Ардын дууны ая нь аргадаж, үг нь зэмлэдэг гэж манай нэгэн зохиолч бичсэн нь бий. Ардын дуу, тэр дундаас монгол ардын уртын дууны үг, аяны зохистой сайхан хослолыг ёстой л арга билгийн нэгдэл яахын аргагүй мөнөөс мөн гэлтэй. Үнэхээр ч монгол ардын уртын дууны уг хэн нэгэн зохиогчийн дангаар сэтгэсэн шүлэг бус агаад монгол түмний оюун тархинд зуун зуунаар бил¿үдсэн билэг оюуны их хур билээ. Тэрхүү үгийг нутаг нутагт өөр өөр ая дантай дуулсаар бас л шигшмэл сайхан, сэтгэл тэнийлгэм ая нь шалгаран үлдэж, Баян бараат, Боржгин ая гэх мэтчилэн тэр нутгаараа овоглон нэршиж эрин зууны турш дуурссаар ирсэн билээ.
Найраг сайхан аялгуу, шинээр сурах гэж буй тухайн хэлний аялга, дуудлага хоёрыгхослуулан сонсгох арга зүйг гадаад хэл сурах эрчимтэй аргын нэгэнд зүй ёсоор оруулан тооцдог ёс байдаг. Үнэхээр ч аялгуу төгс симфони найрал хөгжмийг гадаад хэл дээр цэвэр сайхан дуудлагаар ярьсан яриатай зэрэгцүүлэн бичсэн хуурцгийг сонсгоход суралцагчдын сонор нь эхлээд хөгжимд өөрийн эрхгүй татагдаж байснаа аажимдаа уг гадаад хэлний аялгуу, дуудлагад ээнэгшин дасдаг. Ингэснээр судалж байгаа хэлнийхээ үг хэллэгийг цэвэр зөв дуудаж сураад зогсохгүй тэр хэлний гоё сайхныг мэдрэн биширч эхэлдэг. Энэ нээлтийг онол болгон туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан хүн бол Английн сурган хумүүжүүлэгч Арткинсон юм. Харин ая, үгний хослолоор хунийг байтугай мал, амьтныг уярааж чаддаг арга билигтэн бол гагцхүү монголчууд бид билээ.
Малчин ардууд хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, тэр бүүхэл ботгоо голсон ингийгхүртэл ая дуугаараа уяраан дуулан хуурдан байж гологдсон төлийг авахуулаад эх үрийг амьдын хагацлаас аварч ирсэн олон жилийн уламжлалтайг өдгөө "Ая-ээж" баримтат киногоор маань дэлхий мэддэг болсон. Тэмээ хэмээх асар том амьтан хүний гарт орж, туүнд дасаад удсан ч гэлээ хуний хэлийг эс мэднэ. Гэтэл түүнийг уйлтал уяруулж, голсон үрээ танин ээнэгштэл "сэтгэлийг" нь эргүүлж чаддаг шидтэн манай Монголд л байдаг. Төлөө голсон эх малын "сэтгэл" ая дуу сонсоод бөмбөлзтөл уяран "ухаардаг" атал төрийн хуультай, түүнээс дутуугүй ёс заншил, ая дуутай монгол "ээж" нялх нялзрай үрээ хөхөө өвлийн цагт байшин барилгын хүйтэн хонгилд, зуны аагим халуунд зам талбайд, хээр гадаа хаячихдагтохиолдол нэг бус удаа гарсан баримт бий.
Хүмүүний ёсыгуландаа гишгэж, адгууснаасдолоондор болчихсон зарим нь үр хүүхдээ халуун усанд зумалж, галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн тухай мэдээ чих дэлсэх боллоо. Монгол хүний ариун ёс, нинжин сэтгэлийг эмтчин сэвтүүлсэн тиймэрхүү булай хэргийг таслан зогсоохын тулд хуулиа чангатгая, хууль ёсыг дээдлэх үзлийг хүн арддаа сайтар таниулъя, хүүхнүүд, охидыг хүчирхийллээс хамгаалах газар байгуулъя гэж ярих нь олонтаа. Энэ бүхэн хэрэгтэй нь хэрэгтэй л байх.
