Сонсоцгоо!
Солиотой хүн ярьж байна
Сайхан 3aлyyд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна
Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх хэлж байна
Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна
Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг 3aлyy минь бурхан шиг санагдаж
Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичихаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж
Дусал дуслаар биеэс чинь тасарч байхад
Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж
Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй
Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам
Сэтгэл чинь хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой
Харцгаа!
Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна
Бүрэнхий үдшийн аниргүйн дунд
Бүлээн цус нь нүднээс урсаж байна