаа халуун дулаан сайхан үг хэлэх шаардлагатай байж болно. Ийм сэтгэлийг та бухэн бие биедээ гаргаад эхлэхээр миний олон дахин давтаж яриад байгаа нөхрийн хэрэг бүтэхэд өөрийн хэрэг бүтдэг жамыг аяндаа амсан мэдрэх болно.
Гэртээ хариад “яваад усаа аваад ирээч” гэж ааваараа хоёр хэлүүлдэг байсан бол хэлүүлэлгүй хийчих. Ээж маань намайг сайшааж магтах болов уу гэж бодолгүйгээр модоо хагалж, гэрийн ажлаа амжуулчих. Ээж аав чинь дотроо баярласан ч ил гаргаж хэлэхгүй байж магадгүй. Гэвч чамд сайн үйлийн хариу сайнаар л ирнэ.

Монголчууд аугаа үндэстэн шүү…

Монголчууд аугаа ард түмэн, аугаа үндэстэн шүү. Аугаа байсан нь юундаа байна гэхээр бие биенээ гэдэг, нөхрийн төлөө өөрийгөө зориулж чаддаг, хүнийг хайрладаг, бусаддаа тусалдаг, хэлсэн амласнаа биелүүлдэг, үнэнч шударга амьдардаг гэх мэт зан суртахууныг бий болгосон ухааныхаа үрээр монголчууд дэлхийд нэр алдраа дуурсгасан байна. Хэдэн зуун жил, хэдэн мянган жилийн дараа өнөөдөр ч гэсэн дэлхийд хүндтэй үндэстэн хэвээрээ байгаа.
Эх орон минь хэчнээн баялаг сайхныг, манай ард түмний дундаас ямар аугаа хүмүүс төрж байгааг та бүхэн байнга сэтгэлдээ нандигнан хүндэтгэж яв. Аугаа ард түмний үр хойч та бүхнээс ч гэсэн аугаа түүх бүтээгчид төрнө.
Би эх орныхоо ирээдүйг гэгээлгээр төсөөлдөг. Бүгдээрээ сайхан байхад л би сайхан байна. Бат-Эрдэнэ би ганцаараа сайхан байснаар миний амьдрал сайхан харагдахгүй. Нийтээрээ л сайн сайхан амьдрахын тухайд “Нуур амгалан бол нугас амгалан” гэж ончтойгоор хэлсэн байна шүү дээ. Нуур долгилоод цалгилаад шуураад байхад дотор нь хөвж яваа нугас амгалан хөвөх ямар ч бололцоогүй. Үүнтэй адил нийгмээрээ нийтээрээ түвшин жаргалтай амар амгалан, хаашаа ч харсан бүх хүн гэрэлтэй инээд баясалтай байвал хүн болгон тэндээс амар амгаланг мэдэрнэ. Эх орны маань ийм ирээдүйдхүн болгоны оролцоо хэрэгтэй. Бид бүгдээрээ үүргээ мэдэж, уламжилж ирсэн монгол ухаанаа орхигдуулахгүй явах нь чухал юм.
Эцэг эх чинь үр хүүхдээ, гэр орноо гээд өдөр шөнөгүй ажиллаад явж байгаа нь хариуцлагаа биелүүлж байгаагийн илрэл. Хүн бүхэн ингэж үүргээ биелүүлээд явахад азтай жаргалтай амьдрах шалтгаан бүрдэд ирнэ.
Залуу бөхчүүд та бүхэн маань биеийн тамирын соёлоор, жүдогоороо, үндэсний бөхөөрөө хичээллээд бие бялдрын хувьд бүгд эрүүл чийрэг, сэтгэл оюунаараа сэргэлэн хурц, хүмүүжил ёс суртахуунаараа төлөвшсөн хүмүүс болоорой.
Хүнтэй мэндэлж ёслохоос эхлээд хувийн ариун цэвэр, харилцааны соёл, хүлээц тэвчээртэй хандлага гээд бүгдэд өв тэгш суралцаарай. Хэн нэг хүн гомдмоор үг хэлсэн ч түүнийг дааж чаддаг, ажил даалгахад ард нь гарч гүйцээдэг энэ чанаруудыг эзэмшиж авна шүү.
Цөм бүрнээрээ нийлж, сайхан монгол орноо улам хөгжүүлье. Нэг ээж аавын хүүхдүүд шиг нэг улс гэрээ бодож, хүн болгон бие биедээ халуун дотно сэтгэлээр хандаж, дотно дулаан үг хэлж, дэмжин тусалж явцгаая.