Үйлчилгээ 1. Шоучдад зориулсан газрын зураг
Уг газрын зураг нь Улаанбаатрын бүх бааруудын байршил, хүчин чадал, пивоны үнэ, хямдрал, урамшуулалттай үе, зөөгч нарынх нь царайлаг эсэх, орой хэдэн цагт хаадаг тухай, гаднаас юм оруулах боломжтой эсэх гээд л зөндөө олон мэдээлэлүүдийг оронзайн шийдэлтэйгээр үзүүлж байх юм. Энэ газрын зураг нь шоучдыг янз бүрийн мэдэх, мэдэхгүй газарт очиж үнэтэй цаг, таксины мөнгөөр шатахаас сэргийлнэ.
Үйлчилгээ 2. Шоучдад зориулсан банк бус санхүүгийн байгууллага. (ломбард биш)
Энэ байгууллага нь бүх мөнгөөрөө шоуддаг сэтгэлийн хөөрөл ихтэй , санхүүгийн эрсдэл ихтэй шоучдад хандсан үйлчилгээ үзүүлнэ. Хэрэв та шоудахдаа бүх мөнгөө үрчихгээд байдаг бол манайд хандаарай. Манай байгууллага нь шоудалтын өмнө таны хадгалуулсан мөнгийг найдвартай сэйфэндээ хадгалаад маргааш таныг эрүүл болсон үед нэг хувийн суутгалтайгаар эргүүлэн олгох болно. Хэрэв та манай байнгын үйлчлүүлэгчийн карттай бол 0.5 хувийн суутгалтайгаар эргүүлэн олгох боломжтой.
Үйлчилгээ 3. Хоног төөрүүлэх байр
Энэ үйлчилгээ нь шоудсаны дараа харихаараа эхнэртээ зодуулах гээд байдаг, хадмындаа амьдардаг, буудалд хонох гэхээр үнэтэй санагдаад гадаа хонох гэхээр хөлдөж үхчихмээр санагдаад учираа олохгүй будилж байгаа шинэхэн шоучдад (архагуудад бол ийм асуудал тохиолдохгүй) зориулсан үйлчилгээ юм. Манай хоног төөрүүлэх байр нь эрүүлжүүлхийг бодвол эелдэг зөөлөн, буудлыг бодвол хямдхан бас нэр цэвэр, гудамжыг бодвол дулаахан байраар нэг шөнийн турш таньд үйлчилнэ.
Үйлчилгээ 4. Дуудлагын бантан
Шарталт хэмээх шаналгаатай асуудлыг шалавхан шийдэх арга бол манай амт, чанартай хамгийн гол нь дуудлагаар хүргэж өгдөг бантан юм. Та дохь бид өглөөний 11 цагаас өмнө ямарч гэсэн таны оффис дээр бантанг тань хүргэсэн байх болно.
Үйлчилгээ 5. Эхнэр болон ар гэрийхнийг тань панаалдах үйлчилгээ
Хонуутаар шоудсаны маргааш гэртээ харина гэдэг бол хүнд асуудал. Эхнэр тань ууртай, ааштай, хартай бол бүүр ч хүнд асуудал. Гэхдээ та манай энэхүү үйлчилгээнд хамрагдсанаар энэ асуудлыг шийдэх боломжтой. Манай тусгай мэргэшсэн ажилтан танай ажлын дарга, таны багын найз, таны бизнесийн хамтрагчийн дүрд чадварлаг тоглож утсаар ярих, бүүр болохгүй бол биеэрээ очиж уулзах хүртэл үйлчилгээг үзүүлэх боломжтой. Түүнчлэн нэгэнтээ уурлаж гэрээсээ явсан эхнэрийг тань аргадаж эргүүлэн авчирах үйлчилгээг үзүүлэх боломжтой. Жич энэ үед гарсан зардлыг тусгайлсан гэрээгээр зохицуулах болно. 5 удаа энэ үйлчилгээнд хамрагдсан бол та 1 удаа үнэгүйгээр үйлчлүүлэх эрхтэй.
Үйлчилгээ 6. Төмөр дотоожний үйлчилгээ
Мэдээж нилээд уусны дараа таны нүдэнд эмэгтэйчүүдийн бараг 80, 90 хувь нь царайлаг харагддаг л биз дээ. Эр хүн болсон хойно яахав дээ элдэв бодол төрдөг л биз. Ганц шөнийн жаргал эдэлсний төлөө аль алдаж эндэхийг тэр гэхэв. Эцэст нь харамсаж хоцрохгүйн тулд та манай төмөр дотоожний үйлчилгээнд хамрагдана уу. Уг дотоож нь цэвэр ган, титанаар хийгдсэн тул эвдэрч хэмхрэх боломжгүй бөгөөд тусгай нууцлалтай, эхнэрийн тань хурууны хээгээр онгойдог байхаар тохируулж болно. Мэдээж ийм дотоож өмсүүлж явуулсан эхнэр тань таныг санаа амар, тайван шоудуулах буйзаа. Жич. бид одоогоор шээх цоргоны асуудлыг сайн шийдэж чадаагүй байгаа тул дотор талд нь давхарлаж хэрэглэх сайн чанарын паамперс үнэгүй дагалдуулж өгнө.
За энэ бол миний бизнес санаа. Та нар тэгээд зохиогчийн эрх хулгайлваа. Бас энэ тал дээр хамтарч ажиллах над шиг бизнес сэтгэхүйтэй, сийрэг тархитай хүн байвал вээлком.