Хүний, тэр тусмаа монгол хүний оюун ухаанд хуулиас дутуугүй үйлчилж чадах, хуультай хослуулан хэрэглэвэл бүр ч илүү үр дүнд хүрч болох өөр нэгэн зүйл бол уртын дууны ухааруулахуйн их увдис мөн билээ.
Хоёр. УЯРЛААС УХААРАЛ
Монгол ардын уртын дууны ухааруулах их хүч увдисыг хүмүүн төрөлхийтний оюуны өв сангийн бусад төрөл зүйлтэй жишихийн аргагүй агуу их юм шиг санагддаг.
Харийн хэлээр, мөн л өрөөл бусдын ая дангаар уншсан бурханы ном, маани мэгзэм, маш уран илтгэл хүртэл сэтгэлд уртын дууны дайтай шингэж чаддаггүй. Энэ бол миний бодоход хилсдүүлэг биш, олон зуунаар батлагдсан амьдралын үнэн. Туйлын үнэн гэж байдаг л юм бол түүнд хамгийн ойрхон үнэн энэ байх.
Уртын дууны ухааруулах тэр -их увдис юунд байна вэ? Энэ талаар олны яриа, домог, дурдатгал, судалгаанаас үзэхэд дараах хэдэн дүгнэлтэд хүрч байна. Юуны урьд уртын дуу хумүүс бидний оюун сэтгэхүйн бүтэц, тогтоцтой нягт уялдаатай байдагт түүний
ухааруулах их хүч оршдог.
Эрдэмтэд хүмүүнийг мэдрэхүйн таван үндсэн эрхтэнтэй гэдэг. Тиймийн учир хүн аливаа зүйлийг энэ таван эрхтэнээрээ буюу үзэж, сонсож, амталж, үнэрлэж, бас гараараа барьж тавьжхүртэх замаар мэдэрч ухаардаг. Би өерийн амьдралд тохиолдсон нэгэн жишээгээр энэ дүгнэлтээ батлахыг оролдъё. Намайг жаахан, арван хэдтэй, сургуулийн хүүхэд байхад төвөөс манай суманд Улсын ардын дуу, бүжгийн чуулгын урлагийн бригад ирж, тоглолт хийж, Улсын гавьяат жүжигчин Ламжав гуай Даригангын "Жаахан шарга"-аа дуулсан юм. Тэгэхэд Хонгорын ширээт гэж дөрөө зурсан өндөр өвстэй, намхан ухаа зооны ар дээгүүр хос морьтой Цэрэнноров эсгий тоорцог хагас хулгавчилж хазгайдуухан тавьчихаад, хангинатал дуулаад хатируулж яваа дүр сэтгэлд бууж байж билээ. Сумынхаа нутгийн дээсийг алхаж үзээгүй хүүхэд ахуй цагийн тэр төсөөлөл хожим нь эр өсч, эсгий сунаад ажил албаны аян дагаж Дариганга нутгаар очиход яг л тэр аяараа нүдэнд бууж байсан.
Янз бүрийн насны хэсэг хүмүүст урьд нь огт мэдэхгүй урт, богино хоёр дууг тус бүр ижил тоогоор сонсгосны дараа үгийнх нь утга санааг ойлгож тогтоосон байдлыг шалгаж үзэхэд уртын дууны үг, утгыг ойлгож цээжилсэн түвшин богино дууныхаас 10-25 дахин илүү байна. Яагаад энэ билээ гэдгийн учрыг тунгааж үзэхэд, нэгдугээрт: уртындуутогтуун дөлгөөн, аажуухан, аятухтай сонсогддогийнх. Хоёрдугаарт: үг нь ардынхаа ухаанаар олон жилийн турш, дахин дахин боловсрогдож ардын гүн ухааны зэрэгт хүрсэн байдаг тул хүмүүсийн ой тогтоолтод нэн амархан хоногшдог. Харин богино дууны аяыг уртын дууныхаас илүү хурдан тогтоодог болох нь дээрх судалгаанаас харагдсан. Үүнд бас хоёр төрлийн тайлбар хэлж болно.
