Бичлэгийн тоо 213
С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар  


Манай “Хообий” буланд саатсан эрхэм бол шог зураач С.Цогтбаяр. Тэрбээр хөгжмийн бичлэг цуглуулдаг. Рок, поп урлагт сэтгэл зүрхээ зориулж яваа түүнтэй өрнүүлсэн сонирхолтой яриаг танд хүргэж байна.

-Та хэзээнээс хөгжмийн бичлэг цуглуулж эхлэв?
-Долдугаар ангид байхаасаа гэхээр 40-өөд жил болж байна. Оюутан байхад хөгжмийн бичлэг олдохгүй, бараан зах дээр гарч пянз сольно. Гадаадаас ирсэн оюутнуудын авчирсан пянзыг худалдаж авна, сольж сонсдог байлаа. Одоо мөнгө нь байвал ногоон хурганы арьс, нохойн битүү туурай ч олдох байх. Хөгжмийн бичлэг технологийн хөгжлийг дагаад пянз, дараа нь хальс, одоо CD, DVD, HDVD болсон. Хамгийн сүүлд 40Gb багтаамжтай CD гарсан байгаа, мөн 250-300Gb хэмжээтэй CD-ны туршилт явагдаж байгаа. Ойрын 2-3 жилээс хэрэглээнд гарах байх. Иймэрхүү хувьсал цуглуулагчдад нөлөөлөх нь ойлгомжтой. Боломжтой бүх хувилбараар цуглуулгаа өргөжүүлнэ шүү дээ. Харин номны хувьд аудио, CD, PDF, гурван хэмжээст гээд цахим хэлбэрээр олон хувилбар бий. Үүнийг ашиглаад цахим номын сантай болж болно. Гэхдээ хэвлэмэл ном хэрэглээнээс гарахгүй. Арван хэдэн жилийн өмнө үлгэр, зүүд юм шиг ярьдаг байсан гайхамшигтай ч нөгөө талаар ойлгомжгүй эринд бид амьдарч байна.

-Таны хөгжмийн бичлэг хэчнээн болсон бэ?
-Цуглуулагчид тоо чухал биш. Бүрэн цуглуулгатай байхыг хүсдэг. Хүн ямар нэг зүйл цуглуулаад эхлэхээр тэрнийхээ сайхныг нь мэдэрч, ойлгох гэж судладаг.

-Тэгэхээр цуглуулгынхаа төрлөөс хамаарч тухайн салбарт мэргэшдэг байх нь ээ?
-Яг ч тэгэж хэлж болохгүй. Сонирхож байгаа зүйлийнхээ талаар мэдэж, ойлгох гэж судалгаа хийн, мэдээлэл цуглуулдаг юм. Би өөрийгөө архелогичтой зүйрлэнэ. Ямар нэг хуучны олдвор олж, түүгээрээ түүхийг тодорхойлдог. Би 60-аад онд төрсөн ч 50-60-аад оны үеийн хөгжмийг сонирхож, судлаж, хайж, цуглуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бид юуг сонсолгүй, юу мэдрэлгүй өнгөрөөсөн юм бэ гэдэгт анхаарал хандуулж байна. Шинэ зүйлийн хойноос хөөцөлдөх хэрэггүй. Тэртээ тэргүй олдоц их, дээр нь өдий насан дээр хип хоп гээд гүйх нь ч хаашаа юм. Сонирхож байгаа 50-60-аад оны хөгжмийн талаар илүү гүнзгий, хангалттай мэдээлэлтэй болмоор байна. Мэргэжлийн хүмүүсийн хажууд мэдэхгүй зүйл байх ч энгийн хүнээс өөр арай илүү түвшинд байгаа.

-Марк цуглуулагчид шиг хөгжмийн бичлэг цуглуулагчид хоорондоо солилцох явдал байдаг уу. Хоорондоо хэр холбоотой байдаг вэ?
-Төрөл, төрлөөрөө л холбоотой байдаг байх. Цуглуулагчдыг нэгтгэх гэж олон удаа оролдож байсан ч бүтэлтэй ажил болоогүй. 1980-аад онд хар зах дээр гарч холио солио, худалдаа хийгээд байгаа хүмүүсийн эдийг нь хураагаад, намын төв хорооноос клуб байгуул гэсэн даалгавар өгч байсан.

-Өөрийнхөө цуглуулгаас хамгийн үнэтэйг нь нэрлэвэл?
-Хөгжмийн цуглуулга нэг их үнэтэй төрөл биш. Марк, мөнгөн тэмдэг, хуучны эдлэл зэрэг өндөр үнэтэй зүйлс байна. Тухайлбал, Ил хаадын үеийн нэг ширхэг алтан зоос 40-50 мянган ам.доллар, эртний марк 2-3 сая ам.доллар хүрдэг. Үүнтэй харьцуулахад хөгжмийн бичлэг бол өртөг хямд, олдоц их. Хэдэн сая хувийг хэвлээд, тараачихдаг шүү дээ. Хамгийн гол нь түүнийг аваад, хадгалсан нь олон жилийн дараа үнэ хүрэх нь бий. Тухайлбал, тухайн үедээ олон сая хувь хэвлээд, 30 центээр зарж байсан хүн аалзын анхны дугаар одоо 30 орчим мянган ам.доллар хүрсэн байх жишээтэй. Хөгжмийн бичлэг ч гэсэн хэчнээн сая хувь хэвлээд л тараадаг.

