Өмнөд Солонгосын шүүхээс Хойд Солонгосын удирдагчийн ууган хүү Ким Жон Намын амь насанд халдахыг завдсан тагнуулч залууг баривчилж улмаар шоронд хорих шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын тал дээрх тагнуулчид дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн бөгөөд түүнтэй холбоотой мэдээллүүд одоогоор тодорхойгүй байгаа аж.
Ким Жон Нам Өмнөд Солонгос Улсад ирэхээсээ өмнө арван жилийн турш Хятадад амьдарсан бөгөөд Хойд Солонгосын тал түүнийг эх орноосоо урван тэрслэгч хэмээн эрэн сурвалжилж байсан тухай Өмнөд Солонгосын шүүхээс мэдээлжээ.
Ким Жон Нам дүү Ким Чен Уныг төрийн тэргүүн болох хүртэл Хойд Солонгост аавынхаа дэргэд байсан бөгөөд Макао дахь байшиндаа ирж очдог байсан хэмээн мэдээлж байгаа. Түүний Макао дахь байшинг Хойд Солонгосын цагдаа нар мэдсэн учир тэрбээр Сингапур руу дүрвэж байсан хэмээн нээлттэйгээр олон нийтэд мэдээлэсэн юм.
Европ руу гарахад хялбар гэж Сингапурыг сонгосон бөгөөд түүний 17 настай хүү нь Босни дахь Олон улсын коллежид суралцдаг юм байна. Харин Ким Жон Намын эхнэр Ли Хю Кан болон түүний 13 настай охинынхоо хамт Макаод амьдарч буй хэмээн таамаглаж байгаа юм. Үүнээс өмнө тэрбээр Японд түр суурьших хүсэлт гаргаж байсан аж. Ингэхдээ Токиогийн Диснейлэндэд очиж үзэхийг хүсч байна хэмээн мэдүүлж байжээ.
Гэхдээ Японы тал эл хүсэлтийг нь хүлээж аваагүйн улмаас Япон руу гарах оролдлого нь бүтэлгүйтсэн юм байна.
Э.Мөнхнасан