Нэгд, сүүлийн үед хүлээн авагч, зурагтаар нэвтрүүлж, чуулга, хамтлагууд тоглож хүмүүсийн сонорт дуулгаж байгаа дууны ихэнх нь богино дуу байдаг болохоор үзэгч сонсогчид уртын дууны аялгуунаас төсөөрч, харин богино дууны ая эгшигтэй ойр дөт байгаатай холбоотой.
Хоёрт, уртын дууны ая бол богино дууны аятай жишихэд нэн өргөн цараатай, зөвхөн нэг үг нь гэхэд богино дууныхаас хэддахин олонөнгө, ая эгшигдамжиндуулагддагторшино.
Энэ бол уртын дууны ая нь үгийнхээ утга санааг улам улам тодотгож, дуулж буй дуучны намба төрх, тухайн нутаг усны байгаль, хүн ардын зан заншилд нийцэн олон хувилбараар хөгжиж ирсэнтэй уялдаатай. Хүний ой тогтоолтын онцлогийг судалдаг эрдэмтэд удаан тогтоосон зүйлийг удаан мартдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөер хэлбэл, хэдийчнээ их хөдөлмөр зарцуулж ойлгож авсан ухагдахууныг төдийчнээ удаанаар ой ухаандаа хадгалж чадна гэсэн үг. Үүнээс улбаалан дүгнэхэд, уртын дууны ая тогтоож авахад амаргүй байдаг шигээ нэг тогтоосон хойно мартагдах нь бараг үгүй байдаг. Ажиглалтаас үзэхэд, урьд мэддэг, дуулдаг байсан боловч цагийн эрхээр бүдгэрч төсөөрсөн уртын дууныхаа аяыг аялж байж мартсагдсан үг, бадгийг сэргээн санаж дуулах нь олонтаа. Гэтэл богино дууг үг, шүлгээр нь хөөж аяыг нь сэргээн санаж буй байдал гол төлөв ажиглагддаг.
Гурав. УРТЫН САЙХАН ДУУНААС НАМРЫН АЙРАГ ХАНХАЛНА
Уртын дуу хүний үнэрлэх, амтлахуйд бас нөлөөлөх чадалтай. Тэсгим өвлийн хүйтэн, тарчигхаврын цагт радио, телевизээр ч юм уу, театр, чуулгын тайзнаас уртын дуу сонсч, үзэж суухад хур бороо орж, хөх ногоо дэлгэрч, адуу мал багширсан тэнүүн их талд агг сайн морио унаад давхиж явах шиг санагдаж, эрүүл цэнгэг салхины үнэр хамар цочроох мэт болж, айраг, сүүний амт арааны шүлс асгаруулдаг гэж ярьдаг хүн олон л тааралддаг юм. Үүнийг бичигч бээр ийм яриа сонсоод гайхах бус харии ч олзуурхан санал нийлдэг, мон л ялгаагүй уртын дууны амт, унэрийг мэдэрч өвөл хаврын цагт уртын дуу сонсоод жараахай олон унага жирийтэл уясан гүүн зэл, хөхүүртээ багтаж ядан оргиж давхисан саамтай айргаа еөрийн эрхгүй санадаг нэгэн бөлгөө. Өчүүхэн жаахан хүүхдүүд хүртэл хагас бүтэн сайн өдөр "Хүсэлтийн хариу"-гаар ганц нэг уртын дуу нэвтрүүлэхээр наадам, цагаан cap болж байгаа юм уу гэж шулганан асуудгийн учир гэвэл уртын дуу тэдний аманд амтагдаж, хамарт ханхалж байгаагийнх тэр билээ.