-Тэгвэл сонирхогчдын анхаарал татахуйц, одоо ховорт тооцогдох бичлэг бий биз дээ?
-Манайхан сонирхдог AC DC гэж байсан хүнд рок хамтлагийн бүрэн цуглуулга бий. Энэ мэт иймэрхүү бүрэн цуглуулгыг үнэлж болно. Бас зөвхөн цуглуулагчдад зориулж цөөн тоогоор гаргасан CD-нүүд бий. Надад зөндөө л бичлэг байгаа.  Хэн нь юу сонирхохыг мэдэхгүй болохоор тэр гэж нэрлэж чадахгүй нь.

-Та яагаад өөрийнхөө цуглуулгын үнэ цэнэтэй биш гээд байгаа юм?
-Үнэ яригдах төрлүүд бол эртний эдлэл, марк, зоос, мөнгөн тэмдэгт, урлагийн бүтээлүүд. Хүнээс мөнгө зээлж байгаад 70 мянган ам.доллароор хүрэл хутга авлаа гэсэн хүнтэй таарч байсан. Үүнийг хэн нэгэн мөнгөтэй гадаад хүн 80 мянган ам.доллароор худалдаж аваад явахыг хэн байг гэх вэ. Цуглуулагчид улсын өмнөөс соёл, түүхийн дурсгалуудыг цуглуулах, системтэй болгоход чухал ажил хийдэг юм. Хувь, хувьсгал гэдэг хамаагүй, тэр эдийг эх орондоо үлдээсэн гэдэг нь хамгийн чухал. Ядарч, зүдэрч олсон мөнгөө ийм зүйлдээ зардаг хүмүүс. Марк, тэмдэг, зоос гээд зардал ихтэй төрөл байна шүү дээ. Нэг хамтлагийн бүрэн цуглуулга ихдээ 1000-2000 ам.доллар болдог бол энэ мөнгөөр хэрийн хуучны марк авч чадахгүй. Яахав Битлзийн анхны цомог, Жон Ленноны гарын үсэгтэй хуудас гэвэл үнэтэй л байх.
Цуглуулж болохгүй юм гэж байхгүй. Оросын сайт дээр хаант Оросын, хувьсгалын үеийн афиша, постерны зураг тавьсан байсан. Энэ цуглуулгаас дизайны урлагийн хөгжил, түүх гээд олон мэдээллийг авч болно. Манайд одоогоор алга. Зөвхөн 1800-аад оны үеийн Coco-Cola-ны анхны сурталчилгааны зурагт хуудсаас эхлээд цуглуулан бүтэн альбом хийсэн байна лээ. Өрнө дахины арилжааны том зах зээл дээр мөнгө олж болох бүхнийг хөдөлгөж байдаг. Манайд одоо л эхэлж байгаа. Материаллаг үнэ цэнээсээ гадна түүх, соёл, хөгжлийн баримт болох гээд олон талын ач холбогдолтой.

-Сүүлийн үед хөгжмийн бичлэг i pod, MP 3, MP 4 форматаар гарч, тун элбэр болсон. Энэ таны цуглуулгад хэрхэн нөлөөлж байна вэ?
-Би ийм хувилбраар цуглуулж байгаа. Маш их хөрөнгө зарж хийсэн бичлэгийг хүмүүс интернэтээс үнэгүй авах боломжтой болсон. Үүнээс болж дуу бичлэгийн салбар донсолгоонд ороод байгаа. Цомгийн борлуулалт 70 хувь буурч энэ салбар хямралд хүрч байгаа. Техникийн дэвшил чинь нэг талаасаа ололт ч гэлээ нөгөө талдаа өмнөх зүйлээ үгүйсгэдэг.

-Энэ нь цуглуулагчдад нөлөөлөх үү?
-Бидэнд үнэ чухал биш. Зөвхөн үйлдвэрлэгчдийн асуудал. Цуглуулага гэдэг үнэ хүрэхээр нь зарна гээд дараад байдаг хувьцаа, бонд биш. Гэхдээ бичлэгийг дижитал хувилбарт оруулахаар дээд, доод өнгө нь алга болохоос эхлээд жинхэнэ эх бичлэг, пянзнаас өөр сонсогддог юм.

-Та цуглуулгаа өргөжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?
-Цаг зарцуулах юу байх вэ. Ердөө л худалдаж авах асуудал. Энгийн худалдаа хийхтэй адилхан. Жаахан шуналтай байдаг биз. Гадаадад Цацаа, Со гээд найзуудтайгаа явбал ном, CD-ны дэлгүүрээр хэдэн цаг хэснэ.

-Цуглуулга хийхийн ач холбогдол нь юу вэ?
-Би өөрөө уран бүтээлч хүн. Наад зах нь сэтгэлзүйн таашаал авна. Үр хүүхддээ өвлүүлнэ. Хүмүүс янз бүрийн л юм цуглуулдаг. Саяхан Монголын болон дэлхийн цуглуулагчдын талаар нэг ном гарсан байна лээ. Ваар, заан, хун, шүдэнз гээд л цуглуулж болохгүй зүйл гэж алга. Сүүлийн үед их оюунлаг цуглуулагчид олширсон юм уу гэж санагдаад байгаа.

