Сайд нар төдийгүй Ерөнхийлөгч, Парламентын дарга, Ерөнхий сайд нар сэтгүүлчидтэй албархаг бус нөхцөл байдалд уулзаж, яриа хөөрөө өрнүүлэх, салбарынхаа ажил үйлсийг танилцуулах, өргөн олон түмэнд тэр бүр сонордуулах боломжгүй нарийн ширийн юмаа ч хуваалцдаг явдал манайд уламжлал болох янзтай байсан. Ийм арга хэмжээ сүүлийн үед жаахан ховордож байх шиг байтал Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өнгөрсөн бямба гаригт үүнийг сэргээв.

Монгол Улсад дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойг бид ирэх онд тэмдэглэнэ. Бидэнтэй сайдын хийсэн уулзалт ч энэ хүрээнд болсон гэж хэлж болно. Богд хаант Монгол Улсын үед байгуулагдсан таван яамны нэгээс энэ албыг үүсэлтэй гэж үздэг юм. Анхны сайд нь Чин ван Ханддорж байсан. Тэр таван яамыг залгамжилж буй дөрвөн яам одоо манайд байгаа. Тэдний ойг ирэх онд хамтатган тэмдэглэхээр дээд газрын шийдвэр гарсан юм билээ. ГХЯ-ны Хэвлэл мэдээллийн хэлтэс, алба гэж байсныг саяхнаас Олон нийттэй харилцах газар болгож өргөжүүлжээ.

Манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр их хөрш рүүгээ ханддаг, үүний зэрэгцээ гуравдагч хөршийн бодлого гэж чухал юм бий. Энэ онд манай улсад 100-гаад орноос 1.2 сая хүн ирсэн бол Монголын бараг сая шахам иргэн 168 оронд зорчсон байна. Даяарчлал гээч юм сайн ч, муу ч нөлөөтэй бололтой. Манайхан элдэв ажлаар гадаад орнуудад явж байхдаа санаатай хийгээд санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох нь цөөнгүй. Хар тамхины хэрэгт 16 хүн холбогдоод байна. Ийм тохиолдолд ялтан солилцох гэрээ байгуулаагүй нь тухайн хүний байдлыг нэлээд түвэгтэй болгодог аж.

Ийм гэрээтэйсэн бол оноосон ялыг нь эх орондоо эдлэх боломж олддог юм байна. Харин цаазаар авахуулах ял авсан этгээдэд ийм гэрээ үйлчилдэггүй аж. Хятадтай уг гэрээг байгуулахаар ялангуяа манай талаас нэлээд чармайлт гаргаж буй гэнэ. Монголын 3300 гаруй хүн гадаадын хүнтэй гэрлэж, 600 гаруй монгол хүүхэд гадаад орнуудад төрж, 534 хүн Монголын харьяатаас гарах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна. Харин Монгол Улсыг ардчилсан орон гэж дэлхий дахин хүлээн зөвшөөрөх болсноос улс төрийн орогнол хүссэн монгол хүмүүсийн хүсэлтийг улс орнууд тэр бүр хүлээж авахаа больжээ.

Улс төрийн шалтгааны улмаас гадаадын иргэн Монголд оршин суух эрх хүссэн тохиолдол байхгүй байгаа гэнэ. Манай иргэд 32 оронд визгүй зорчиж буй бөгөөд Кипр, Герман, Японд дипломат албан паспортоор визгүй зорчдог болох талаар ярилцаж буй аж. Италид ЭСЯ нээх асуудлыг тавиад, Америкийн Сан-Франциско, Японы Осака хот, Хонконгод Консулын газар нээхээр шийджээ. Давхар харьяатын асуудлаар нэгдсэн байр суурьтай болж чадаагүйгээс манай улс зөвшөөрөхгүй байгаа. Харин Монгол Улсын харьяатын хүүхдүүд хаана төрснөөсөө үл хамааран Монголын иргэн байхаар хуульд заажээ.

Ерөнхийлөгч ойрын үед Бельги, Финланд, Данид айлчлахаар төлөвлөж байгаа юм байна. Ерөнхий сайд Мянганы хөгжлийн зорилттой холбоотой асуудлаар удахгүй НьюЙорк хотноо болох НҮБ-ын ерөнхий чуулганд оролцоод энэ сарын сүүлчээр Канадад айлчлах аж. Энэ мэт мэдээллийг Гадаад харилцааны сайдтай хийсэн чөлөөт уул залтын үеэр сонсов. Бямба гариг сэтгүүлчдэд ховорхон олддог амралтын өдөр нь байсан ч тэр бүр хүмүүст хүрдэггүй мэдээлэл сонсож, бас ч теннис, бильярд, хөзөр тоглож цагийг аятайхан өнгөрөөв.

 

 

ӨНӨӨДӨР