Америкт аялангаа ажиллах нөхцөлтэйгээр яваад хүнд байдалд орсон оюутнуудын талаар нэвтрүүлэг хийгдэж байна. “Монгол оюутнууд Америкт” нэртэй нэг цаг 20 минутын нэвтрүүлгийг Америкт ажиллаж амьдарч байгаа монголчууд хийжээ.

Америкт очсон оюутнуудын бодит амьдралыг үзүүлэх нэвтрүүлгийн монтажны ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ долоо хоногт багтаан дуусгахаар төлөвлөсөн байна. Нэвтрүүлгийг монгол руу явуулж, телевизүүдээр нэг зэрэг гаргахаар болсноо нэвтрүүлгийг хийж байгаа монгол иргэд хэллээ.
Америкт очоод идэх хоолгүй, хонох газаргүй байгаа монгол оюутнуудын талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдгээр оюутнууд эхнээсээ эх орондоо ирж байгаа бөгөөд бүгдийг нь ирснийх нь дараа нэвтрүүлгийг гаргахаар болжээ.  Одоогоор тун удахгүй танд хүрэх “Шууд” Ти Ви, “Ийгл”, “НТВ” телевизүүд нэвтрүүлгийг гаргахаар болоод байна.

Нэвтрүүлэг цацагдсаны дараа оюутнууд хэвлэлийн бага хурал зарлаж, шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон талаар америк дахь монголчууд хэллээ. Шүүхэд хандахаасаа өмнө зуучилсан компаниуд болох “Глобал удирдагч сан”, “Опен ворлд”, “Принс ворлд” компаниудын захирлуудтай уулзаж хүсэлтээ тавина. Хүсэлтийг нь хүлээн авахгүй бол шүүхээр асуудлаа шийдүүлэхээ оюутнууд нэвтрүүлэгт ярьсан яриандаа дурьджээ. Оюутнууд хэлсэн амласандаа хүрээгүй зуучлагч байгууллагуудад гомдолтой байгаа юм.  Нэвтрүүлгийг бүтээгч америк дахь монголчууд ч АНУ-ын Төрийн департамент болон Монгол Улсын Засгийн газарт асуудал, хүсэлт тавихаар болжээ.

Л.Ариун-Учрал