Миний бодлоор “хобби” гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар. Дуртай, сонирхсон зүйлийнхээ хойноос амь тавьж, бодно, харамсана. Англид явж байгаад “Битлз”-ийн Anthology гэж ном харлаа. Ачаа ихтэй болохоор аваагүй юм. Энд ирсэн хойноо “20 фунт, авчихдаг л байж” гэж бодогдоод. Тэнд байдаг найздаа захиж, авсан хойноо сая нэг санаа амарсан. Ховор, нандин, таалагдсан зүйлээ бодоод хорхойсоод байдаг нь цуглуулагчдын араншин. Манай Сайнсайхан гэж найз хар пянз байх үеэс цуглуулсан. Бие нь муу гэсэн мөртөө дэлгүүр хэсээд, хөгжмийн бичлэг цуглуулаад явж байсан. Удалгүй, цагаан сарын үеэр бурхан болсон гэж дуулдсан.

Цуглуулагчид чинь лангууны дор, айлын новшин дунд, булан нь цухуйсан байхад л хэрэгтэй гэснээ олж хардаг хорон нүдтэй байдаг юм.
Нөгөөтэйгүүр хувийн цуглуулагчид төр засгийн анхаарахгүй байгаа, анхаарсан ч хийж чадахгүй байгаа ажлыг хийдэг. Урлаг, соёл, түүхийн үнэт дурсгалыг хувийнхаа мөнгөөр авч хадгалана. Би “Азийн өв соёлын сан”-гийн удирдах зөвлөлд байдаг. Тэнд ажилладаг залуус эхлээд Монголын гар урлалын бүтээгдхүүнийг худалдаалдаг байснаа яваандаа сайхныг нь мэдэрч, одоо цуглуулагч болсон. Бүр музей байгуулаад, Монголын түүх, соёлтой холбоотой үнэт зүйлсийг худалдаж авахаар Sotheby’s, Нью-Йоркийн дуудлага худалдаанд оролцож, Занабазарын бүтээсэн бурханыг авчирахын тулд хувиасаа 200-300 мянган ам.доллар аваад явж байсан. Монголын үнэт цаасны түүхийг өгүүлэх бүтэн цуглуулгатай хүн байна. Данзангийн үед гараад устгагдсан “Бага болзоот” хэмээх үнэт цаас дэлхийд дөрөвхөн ширхэг байдгийн нэгийг олоод авсан байх жишээтэй. Багш мэргэжилтэй нэгэн монгол цоож, цуурга цуглуулсан байна лээ. Энэ нь хаа ч байхгүй, Монгол улсын улсын цоож, цуурганы түүхийг бүрдүүлж, нэгтэгсэн хэрэг. Энэ бол цуглуулагчдийн нийгэмд гүйцэтгэж буй чухал үүрэг.

Манай урд хөршийнхөн бол энэ асуудлыг төрийн хэмжээнд, бодлогоор зохицуулдаг. Санхүүгийн бэлтгэлтэй хэд хэдэн баг гаргаж хувь хүний гар дээрээс авахаас эхлээд томоохон дуудлага худалдаанд оролцож цуглуулдаг. Хятадууд Монголтой холбоотой бүхнийг хуу хамж, үнэ цохиж авч байгаа гэж нэг сониноос уншсан. 1990-ээд оны эхээр хямд үнээр, маш олон соёлын дурсгалт зүйл гадагшаа гарсан. Заримыг нь манай цуглуулагчид буцаан авч байна шүү дээ. Тэгэхээр нэг хүн донтоод, эд цуглуулаад, байгаа биш, улсад хэрэгтэй үйл хийж байдаг юм.


profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/416618/4a1/trackback

96843226

2008.06.29 19:20:08
*.145.2.226

Санал болгох
1
Санал болгохгүй
0

Нэг. Үгүйлэгдсэн юм

Хөгжил дэвшил гэдэг нь үнэн хэрэгтээ уламжлалаасаа хагацан салах процесс билээ. Бид нэг талаасаа ийм л процессоор идэвхтэй урагшлан хөгжиж байгаа ч нөгөө талаасаа өв уламжлалынхаа мартагдсан хэлхээг сэргээх, санах эрчмээр амьсгалж байна. Энэ нь хоёр үндсэн шалтгаантай. Эхний шалтгаан, өв уламжлалын тасалдал буюу социализмын он жилүүдтэй холбогдоно. Хаалт хорионд байгаа юм бүхэн зөв буруугаасаа үл хамааран үгүйлэгддэг, нийтийн мөрөөс болдог.Бас хаалт хориг тавигдангуут утга учиргүй зохиомол хэрэгцээ үүсдэг. Яг нээгдсэн ваакуум руу сорогдох агаар шиг. 1990-ээд оны ардчилал аливаа хаалт хоригийг түүний дотор үндэсний зарим зан үйл, уламжлалд тавьсан вето-г хүчингүй болголоо. Үндэсний сайхан уламжлал сэргэхийн зэрэгцээ үндэсний гэж нэрлэгдсэн, нэр өгсөн болгон манай ард олны амьдрал руу яг л хоосон ваакуум руу сорогдох мэт орж эхэллээ. Нэгэнт уламжлалаас таслагдан бараг нэгэн зууныг элээж хүний бүтэн үе солигдсон учраас бид юуг л бол юуг “уламжлал” нэрийн доор сэргээн авч өөриймшүүлэхэд бэлэн байсан. Сэтгэл зүйн ийм хөрсөн дээр ямар ч юм зүй ёсоороо сэргэхийн өмнө нугалаа завхралд ордог болохыг судлаачид эрт ажиглажээ. Энэ жам ёсноос бид ч гажсангүй.

