Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газарт хүүхдийн утасны үйлчилгээгээр хамтран ажилладаг ТББ-уудтай гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ маргааш болно. Хүүхдийн тусламжийн утас “Найз 1979” нь хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагыг хүлээн авч хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлдэг. Энэхүү утас нь хүүхдийн эрх хамгаалал, гэр бүлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг “Хүүхдийг Хүчирхийллээс Хамгаалах төв”, “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв”, “Өсвөр Үе Ирээдүй төв” зэрэг ТББ-уудтай гэрээ байгуулан хамтран ажилласаар иржээ. Өнгөрсөн онд хүүхдийн утсанд нийт 1031 дуудлага хүлээн авч, үүнээс 120 хүүхдэд дээрх үйлчилгээг үзүүлсэн байна. Хүүхдийн утсанд хандсан кейс менежментийн үйлчилгээ шаардлагатай дуудлагыг ТББ-уудад шилжүүлж, гэр бүлдээ хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах байранд байрлуулах, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулах, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэх, сургууль цэцэрлэг завсардах эрсдлээс сэргийлж эцэг эх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар зөвлөгөө өгч, цаашид хүүхдэд хэрэгцээтэй үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Хүүхдийн утасны үйл ажиллагааг “Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сан”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газар санхүүжүүлж хамтран ажиллад бөгөөд ашгийн бус хүүхдийн эрх хамгааллын төлөөх үйл ажиллагаа явуулдаг учир холбогдоход хамгийн хямд тарифтай бөгөөд хүүхдээс үйлчилгээний төлбөр гардаггүй. Мобиком 1 мин 100 төгрөг, Юнител 1 мин 50 төгрөг, Скайтел 1 мин 50 төгрөг, Жи Мобайл 1 мин 55 төгрөгөөр хүүхдийн утсанд холбогдох боломжтой аж.
Н.Дэлгэр