Дөрөв. МОРИН ХУУР БОЛ УРТЫН ДУУНЫ БИЕТ ХЭЛБЭР
Европын суурин соёл иргэншилтэй хүмүүс оюуны бүтээлээ биежүүлэн (материаллаг биет хэлбэрт оруулж) хадгалдаг. Харин мэнай монголчууд олон сая жилээр адгуулж ирсэн мал аж ахуйнхаа хэвшлийг дагасан нүүдлийн соёл иргэншлийн хэв шинжээр амьдарч дассан болохоороо оюуны бүтээлийнхээ өв санг дуу, шүлэг, ерөөл магтаал, үлгэр домог зэрэг аман зохиолын хэлбэрээр хадгалан үеэс үед дамжуулан өвлөхийн сацуу улам бүр хөгжүүлэн боловсронгуй болгож ирсэн түүхтэй.
Уртын дуу хүний барьж, хүрч мэдрэхүйд нөлөөлөх увдис чадалтайн хүчээр өөрийгөө биетээр илэрхийлэх морин хуур хэмээх хөгжмийн зэмсгийг бүтээхэд хүргэсэн байна. Монголын нийгэм, соёлын зүтгэлтэн, дипломатич, алдарт дууч Магсаржав хурцын Дугаржав гуай "Үндэснйи дуу, хөгжмийг хэрхэн мандуулах тухай" дурдатгал өгүүлэлдээ: "Тархи ухааны мэдрэл ба чихний сонор, гар хурууны хөдөлгөөний хийгээд барьсан хөгжмийн тэвх, нарийн бүдүүн хялгас, утас, мөн хөгийг нийлүүлэх чих болон хавирах хөрөөдөх хил нум, их бие, эдгээр ангиуд нийлэлдэн нөхцөл бүрдэж нэгэн хүчин төгөлдөр хөгжим болсон зэрэг түүний байгуулалтыг бүрнээ ойлгон мэдэх, түүний дууны аялгуу ямар хөг эгшигт урлагдаж (эгшиглэж) буйг олж судалж мэдрэхээс энэхүү хөгжмийн онол мэдлэгийг сурч улмаар чадвар, дадлага эзэмшихэд хялбар болно" гэсэн байдаг.
Цар, иш, чих, тэвх(маар)-ний хэв маяг, хэмжээ дамжаа, хялгасны уян хатан, бүдүүн нарийныг өөрөө тааруулан хийж, угсран урлаж, өөрөө хөглөсөн хуураар ая тоглоход хүний хуур барьснаас хамаагүй идээшлэгтэй бөгөөд ая үнэн зөв,тунгалаг сайхан эшиглэдэг юм гэж хуурч өвгөд ярьж байхыг нэг биш удаа сонссон. Морин хуур анх юуны учир, яаж төрсөн түүхийн тухай "Хөхөө Намжил"-ын домог, бусад хууч ярианд ч энэ утга санаа олон дахин давтагдсан байдаг.
Уртын сайхан дууныхаа гарт мэдрэгдэх энэ увьдас чадалд тулгуурлан морин хуур урлан бүтээж буй хуурчид, урчууд олон байгааг тайлбарлах нэгэн гол шалтгаан нь "бизнес" хэмээх наймааны ухаанд байхаасаа илүү уртын дуу, морин хуур хоёр салгахын аргагүй энэ хүйн холбоонд байдаг. Өндөр өндөр уулсын өртөөлөх цуурай ч гүйцэмгүй уртын дууны шууранхай, олон олон ардын ухаан хүрэмгүй ухаарлыг монголчууд гартаа оруулж авсны илч гэгээ нь морин хуур бегөөд тэрээр уртын дууны амьд биелэл бөлгеө.
Хүмүүний зургаа дахь мэдрэхүйн тухай сүүлийн үед их ярьж бичдэг боллоо. Уртын дуу хүний зургаа дахь мэдрэхүй буюу зөн билигт хүрч чаддагт түүний ухааруулахуйн бас нэгэн хүч чадал оршмой. Дээд мэдрэхүйн илрэл-хэл өөрөө зөн билгийн илэрхийлэл болдгийнхоо хувьд дотоодтоо нарийн зүй тогтол, арга билгийг агуулж байдаг. Түүний нэг нь эр, эм эгшиг зохицох, хослох ёс юм. Монгол дууны шүлэгт, нэн ялангуяа уртын дууг дуулах ур ухаанд энэхүү арга билгийн хослол яруу болоод тод харагдаж, сонсогдож, мэдрэгддэг гэж хэлж болно.
Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу (одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын) нутагт орших Их газрын чулууны ууландаа нэр, дүр, алдар цуугаа мөнхөлж үлдээсэн алдарт бөх Хур Харцага (Содном) ын тухай домогт уртын дуу "Эр бор Харцага"-ыг алдарт дуучдын дуулсан бичлэгээс үг, аялгууг харьцуулан шинжилж үзэхэд эм (эр) эгшигтэй үе, үг, мөрөөс эр (эм) эгшигтэй үе, үг, мөрөнд шилжихдээ завсрын зөөлөн авиа (монгол хэлний авиан зүйд саармаг эгшиг гэж нэрлэдэг)-гаар жийрэглэн дуулж байх нь тодхон сонсогддог. "Эр бор Харцага" дууны эхний түрлэгийн шүлгийг кирилл үсгээр бичиглэвээс:
Эр бор Харцага нь
Жигүүрэндээ хүчтэй л байна уу даа
Идэр залуу насанд нь
Ажиг ч үгүй явлаа л бил үү дээ зээ
Аяа хөөрхий алдрай мину зээ..."
гэж өгүүлдэг бөгөөд дуулж байхыг нь анхааралтай чагнахад:
" Зээ-ээ-ээ
Эр-э хи-и бор-у Харцаган-ду мину
Жигүүр- хэн-дэгээн л хи-и хүчтэй л шүү дээ..."
гэхчлэн сонсогддог. Энд эхний мөрний эм эгшигтэй "Эр" гэдэг үгнээс "о, у" эр эгшиг бүхий "бор-у" гэдэг үгэнд шилжихдээ "хи-и" гэсэн саармаг эгшиг бүхий чимэг аялгуу оруулж байна. Мөн эхний мөрний төгсгөлийн "Харцага нь" гэдэг эр үгнээс хоёр дахь мөрний эхний "жигүүрэндээ" гэсэн эм үг рүү шилжин орж дуулахдаа "мину" гэж зөөлрүүлж байгаа нь ажиглагдлаа. Уртын дуу ийнхүү эр эм үг, эгшгийг эерүүлэнхэн, найрууланхан, арга хийгээд билгийг эвлүүлэнхэн барилдууланхан эгшиглэдэг болохоор хүмүүний зөн билгийн ухаанд нэвтрэн орох их хүчтэй бөлгөө.
Амьдралынхаа эгзэгтэй бас гунигтай байх хэсэгхэн зуурт тохиолдсон нэгэн баримтаар энэ таамаглалыг тайлъя. 1975 оны туулай жилийн намрын дунд сард аав минь таалал төгслөө. Түүнээс хойш cap гаруйн дараа би ажил албаны газраасаа цөөн хоногийн чөлөө авч, аавынхаа төрсөн гэр, гал голомт, бурхан шүтээнийг сунтаглан залгуулж яваа төрсөн дүү нь, миний бол авга ахындаа очиж бурханд нь мөргөл айлдал хийж, амьхандаа аавынхаа хойноос буян үйлдэв. Авга ах болон тэдний гэрийнхэнтэй хот газрын сонин хөөрөлдөж харуусал гуниг эрхбиш нимгэрч бие нэгэнтаа тавирав. Маргааш өглөө нь авга бид хоёр Хар ахынд (алдарт уртын дуучин Н.Норовбанзад гуайн уртын дууны багш, манай Дэрэнгийн хонхортоо сайн дууч гэгддэг Тавхай өвгөнийг нутгийн бид ийнхүү авгайлдаг байсан юм) буухаар хоёр морь эмээллэн мордов. Авга ах маань өглөө босоод бодлогошронгуйхан байснаа Хар ахынд нэг буугаад ирье хоёулаа гэж хэлсний учир ийнхүү тэднийхийг зорив. Бид зорьсон айлдаа очоод идээ цай, айраг цагаа болсны дараа авга ах өврөөсөө урт цэнхэр хадаг гаргаж, тэдний том шар үндсэн хуланд айраг дүүргэж хадган дээрээ тавиад:
-За. "Өвгөн шувуу"-гаа нэг дуулж өгнө үү гэж хотоос ирсэн дүүгийнхээ хамт би Таныг зорьж ирлээ гэв. Тавхай гуай нас нэлээд өндөр болсонч гэсэн бидний хүссэн дууг эрмэг хоолойгоор их л чадмаг дуулсаар хоёр дахь түрлэг эхэлж:
"... Эргэж байх дөрвөн цагийн дотроос
Эрчимтэй зуныхаа сард нь
Эртний тавьсан ерөөлийн хүчээр
Энэ сайхан нутагтаа эргэж ирдэг билээ. Өвгөн ах
минь ээ. Та мину зээ..."