Цайллага цагаалгаас эхлээд хойлго будаалгын ёслол хүртэл учир замбараагаа алдаж, “ингэдэг” гэсэн болгоны үгийг дагасаар сүүлдээ учрыг олоход бэрх зүйл болох нь цөөнгүй байсныг та нар санаж байгаа байх аа. Ингэж золгодог, тэгвэл буруутдаг, төдөнд золгодог гээд хичнээн янзын юм одоо яригдаж байна. Арай л “шинийн нэгний өглөө хэрээслэвэл сайн” гэх зурхай гараагүй байна. Гарахгүй байгаа юм биш. Христ мөргөлт оросуудын нөлөөгөөр иргэншсэн монголчуудын олонхи нь хэрээслэн залбирахын учрыг мэддэг болохоор нэрэлхээд байгаа юм. Тэрнээс биш “Шинийн нэгний өглөө мөрөө гаргахдаа хэрээслэдэг” гэж ярих нөхөд зөндөө л байсан хэрэг.

Хоёр. Зөвтгөл

Хуучин тогтоцын хүлээ уяа тайлагдаад бараг хорин жил өнгөрлөө. Хуучин болгоныг уламжлал гэж үзэх, уламжлал болгоныг сэргээн өвлөх хийрхэл нэгэн үеийг бодвол харьцангуй намжиж байна.

ХХ зууны түүх нь ээдрээтэй бөгөөд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан, улс орноо иргэншүүлэн хөгжүүлсэн өнцгөөс харахад бахархах юм ихтэй, харин уламжлал соёлын олон элементээс хүчээр хагацаасан, хүчирхийлсэн талаас нь харахад гэмшин, харамсууштай дүр зураг харагддаг бөгөөд нэгдсэн нэг үнэлэлт дүгнэлтийг өгөхөд түвэгтэй зурвас үе юм.

Гэхдээ хүн амын 80 хувь нь нүүдэлчин хэвшилтэй, гол хэрэглээгээ гар үйлдвэрээр хангадаг мал аж ахуйн орноос иргэдийнх нь 80 хувь суурьшсан иргэншилт тусгаар улс болон хувирсан нь яах аргагүй дэвшил. Энэ дэвшлийг хийхийн тулд соёлын томоохон хувьсгал хийхээс зайлшгүй. Соёлын энэ хувьсгалын хуучин уламжлалыг эсэргүүцэн орхих хэлбэрээр л хийдэг зэргийг бодолцвол зарим нэг хоцрогдол, хоцрогдсон зан заншлыг таягдан хаяж, зориуд мартагдуулахаас өөр замгүй байсан гэж бодогддог.

Яг нарийндаа хөгжил дэвшил гэдэг нь уламжлалаасаа хагацан салах процесс болох талаар бид яриагаа эхэлсэн. Монголчууд цөөнх нь бичиг мэддэг байсан уламжлалаа орхин нийтээрээ бичиг үсэгтэн болж, морин өртөөний түүхэн уламжлалаа таягдан авто өртөө, улмаар агаарын шуудантай, одоо электрон шуудан и-мэйл хаягтай болж байна.

Хүн төрөлхтний хувь заяа түшихэд уламжлал үргэлж халагдаж, шинэчлэгдэхдээ илүү сайн сайхан болох тийшээгээ явж байгаа гэдээг. Нэгэн үе мухар сүсгийн хэрэгсэл байсан шашнууд өнөөдөр ид шидийн тухай үлгэр байхаа больж харин хүн төрөлхтний мораль, ёс суртахууны хэмжээг тогтоож байна. Анх эхлэхдээ мэргэ төлгө тавих хэрэгслэл байсан одон зурхай хөгжин хөгжсөөр одон орны шинжлэх ухаан болж, од эрхсийн дунд дагуул илгээн, орчлонт ертөнцийн алсыг хааблл дурангаар ажих болжээ.

Бидний олон олон уламжлал шинэ сайхан зүйлстээ зам тавьж, манай үндэстэн хөгжин дэвжсээр байна.

