Бичлэгийн тоо 372
Сөүлээс Сан-Франциско хот хүртэлх 10 гаруй цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн “Boeing 777” онгоцны ахмад И Кан-кук газардах үедээ онгоцыг буух зурваст зогсоож дийлэлгүй онхолдуулсан байна. Өмнөд Солонгосын онгоцны нисэгч И Кан-кук нь 1999 оноос хойш нисэх онгоц жолоодож байгаа ба өнгөрсөн хугацаанд тэрээр 10 мянга гаруй цаг нислэг үйлдэхдээ “Boeing 777” онгоцоор нийт 43 цаг ниссэн аж. “Asiana Airlines” авиа компанийн “Boeing 777” онгоцны жолоодлогыг түүнээс гадна гурван хүн хамтран гүйцэтгэж байсан байна. Одоогоор Өмнөд Солонгос болон Америкийн мөрдөн шалгах албаны хамтарсан багийнхан онгоцны ослын шалтгааныг тодруулахаар мөрдлөгө явуулж, нисэгчид болон ахмадаас мэдүүлэг авч байгаа гэнэ. Албаныхны мэдээлснээр онгоцны хар хайрцаганд жолоочид онгоцны хурдыг багасгаж, зогсоож чадахгүй байгаа тухай бичигдэн үлдсэн гэнэ. “Asiana Airlines” компанийн захирал Юн Ён-дугийн мэдээлснээр “Boeing 777” онгоц нислэг үйлдэхээс өмнө онгоцны хөдөлгүүрт ямар нэгэн доголдол үүсээгүй байсан аж.
Б.АНХТУЯА