гэж дуулах зуур авга ах руугаа нэг харвал нүүрэнд нь баясал нэгэнтаа тодрох шиг болсноо хоёр нүдний нь нулимс өөрийн эрхгүй бөмберч байлаа. Айлаас мордож яваад авга минь надад:
-Бурхан болсон өвгөн ахыгаа цагийн эрхээр эргэж ирэхийн ерөөл тавьж, нутгийн дууч өвгөнөөр ийнхүү нэг
дуулуулж, чамтай хамт сонсоод сэтгэлийн уй гашууг бага боловч тайлцгаая гэсэн юм аа хүү минь гэж хэлж билээ.
Монгол ардын уртын дуу хүний сэтгэл хөдлөлийн бүхий л төрөл зүйл, өнгө аясыг өөртөө агуулж байдаг болохоор түүгээрээ дамжиж хүмүүний ой тойнд хүрч ухааруулах бас нэгэн эрдэмтэй.
Хүний сэтгэл хөдлөлийн эерэг, сөрөг талууд болох жаргах зовох, баярлах гомдох, янаглах хорсох, ерөөх ёгтлох, магтах муулах, таашаах уйдах, баясах гуних, тайвшрах түгших зэрэг нь уртын дууны үгийн утга, эгшиг аялгуу, дуулаач, хуурчны байдал төрхөд шингэсэн байдаг.
Дорнод нутагт ажиллаж, амьдарч байхад халх, буриад, барга, үзэмчин хурим найрын дэг жаягийг харьцуулан жишиж сонирхон судлах завшаан олдсон юм. Халх хурим найр "Жаргалтай дэлгэр"-ээ дуулж өндөрлөдөг байхад барга хурим ендерлөхийн цагт:
"Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай..."
гэж дуулцгаагаад бэрийн ээж охиноо зуухны амны халзад суулгаад урд хормойг дэлгэн бүгэн ногоон цай, цай нүддэг сүхний хамт тавиад гардаг юм байна билээ.
Ийнхүү нас биед хүрсэн хүүхнээ хайртай ханьтай нь гэрлүүлж бараалуулаад буцахдаа хадам ээжийнх нь хоолой зангирч, уяхан зарим нь нулимс унагааж харагдсан.Өрх бүл нэмж, хурим найр хийж баярлахын сацуу охиноо зангий нь аваагүй хадмын газар ичиж зовох, ядрах зүдрэх вий гэж өрөвдөхийн учир "Хөөрхөн халиун" хэмээх энэ дуугаар хурим өндөрлөдөг гэж ихийг үзэж, олныг сонссон нутгийн нэгэн барга өвгөн надад хуучилсан юм. Үнэхээр ч "Хөөрхөн халиун"-аа дуулаад өндөрлөж байгаа тэр нутгийн хуримыг харахад энэ дууны үг, ая, хүмүүсийн тэрхэн үеийн сэтгэл хөдлөлийн төлөв байдал, төрх шинжийг илэрхийлсэн "шууд бичлэг" шиг санагдсан.
Монгол ардын уртын дуу "Будал цолмон хүрэн", зохиолын богино дуу "Даваан дээрээс харахад" хоёрын шүлгийн утга санаа, бүтэц, аянуудынх нь ерөнхий төрх адил төстэй атлаа янаг хосын хайр сэтгэл, тохиолдож буй баяр баясгалан, болгоомжлол, гуниглалыг ухааруулан бодуулах чадал, даацын хувьд "Будал цолмон хүрэн" нь хавьгүй илүү болохыг хоёрхон баримтаар дурдъя.