Гурав. Чөдөр хийгээд ташуур

Гэхдээ машинд хааз, тооромсог хэмээх эсрэг тэсрэг үйлдэлтэй хоёр зүйл зайлшгүй хэрэгтэй байдаг шиг улс нийгэмд мөн л ташуур, чөдөр болсон хүчин зүйлүүд нэхэгддэг. Уламжлал гэдэг нь хүн төрөлхтнийг ууган ёс моральтай нь уяж байдаг аргамж чөдөр юм. Хэт хурдалж осол аваар хийхээс сэргийлдэг тооромсог гэсэн үг. Тооромсоггүй машин аюултай, юу ч мөргөж онхолдож мэднэ. Бас тооромсог нь зуураастай машин аюултай, байрнаасаа хөдөлж чадахгүй байсаар эвдрэн тоногдож дуусна. Бас яг үүн шиг хэт шинэтгэх эрмэлзэл осолтой үр дагавар дагуулж болно. Хааз ихэдвэл бас аюултай. Машиныг онхолдуулж болно. Хаазгүй бол машин ерөөсөө явж чадахгүй. Уламжлал ба уламжлалаа орхин шинэтгэх үзэл санаа ийм л юм.

II.Госчоом бол монгол үндэсний хувцас мөн

Нэг. Аль нь монгол дээл вэ?

Саяхан, цагаан сарын өмнөхөн юм даг уу, монгол хувцасны баяр болно, үндэснийхээ хувцсыг өмсөж ирээрэй гэсэн элгэмсүү үгтэй зар тарж байлаа. Тэгээд өөрийн мэдэх, өмсөж очууштай монгол хувцсаа бодлоо л доо. Эхлээд манж буюу дөрвөлжин энгэртэй дээл, (Чингэс хаан зурган дээрээ дөрвөлжин биш ташуу энгэртэй дээлтэй байдаг) хятад нэртэйгээ манайд өргөгдсөн хантааз хэмээх ханцуйгүй мухар хүрэм (Хятадын гамингаас эх орноо чөлөөлсөн Сүхбаатар жанжин ийм хантааз өмсдөг байсан) санаанд бууж байна. Бас алиалагчийн гутал шиг хоншоортой гутал байна. Төвдүүдийнхтэй төстэй бүс, бүс гэхээсээ илүү бөс. Бөс даавууг тэр чигээр нь бүсэлхийгээрээ ороодог тул бөс ч гэмээр юм уу? (Жамух Чингэс хоёр багадаа анд бололцон бүсээ солилцохдоо дурдан бүс л лав сольдоггүй.)

Гэхдээ л энэ бүгд монгол үндэсний хувцас. Бид түүхэндээ цайны ургамал тариалж байгаагүй боловч монгол цай бий болгоод уудаг шиг.

Ер нь монгол хүн болгонд хамаатай зүйлс бүгдээрээ л Монголынх. Хүн төрөлхтөн хийсэн бүтээснээ бие биедээ гоёор хэлэхэд л түгээж, тааруугаар хэлэхэд зээлдүүлж ирсэн. Галт зэвсгийг анх хятадууд бодож олсон гэдэг. Харин европчууд боловсронгуй болгосон л доо. Өдгөө бүхий л орны цэрэг арми галт зэвсэгтэй. Манайд бүр буу гэдэг хятадын үгээрээ орж ирсэн. Бид ч гэсэн цэргүүдээ хараад “хятад арми биш дээ. Буугаар яах юм бэ? Үндэсний нум сумаар зэвсэглэе” гэж ярьдаггүй л биз дээ.

Хоёр. Биднээс бас тэд авсан

Бид хүн төрөлхтнөөс өч төчнөөн зүйл авч өөриймшүүлэн монгол болгосон. Гэхдээ бусдад юм өгөөгүй хэрэг бас биш ээ. Өмд, дөрөө хоёрыг нүүдэлчид анх бодож олсон гэдэг. Гоёчлон хэлэхэд монголчууд гэж болно. Морь унах, морин дээрээс нумаар харвахад өмд, дөрөө хоёр зайлшгүй хэрэгтэй. Харин өнөөдөр дэлхий даяараа л өмд өмсдөг боловч өөрсдийгөө “монгол, эсвэл нүүдэлчний хувцас өмслөө” гэдэггүй. Өмд өмссөн нэгнийгээ “Чи муу Монголын талынх уу” гэж шорддоггүй ба монгол хүн биш болох гэж өмдөө тайчин хаядаггүй билээ.

Монголын тэргүүлэх сэхээтнүүд ХХ зууны эхээр өрнөдийн хувцас өмсөж эхэлжээ. Энд Монгол Улс үндэстнээ өрнөджүүлэн хөгжүүлж, тусгаар тогтнолоо мандуулах эрмэлзлийн гал дөл шингээстэй байлаа. ХХ зуунд Монгол орон өнөө “Түмний нэг”-ийн Чимид багшийн хэлдэгчлэн “улс шиг улс” болох процесст Европын соёлын үзүүлсэн нөлөө зүйрлэшгүй их. Өнгөрөгч зууны эхээр нойрноос сэрж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Монголын сэхээтэн хэсгийн биеийг гангалж ирсэн госчоом нь өдгөө нэгэнт монгол үндэсний хувцас болон өөриймшжээ. Ганцхан госчоом ч биш, бүрх малгай буюу шэлээпээс эхлээд аваарын цагаан гэгддэг эрүү малгай хүрэм, пальто, түжүүрэк, пүүз гээд бид үндэсний хичнээн олон хувцастай болов оо.

III. Монгол үндэсний кирилл бичиг

Нэг. Хүн нь байхад хэл нь мөхөх үү?

