Бичлэгийн тоо 372
...Бид яагаад ч юм бэ? жилийн 4 улирлыг хавраас эхэлж тоолоод заншиж орхиж. Жилд ээлжлэн ээлжилж солигдох жилийн 4 улирал яг л хүний амьдрал мэт. Хаврын улирал балчир нас шиг, зуны улирал ид залуу нас шиг, намрын улирал нас тогтох идэр нас шиг, өвлийн улирал өтөл нас шиг.

Яг үүн лугаа адил, өнөөгийн Монголын улстөрийн хэмнэл яг л 4 улирал шиг ээлжилж байдгийг та анзаарсан уу?

Хавар

Улс төр дэх синдромын улирал. Монголын уламжлалт цагаан сар дөнгөж өнгөрөнгүүт хүмүүс энэ хаврын синдром хэзээ ямар үйлдлээр эхлэхийг битүүхэндээ хүлээж эхэлдэг.

Синдром эхлэх цаг хугацаа нь бараг л тодорхой. Багш нарын баяр, цагаан сар, мартын 8, цэргийн баяруудыг өнгөрөөж байгаад л эхэлнэ дээ. Жагсаал цуглаан, шаардлага өлсгөлөн, элдэв хурилдай болон хөдөлгөөнүүд хавар цагийн ургаж буй цэцэгс ногоо мэт өндийж, улстөрийн шаардлагаа хаврын хавсрага мэт л хуйсагнуулан байж тавина. Болох газар нь төрийн ордны урд талбай.

Ёс юм шиг нэг хэсэг нь гэр барьж, нөгөө хэсэг нь нураана. Тэр жил трактортой, энэ жил морьтой хүмүүс цуглаж элдэв шидийг үзүүлэв. Үзүүлбэр нь ихэвчлэн төрийн ордны зүг жимс ногоо шидэхээс эхлээд энэ жилийнх шиг нумнаас сум тавьж харвах хүртэл элдэв янз. Үзүүлбэрийн эзэд нь бараг л тодорхой. Иргэний хөдөлгөөнийхэн, эх нутгаа хамгаалагсад, эсвэл унасан улстөрчид. Энд голлон тоглодог хэдэн нөхөд бий, олон нийт бараг л танина даа.

Тавих шаардлага нь бараг тодорхой. Амлалт нэхэх, газар нутгаа авран хамгаалах, уул уурхайг зөв ашиглах, эсвэл хэн нэгнийг шүүж, ЗГ-ыг огцруулах гэх мэт. Өвөлжин ичээндээ байж уйдсан олон нийт энд ирж элдвийг үзэн зугаацан, энэ тэрийг шүүмжлэн буруушааж, гаднаа дэмжиж буй мэт дүр үзүүлэвч, дотроо бүтэхгүйг нь гайхан шоолох янзтай.

Үр дүн нь бараг тодорхой. Төр засаг нь эхэндээ "Ийм явдал болсон нь харамсалтай, бид учрыг магадлая. Та бүхэн тайван амгалан байцгаа" хэмээн засаг ноёны дүр үзүүлдэг байсан бол энэ жилээс "Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй" гэх янзаар тоомжиргүй хандах болж. Хаврын улирал ирж "Үртэй болгон дэлгэрч, үндэстэй болгон найгах" цагаар энэ жилийн улстөрийн синдромыг хэн эхлүүлж хэрхэн төгсгөхийг олон түмэн тааж ядан хэлэлцэх нь, наадмын хурдан хүлгүүдийг хэрхэн давхиж түрүү магнай болохыг тааж мэтгэлцэн

бооцоо тавих мэт. Цаанаа хэрхэн наймаалцаж, хэрхэн тохиролцдогийг бид үл мэднэ. Энэ төрлийн бизнес ихэд дэлгэрэн ашиг олз арвинтай байдаг тухай "олны яриа ортой" л байх.