"Будал цолмон хүрэн"-ийг ганцхан түрлэг дуулах хооронд алс холоос алхаатай мориныхоо аядуухан явдал дунд амрагийнхаа намба төрх, гоо үзэсгэлэн, зан араншин, түүнтэй насны туршид хослон амьдрахдаа туулж өнгөрүүлэх жаргал зовлон гээд мөн ч олныг бодож амжина. Гэтэл "Даваан дээрээс харахад" дууг нэг бадаг дуулах зуур ёстой л уяан дээр нь ирсэн хойноо унасан морио үүрсэхээр л сая нэг юм амраг хайртынхаа гадаа ирснийг мэдэрч, ороод очиход яадаг бол гэсэн богино зуурын бодол л хагас дутуухан сэтгэлд бууж амжих биз ээ. Зөвхөн үг нь утга төдийгүй ая эгшгийн багтаамж нь ийм их ялгаатай ажээ. Дуу хуурын өлгий Дундговь нутгаас маань төрөн гарч, энэ нутгийнхаа алдар хүндийг Монголдоо байтугай Замбуулингийн энгээр өргөж явсан алдарт дууч Ж.Дорждагва гуайн ноотлон буулгасныг үзэхэд "Будал цолмон хүрэн" дууны эхний мөрний "хүрнийгээ" гэхэд шууранхайлан хүрч байгаа хамгийн дээд өнгө "ля"-гаас "унаарай" гэж өтгөрч байгаа "соль" хүртэл барагхоёр бүтэн актав эзэлсэн өргөн их цараа, нугалаа, цохилт нь олныг бодогдуулж, тэр хэрээрээ ихийг ухааруулна. "Будал цолмон хүрэн" бол "Түмэн эх", "Замбуу тивийн нар", "Жаргалтай дэлгэр" зэрэг айзам их дуунуудтай жишихэд харьцангуй бага цараатай, бэсрэгдуу боловч ардын богино ба зохиолын дуунуудыг бодвол хүнд олныг бодогдуулж, ухааруулах увдис чадал хавьгүй илүүтэй болох нь дээрх харьцуулсан судалгаанаас харагдаж байна.
Монгол ардын уртын дуу ийнхүү хүмүүний ахуй амьдралд суурилан тэдний оюун ухааны охь шим болон гарч, бүхий л мэдрэхүйд нь хүрч нөлөөлж чаддаг болохоороо хүний зөн билгий нь бадрааж, онгод хийморий нь оргиож, зовоход жаргааж, гунихад баясгаж, гомдоход баярлуулж, сандарч түгшихэд тайвшруулж, шоолж муулахад магтаж, ёгтлоход ерөөж, уйдахад таашаал төрүүлж, хорслыг цайруулж, янаглал хайрыг ариутгаж, бодол санааг яруусгаж байдгаараа хүмүүс бидний амьдралыг бүх утгаар нь өөртөө өвч бүрэн багтааж байдаг. Хүмүун бидний биеэр туулж ирсэн, өнөөдөр ч туулж л яваа, хожим хойшид замнах амьдрал бол хийсвэр номлол ч биш, зөгнөлт зохиол ч бас биш болохоороо сэтгэлд хоногшин үлдэж ухааруулах их хүчтэй байдаг.
Чухам үүнийг өөртөө агуулж байдагт уртын дууны ухааруулахуйн нэгэн гол хүч чадал оршино.
Уртынхаа дуунаас холдоод байвал ухаан сэтгэл хомсдон бохирдоно. Харин уртын сайхан дуунуудаа ухааран ухааран дуулаад байх юм бол оюун санаа аривтан тэлж, уужуу тайван сэтгэж, хүн ёсоо дээдэлж, өтгөс дээдсээ жаргааж, үр ач нараа зөв ёсоор хөгжүүлэн хүмүүжүүлж чадахсан билээ.

Ийм сайхан блог нээсэн анддаа талархаж улам ихийг нэмж хийгээрэй гэж ерөөе
.gif)