Монгол хэл мөхөж байгаа гэнэ. Гадаадын олон үг ороод ирсэн юм байх. Тэр гадаад үгнүүд яг л компьютерийн вирус аятай монгол хэлэн дотор суурьшиж аваад сайхан монгол үгнүүдийг маань эвдэн ажиллагаагүй болгож жагсаалаас гаргаж хаяад байгаа юм байх аа.

Эх хэл чинь сөнөж байна шүү гэдэг үг аймаар сонсогдож байна гэж жигтэйхээн. Тэд “манж хэл сөнөсөн” гэдэг аймаар жишээг энүүхэнд Дорнодын цаанаас татан ишилнэ. Нэг өглөө сэрэхэд хэл минь сөнөчихсөн байвал бид чинь гадаад хэл сурч, тэрүүгээрээ ярих хэрэг гарна биз дээ.

Гэхдээ ярих хүн нь байгаа цагт яриулах хэл нь алга болно гэж үгүй байх уу? Сонсоод байх нь ээ манж хэл чинь гадаад үг олон орсноос болоод мөхөөгүй, ярих хүн нь алга болоод мөхөөд байгаа юм гэнэ ээ.

Манай монгол хэлэнд өөриймшин өргөгдсөн өргөмөл үгс зөндөө. Хүнсний ногооны ихэнх нэр өмнөд хөршийн гарвалтай. “Энийг юу гэдэг юм бэ” гэж асуугаад л “хай энэ лууваан шөө” гэхээр нь “аа лууван байх нь” гэж тогтоогоод явсан хэрэг. Манжин, байцаа, жууцай гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Ногооны монгол нэр ч бий л дээ. Яахав дээ төмсөнд төсөөг нь бодоод төмсөгнийхөө нэрийг өгсөн байдаг гэхчилэн. Харин лууванд болохоор “лууван”-гийнхаа нэрийг өгөөгүй гэж байгаа.

Машин анх хараад чийчаан хэмээх хятад нэрийг нь авсан байна.

Чиглээд ирсэн чийчаан тэрэг нь хө
Чих нь мултраад унаваа хө гэхчилэнгийн үг дуу хүртэл гарсан байна. Чих гэж бодвол дугуйг нь хэлсэн хэрэг юм болов уу?

Олон юмыг монгол үгээр орлуулан нэрлэх оролдлого гарсан байдаг. Жишээлэхэд, Д.Нацагдоржийн нэгэн зохиолд “өвгөн жолооч ухасхийн хийг нэмэхэд дөрвөн хүрд чөлөө завгүй эргэлдэнэ” гэсэн өгүүлбэр бий. Өнөө үеийнхэнд энэ өгүүлбэр баахан ойлгомжгүй талтай. Харин “өвгөн жолооч хаазаа нэмэхэд дөрвөн дугуй чөлөө завгүй эргэлдэнэ” гэвэл мэдээж болоод явчих жишээтэй. Харин чийчаан нь машин гэдэг өрнөдийн үгээр, чих буюу хүрд нь дугуй хэмээх монгол үгээр солигдон өөриймшсөн байна. ХХ зуунд монгол хэл шинэ үсэг бичгээ дагаад төлөвшин хөгжихдөө маш их баяжсан байна. Харин яг хэдээр баяжсаныг нь мэдэх явдал бол хэл судална хэмээн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суудаг улсын ажил бол яг мөн.

Шинэ үзэгдэл, юмсыг нэрлэхдээ хуучирсан үгийн сангаа тэмтэрдэг явдал Нацагдоржоос хойш ч байсан. “Үнэн” сонинд 1980-аад оны сүүлчээр шинэхэн орж ирсэн зарим харь үгийг монгол үгээр орлуулах оролдлого хийж байлаа. 1980-аад оны сүүлч гэдэг бол өөрчлөн байгуулалтын оргил буюу ардчилсан хувьсгалын өмнөхөн үе шүү дээ. “Таван үгийн толь” гэдэг тэрхүү булангаараа сонины олон ажилтан бахархдаг байсан юм. Учир нь социализмын түүхэнд бидэнд анх удаагаа Зөвлөлтийнхөөс өөрөөр байх боломж олдож байгаа нь тэр. Зөвлөлтийн нөлөөгөөр орж ирсэн гадаад үгтэй, цаад утгаараа Зөвлөлтийн хэмжээлшгүй нөлөө, эзэгнэлтэй тэмцэх аядаж байсан минь тэр. Санаанд үлдсэнээр бол “сувилагч марль маскаа зүүгээд ампултай тариагаа шприцэндээ шахлаа” гэсэн хэллэгийг “сувилагч самбай амавчаа зүүгээд туншилтай тарилаа тариуртаа шахлаа” болгон “монголчилж” байсан юмдаг. Оргүйд орвол охинтой гэгчээр “тариур” гэдэг үг нь үлдэн хэвшчихсэн байх аж. Гэтэл “таван үгийн толь” гарсны маргаашаас эхлээд Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд биднийг “Пуризм руу халтирлаа” хэмээн зэмлэж, хэл нь тодорхой ойлголт, юмсаар дамжуулан харь үгсийг өөриймшүүлэн баяжиж байдаг хэмээн учирлаж эхлэв. Бид тэр үед “өөрсдийн эх орондоо хайртай” ба эрдэмтдийн “Эх орондоо хайргүй”-г харьцуулан гайхаж байж билээ. Харин хожим мэдэх нь ээ эрдэмтдийн зөв байсан юм билээ. Таван үгийн толь ч сүүлдээ “бизнесмэн” гэдэг үгийг “панзчин” мэтээр монголчлохдоо тулж, аандаа унтарсан бололтой юм аа.