"Хоол болтол шийр зугаа" гэдэгчлэн "наадам болтол хөдөлгөөн зугаа" болж, хаврын хавсрагатай, шар нартай бор өдрүүдийг үдэцгээнээ. Гэхдээ л майн баяр болоход бүх л зүйл зогсодог. Аргагүй шүү дээ наадам ойртож байна.

Зун

Улстөрчдийн зугаацаж, өөрсдийгөө гайхуулах улирал. Зун болж нар хур тэгширсэн өдрүүдэд монгол хүн болгон наадмаа сэтгэл догдлон хүлээдэг. Найраатай хэдий ч бөхөө үзэж, будлиантай хэдий ч хурдан хүлгүүдээ харцгааж. бэсрэг хэдий ч харваачдаа уухайлан дэмжинэ. Зуны улирал монголчууд бидэнд гагц наадмаар л хэмжигддэг. Наадмын өмнөх сэтгэл догдолсон хүлээлт, наадмын үеийн наргиан цэнгээн, наадмын дараах үргэлжилсэн найр, ой тохиосон баяр, даншиг наадмууд л зуны улирлын хэмнэл.

Яг л агсам морьд шиг сэтгэл хөвсөлзөж, айраг хуушуур, хорхог боодог, гоёлын дээл хувцас мөрөөдөх энэ л торгон агшинд манай улстөрчид, хамгийн эмзэг асуудлаа амжиж гэнэтхэн шийддэг зальжин аргатай. Өөрсдөд нь ашигтай, өрөөл бусдад хохиролтой ийм шийдвэрүүдийг хожим нь анзаарч "юу болоод өнгөрчихөв өө" гэж уулга алдах мөчид "ниргэсэн хойно нь хашгирав" гэгчийн үлгэр болж хожимдсон байх нь бий.

Наадам сайхан. Энэ л үед манай улстөрчид идэж завшсан бэл бэнчингээ, эрх мэдлийнх нь бэлэгдэл нууцгай амраг, хууль ёсны эхнэр хүүхдээрээ гоёцгоож, олны нүдийг хужирлан, сэтгэлийн хорыг нь малтан байж гайхуулдаг жамтай. Төрийн тэргүүнүүд минь хүртэл эртний хаад ноёдын, эзэрхэг манж түшмэдийн хувцсаар гангарцгааж, ойлгомжтой ойлгомжгүй олон янзын ерөөл дэвшүүлэн мэндчилж "төр улс төвшин амгалан, түмэн олон жаргалтай дэлгэр "

байгааг баяр бахдалтайгаар илэрхийлэх аж. Үнэтэй жипүүд хөлөглөж, мисс бүсгүйчүүдээр хүрээлүүлж, зусардагчдаа дагуулсан, халамцаж улаа бутарсан царай, баярхаж гайхуулсан тэдний төрхийг нь харан харан баясах олон түмэн "манай ноён мөн ч өнгөтэй байна шүү, магад бид баяжин жаргахын ерөөл буйз" хэмээн сүсэлнэ.

Дарга нар сүүдэвчинд тухалж, олон түмэн наранд шарагдан бөх үзэж, түрүү морьдын зүсийг нь дарга нар шинжиж, олон түмэн тоосыг нь хүртэх мөчид төрийн наадам, түшмэдийн зугаа алин болохыг ялгахад бэрх. Наадмын дараах олон даншигуудад мөнөөх л улстөрчид " хөдөөгийн уул талаар сүр хүчийг үзүүлэн гайхуулах" -ыг харах дор баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг. Дэлгэр зуны дэнж хотойсон наадмуудын доргионд улс орон эзгүйрч "наадмын маргааш намар" болдогийг умартан умартан цэнгэцгээнэ. Аяа! жаргалтай зуны гурван сард улс

гүрнээрээ наадан наргин цэнгэх монголчуудад "юун улстөр, юун хөгжил дэвшил".

