Х.Цагаанбаатар анх удаа ДАШТ-аас алтан медалийг эх орондоо авчирлаа
Уншсан 20098 vote 0 2009.08.27 13:05:00Монгол Улсын гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Хашбаатарын Цагаанбаатар Голландын Роттердам хотод болж буй Жүдо бөхийн ДАШТ-ийн -66 кг-ийн жинд барилдаж аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.
Тэрээр энэхүү ДАШТ-нд эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казакстаны бөх С.Лимийг, гуравдугаар тойрогтоо Бельгийн бөх Ф.Фламандийг тус тус илүүрхэн ялсан билээ. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Румыны бөхийг ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх А.Гадановыг ялсан юм. Харин аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Испанийн бөх С.Уриартитэй барилдаж, ялснаар ийнхүү аваргын алтан медалийг хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүллээ. Тэрээр сурвалжлагчид:
-Би өнөөдөр их чадалтай байсан. Миний өрсөлдөгчид их хүчтэй, техник сайтай байсан. Гэвч тэд ядарсан, харин би огтхон ч ядраагүй байсан юм.
Энэ бол Дэлхийн аваргаас хүртэж байгаа миний анхны алтан медаль. Мөн манай улсын хувьд ДАШТ-нээс жүдо бөхийн төрлөөр авч буй анхны алтан медаль. Энэ бол бидний хувьд маш чухал зүйл. Өнгөрсөн жил болсон Олимпийн наадмын үеэр Найдангийн Түвшинбаяр жүдо бөхөөр алтан медаль авснаас хойш энэ спорт манай улсад их түгээмэл болж, олон олон хүүхдүүд энэ спортын төрлөөр хичээллэх болсон хэмээн хариулжээ.
Манай улс жүдо бөхийн ДАШТ-нээс урьд өмнө нь гурван медаль авч байсан бөгөөд үүнд хоёр хүрэл, нэг мөнгөн медаль байдаг. Харин ийнхүү дөрөв дэх медаль нь алт болж байгаа юм.
Х.Цагаанбаатар дөнгөж саяхан үрийн зулай үнэрлэснийг эрхэм уншигчид санаж буй биз ээ. Ингээд Монгол Улсынхаа нэрий дэлхийн тавцанд гаргасан Монгол Улсын гавьяат тамирчин, Афины олимпийн хүрэл медальт, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Хашбаатарын Цагаанбаатар танд нийт Монгол түмнийхээ өмнөөс халуун баярыг хүргэе. Өдгөөгөөс жилийн өмнө бид Олимпийн тэнгэрт эх орныхоо далбааг өргүүлж байсан бил ийнхүү жилийн дараа ДАШТ-нээс алтан медаль хүртлээ.
Ингээд та бүхэн Жүдо бөхийн 2009 оны ДАШТ-нд улс орнуудын медаль авсан байдлыг жагсаан үзүүлсэн хүснэгтийг хүлээн авна уу.
О.Ариунбилэг