Хоёр. Хаашаа ч явсан Финик рүү очно

Одоо хэлнийхээ авиаг тэмдэглэдэг үсэг рүүгээ орж жаахан аялал хийе. Ингэхэд Монголын үндэсний бичиг гэж яг алийг хэлнэ билээ. Монголчууд уйгаруудаас бичиг авчээ. Уйгарууд нь Согдоос авчээ. Согд нь Финикээс авчээ. Финикүүд Шумерийн идейг хөгжүүлэн авианы бичиг болгосон гэх. Финикээс дахиад өөр замаар нэг салбар явжээ. “Би үүгээр явъя, чи түүгээр яв. Билүүтийн завсар уулзъя” гэдэг оньсого шиг. Финикээс Грээг, Латин Кирилл гээд хойгуур салбарлан явжээ. Тэгээд кирилл нь Монголд суурьшжээ. Хаанаас нь харсан “Один” чоо.. бишээ бичиг. Б үсэг уйгаржингаар ч кириллээр ч адилхан тэмдэг байдаг биз дээ. Манай үндэсний бичиг үүгээр зогсохгүй. Пагва лам гэдгийн зохиосон “монгол үндэсний дөрвөлжин бичиг” байна. Уг цагаан толгойг төвд үсгээс иш авчээ. Харин төвдүүд үсгээ энэтхэгчүүдээс авчээ. Энэтхэгчүүд хаанаас бичиг авав гэхээр өнөө гайхал Финик рүү бас оччихно. Бас Занабазарын зохиосон соёмбо хэмээх гоёмсог дүрслэлтэй үсэг байна. Сайн мэдэхгүй хөндлөнгийн хүний нүдээр харахад “Монгол үндэсний соёмбо үсэг” нь Энэтхэг Согд үсгүүдийн ансамбль, комбинаци бөгөөд тэдгээрийг тагнуулын зорилгоор шифрлэсэн ч юм уу гэмээр төсөөлөгддөг. Ингээд финикүүдийн сэдсэн авиа тэмдэглэх үсэг гурван замаар тарсан нь гурвуулаа манайд иржээ. Харин энэ бол бахархсан ч болох сонин үзэгдэл. Бас монгол үндэсний латин үсэг байна. Эцэг өвөг минь 1930-аад онд латин бичгийг өөриймшүүлэн авч, түүгээр ном сонин сурталчилгааны зүйлс бишгүй хэвлэсэн байдаг.

Монголчууд бид тал дүүрэн малаар бахархдагийнхаа нэгэн адил тал дүүрэн бичгээрээ бахархаж бас болно.

Бидний уйгараас авсан “үндэсний монгол” бичгийг цааш хөгжүүлэн “манж үндэсний” үсэг зохиогдож, Ойрад аялгуунд тааруулсан монгол тод үсэг бүтээгджээ. Бидний юм бол хүн төрөлхтний юм, хүн төрөлхтний юм бол бидний юм. Учир нь бид хүн. Бид өөрсдийнхөө хамрыг хятад хүний хамартай адилхных нь хувьд тээршааж гадуурхдаггүй. Бид жамаараа явж байна. Энэ жамыг хэн ч өөрчлөхгүй. Бас бидний хүсэл зоригоос хамаарахгүй. Зарим хүн Уйгараар дамжуулж Финикээс авсан бичиг маань тусгаар тогтнолыг хамгаалж, харин Оросоор дамжуулж Финикээс авсан бичиг нь хор учруулж байгаа аятай ярих юм.

Гэтэл монгол үндэсний кирилл бичгээр бид тусгаар тогтнолоо баталгаажуулсан олон улсын олон арван гэрээ бичгийг үйлдсэн. Энэ үсгээр бидний түрүү үеийнхэн боловсрол эзэмшиж, энэ үсгээр монголчууд 100 хувь бичигтэн орон болж байсан. Энэ үсгээр бид бичигтэй эрдэмтэй инжнээртэй, дооктортой улс шиг улс болсон. Монгол Улсын хил хязгаар, ба тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хоёр хөршийн маань гэрээ бичиг энэ л кирилл монгол бичгээр хийгдсэн. Бид НҮБ-д элсэхдээ БНМАУ нэртэй байсан ч суудлаа латин монгол үсгээрээ “Mongoliе” гэж бүртгүүлсэн. Монгол хүний хэрэглэж байсан бүх л үсэг Монголын төлөө зүтгэсэн.