Намар

Улстөрчдийн найрааны улирал. Наадам наргиан дүүрэн зуны улирал өнгөрч хүүхэд багачуудын сургууль эхлэх цагаар хүссэн ч хүсээгүй ч, дуртай ч дургүй ч ажил албандаа орцгооно. Гэнэтхэн ухаан орох мөчдөө "юун наргиан наадам, наана чинь өвөл айсуй" хэмээн сүржигнэн сурталдах тэднийг харах ахул өхөөрдмөөр ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг.

Ухаан орж учиргүй эх оронсог дүрд хувилах намрын улиралд тэд найраа хийн тохиролцож, наймаа хийж өр шир цайрах аж. Өвлийн бэлтгэл, ирэх жилийн төсөв, гадаад айлчлал, гэрээ хэлцэл, элдэв тендер, хууль журмууд энэ улиралд нүүдлийн шувуудын араас нисэлдэн нисэлдэж цаасан дээр бууна. Улстөр дахь "ажиллах" гэдэг нэршсэн үг, ажлаа сайн хийхийн утгыг биш, алив нэгэн төсөл тендер, мөнгөтэй холбоотой олон үйлдлүүдэд хуваан завших гэсэн утгыг илэрхийлдэг болсоор удаж буй. "Энэ ноён бидэнд яаж хандана, хариуг нь бид яг л тэгж барина"

гэдэг зарчим Монголын улстөрийн буцлам халуун тогоон доторх ялзрам үзэгдэл болсоор архагшиж буй. "Бидний оруулж ирж байгаа асуудлыг та нар дэмжвэл, та нарын оруулж ирэх асуудлыг бид дэмжих болно" гэсэн хандлага "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэг үгийг бодитоор нотлох болжээ. МАНАН -ын мөнхийн мөрөөдөл нь энэ болж байгаа. Хэрэгждэггүй, хэрэгжихдээ тэдэнд ашигтай байдлаар хэрэгждэг олон хууль дүрэм зааврууд ингэж л төрдөг.

Арвин ургац, алим жимсээр элбэг, баян намрын алт шиг шаргал өдрүүд манай улстөрчдөд авах идэх, завшиж луйвардахын өлзий бүрдсэн өдрүүд болон хишиг юугаа хайрлах аж.

Өвөл

Улстөрчдийн алдарших өдрүүд. Хүйтэн өвлийн утаатай өдрүүд, хатуу цагийн зудтай өдрүүдэд тэд хотоос зайдуу харшиндаа заларч, хол ойрын ажлаа амжуулдаг. Улаанбаатарын утаа ихсэх тусмаа, зуд болж хохирол ихтэй байх тусмаа тэдэнд сайн. Улаанбаатарын утааг багасгах гэж уут уутаар мөнгө зарлагадавч утаа багасах нь үгүй, харин тэдний халаас зузаарна. Зудын гамшигийг арилгах гэж хандив тусламж, өглөг хишиг цуглуулан тарааж, буянтай дүр эсгэхдээ ихэнхийг нь завшихаа бас мартахгүй. "Чоно борооноор" амташжээ. Намар болно гэдгийг

мартан мартталаа наадан наргих тэдний энэ үйлдлийг ч санаатай, бас бодлоготой байж магадгүй гэж хардах болсноо нуух юун.

Оны төгсгөл болж ганган гацуур модод гоёлоо өмсөх мөчид ажлаа дүгнэн, алдар гуншингаа зарлуулж, өргөмжлүүлэн магтуулах хөдөлгөөн бүтэн сараар өрнөдөг. Хийж бүтээсэн бүтээлгүй, байгуулсан гавьяагүй атлаа "оны шилдэг", "шилдэгийн шилдэг", "шилдэг эмэгтэй", "шилдэг байж магадгүй", "ирээдүйд шилдэг болох" гэхчилэн өргөмжлөл шагналыг толгой дараалан хүртэцгээнэ. Шагналдаа халуурч, магтаалдаа мангуурсан зарим нь энэ л өдрүүдэд тодроогүй авьяасаа тодруулан дүүлж, бүжиглэж, арайтай л стриптиз үзүүлэх нь холгүй. 'Ичих нүүрэндээ