Гурав. Хүний үгээр хүүдэгнэж баяжина

Англи хэлийг өнөөдөр дэлхийн хамгийн баян хэл гэдэг. Толь зохиогчид энэ хэлийг бараг сая үгийн сантай гэлцэнэ. Хэрэг дээрээ энэ хэл өөрийн “унаган” үгээрээ ийм баян биш юм. Нэг талаас шинжлэх ухаан, техник, технологийн нарийн нэр томъёо хамгийн түрүүн энэ хэлээр зохиогдон гардаг. Ерөөсөө шинэ бүтээл, оновчтой санал ( ШБОС) болгонд англиар нэр өгнө гэсэн дүрэм байхгүй ч гэсэн энэ хэлээр ярьдаг орнууд хөгжлийн эрэмбээр бусдаасаа түрүүлсэн учраас л ингэж байна. Хэрвээ монголчууд шинжлэх ухаан технологиор манлайлаад ирвэл олон шинэ юманд монгол нэр өгөх л байх л даа.

Нөгөө талаар англи хэлтний ертөнц гадаад үг, харийн нэр томъёог гадуурхалгүйгээр өргөөд авчихдаг. Саяхны жишээ гэхэд зуд, гэр гэхчилэнгийн монгол үгнүүдийг минь тэд үрчлээд авчихлаа. Уул нь гэрийг юурт гэдэг байсан юм. Гэтэл илүү олон юурттай монголчууд нь гэр гээд байхаар нь тэрүүгээр нь авчихав. The zud, the ger гэхээр хаанаас нь ч харсан англи л үг болчихож байгаа биз дээ. Өгөхгүй гэж өвчигнөлтэй нь биш. Ер нь бол эдгээр үгсийг авах тухай шийдвэрийг Английн Засгийн газар гаргаагүй. Хүмүүс нь ингэж яриад байхаар авчихсан. Гол нь хүмүүс юу гэж ярьж байна тэр үгийг орж ирснээр тооцдог дүрэм буй. Пилээтэг..пи..даа бүгд л монгол үг. Монгол хэлэнд орж ирээд ардаа дагавар аваад явж л байвал тэр монгол үг. Системчлэх, программаас, маневилдуулах гэхчилэн. Тэр ч бүү хэл монгол хэл залгамал хэл атлаа гадаад угтвар ганц нэгийг аваад ч сөнөчөөгүй аж. Бүү гэдэг нь орос хэлний не, англи хэлний no энэ тэртэй адилхан үгүйсгэсэн утгатай нангиад угтвар. Гэтэл “бүү оролд”, “бүү хүр” гээд орж ирээд монголжсон байна. Энэ мэтчилэнгийн “үл хэрэгсэх” “эс ойлгох” гэхчилэн угтвар зөндөө буйг судлаачид хэлж байна.

Дөрөв. Монгол юм

Тусгаар тогтнолыг бичиг нь бус, хувцас нь бус хүн нь, хантааз өмссөн, дөрвөлжин энгэртэй дээл, эсвэл госчоомоор гангарч зангиа зүүсэн тэр хүн нь авч явдаг билээ. Бид хөдөө гадаа өнгөрүүлсэн гэрэлт бага насаа санагалзан наадам, цагаан сараар дөрвөлжин энгэртэй дээлээ өмсдөг. Төр ёс ба ажил албаа хүндэтгэн монгол үндэсний госчоом зангиагаа хэрэглэдэг. Амралт чөлөөт цагаараа монгол үндэсний “адидас”, “найк” пүүз өмсдөг билээ. Хөдөө гадаа явахдаа монгол үндэсний салмаандар гутал жийдэг авай. Найз нөхөдтэйгөө монгол үндэсний латин үсгээр чааталж, сонин хэвлэлээ монгол үндэсний кирилл үсгээрээ уншина. Бид монголчууд. Бидэнд байгаа бүхэн Монголын төлөө зүтгэдэг.

Б.Цэнддоо

pippen

2008.07.05 01:20:46
*.210.212.97

tsenddoo-giin helsen vg Manai mongol zaluust vneheeriin medvvshtei vg bn tnx  
vvniig l bid dotroo uhamsarlaj yawah heregtei yum bn shvv ZALUUSAA


Дөрөв. Монгол юм

Тусгаар тогтнолыг бичиг нь бус, хувцас нь бус хүн нь, хантааз өмссөн, дөрвөлжин энгэртэй дээл, эсвэл госчоомоор гангарч зангиа зүүсэн тэр хүн нь авч явдаг билээ. Бид хөдөө гадаа өнгөрүүлсэн гэрэлт бага насаа санагалзан наадам, цагаан сараар дөрвөлжин энгэртэй дээлээ өмсдөг. Төр ёс ба ажил албаа хүндэтгэн монгол үндэсний госчоом зангиагаа хэрэглэдэг. Амралт чөлөөт цагаараа монгол үндэсний “адидас”, “найк” пүүз өмсдөг билээ. Хөдөө гадаа явахдаа монгол үндэсний салмаандар гутал жийдэг авай. Найз нөхөдтэйгөө монгол үндэсний латин үсгээр чааталж, сонин хэвлэлээ монгол үндэсний кирилл үсгээрээ уншина. Бид монголчууд. Бидэнд байгаа бүхэн Монголын төлөө зүтгэдэг.

Б.Цэнддоо

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
33 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
32 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
31 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
30 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
29 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
28 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
27 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
26 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
25 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
24 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
23 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
22 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
21 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
20 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
19 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
18 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
17 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
16 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
15 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
14 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
13 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
12 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
11 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
10 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
9 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
8 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
7 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
6 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
5 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
4 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
3 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
2 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
» С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
배너신청
자생병원

배너신청