илэг наасан" энэ олон шилдэг алдартангуудыг харж сууухдаа, эх орон минь яагаад хөгжихгүй байгааг олон нийт ойлгож ядан гайхах аж. Энэ л хийрхэл дор зарим нь тодорхой ханшаар алдар цол, өргөмжлөл олгодог бизнес ч бий болгож байгаа гэсэн.

Монголчуудын уламжлалт цагаан сараар аав ээж, ахан дүүстэйгээ биш, нам засгийн удирдлагадаа тал засах гэж ёс алдах нь зусардалт зулгуйдалтын сонгодог жишээ болон хөгжиж буй. Үдэж буй оны ерөөл, ирж буй оны бэлэгдэл болсон энэ өдрүүдэд бэл бэнчингээ бусдад гайхуулах гэж үнэтэй торго, савхи, суусар, булга минжиний арьсан дороос хөлсөө цувуулан аахилах тэднийг хүн гэхэд хэцүү, бэрд гэхэд ч бас хэцүү. Тэднийг даган даган баяссаар бид ч өөрсдөө хүн чанар бэлэгдлээ умартаж орхих болжээ.

Гэхдээ хамаг бүхнийг сэргээсэн хавар цаг айсуй.

Төгсгөл

Монгол орон минь хатуу ширүүн ч гэлээ ээлжлэх 4 улиралтай. Яргуй хэнзэлж, амьтай бүхэн сэргэх хаврын улирал, дэлхий дэлэгнэж, дэнж хотойтол наадах зуны улирал, амттан бүхэн боловсорч, шим шүүсээ хайрлах намрын улирал, цасан хучлагаа нөмөрч, цэнгэг агаарт тасxийм жавар хургаах өвлийн улиралд монголчууд бид олон олон он жилд нүүдэллэн амьдарсаар л ирсэн. Ээлжлэх энэ 4 улиралдаа монгол хүн уярч дуулж, наадаж наргиж, тэсч тэвчиж, байгаль дэлхийгээ аргадан сүсэлж амьдарсаар иржээ. Тиймдээ ч монголчууд бид уужуу ухаантай, хүлээц

тэвчээртэй, билэг авьяастай болон хөгжиж байгаа.

Овоо босгон дээдэлж, хадаг дэлгэн гуйж, сүү өргөн аргадаж ирсэн байгаль газар шороог минь өдгөө цагийн улстөрчид харь орныхонтой хамтран, хатуу гараар онгичин сэндийлж, хамаг баялгийг нь хуваан завшихаар завдаж буй. Бусдыг харааж зүхэхдээ, буруутган занахдаа ч биш бид өөрсдөө эрүүл сэтгэл, саруул ухаанаар хандах цаг болжээ. Бие биенээ үзэн ядахдаа биш, эвлэлдэн нэгдэж, энэ газар шороогоо, үзэмжит байгалаа хамгаалан авч үлдэх нь бидний л үүрэг. Монголчууд биднээс өөр хэн нэгэн бидний амьдрах газар нутгийг минь хайрлана гэж

үү?

Монголын сайхан нутагт минь ээлжлэх 4 улирал ирж л байг. Ингэлээ гээд бид зутрах нь үгүй.

Харин монголын улстөрд ээлжлэх 4 улирлыг өөрчлөх хэрэгтэй байнаа. Үүний уршгаар бид зутрах болж байна. Энэ бол гагц бидний л сонголт.

Ямар ард түмэн байваас тийм л төр байдаг гэнэ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
profile

www.mglclub.com Administrator

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4937544/1e6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [1] monh-monk 2013-03-31 21256
배너신청
자생병원

배너신청