Ж.Мөнхбадар: Гадаадад ажиллаж байгаа болон түр хугацаагаар гарсан иргэдээ ч тооллогод хамруулна
Уншсан 3051 vote 0 2010.08.30 13:48:42Хүн ам, орон сууцны 2010 оны ээлжит тооллого арваннэгдүгээр сарын 11-17-ны өдөр эх орон даяар цаашлаад хилийн чанадад нэгэн зэрэг эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууц тоолох мэргэжилтнүүдийг бэлтгэх сургалт энэ өдрүүдэд МУИС-ийн тавдугаар байранд үргэлжилж байна. Бэлтгэл ажил ямар байгаа талаар Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны ахлах шинжээч Ж.Мөнхбадараас тодрууллаа:
-Сургалтад хэдэн хүн хамрагдаад байгаа вэ? Орон нутгийн бүх төлөөл өл сургалтад хамрагдсан уу?
-Улсын хэмжээнд тооллого гардан хийх 13000 хүнийг бэлтгэх юм. Одоогоор сургалтад бүх аймаг, дүүрэг, нийслэлээс нийт 145 хүн хамрагдаад байна. Эдгээр сургагч багш орон нутагтаа очоод тооллого явуулах хүмүүсээ бэлтгэх болно.
-Тооллого ямар аргачлалаар явагдах бол?
-Манай ажилтнууд бүх айл өрхүүдээр орж тусгай асуулт бүхий маягтыг хүн бүрээс биечлэн асууж бөгл үүлнэ. Тооллого долоо хоногийн турш үргэлжлэх болохоор ард иргэдийг аль болох гэртээ байж, идэвхтэй оролцоорой гэж хүсье.
-Энэ жилийн тооллого өмнөх тооллогуудаас юугаараа онцлогтой вэ?
-Хүн амын тооллого “Хүн ам, орон сууцны тухай хууль”-ийн хүрээнд явагдаж байгаагаараа онцлог. Бид тооллогыг аль болох мэдээллийн технологийн дэвшилд тулгуурлан явуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдээ 2000 онд зөвхөн ар гэрээс нь асууж тоолж байсан бол энэ удаад ар гэрээс нь асуухаас гадна давхар интернэтээр тоолно.
-Тэгвэл виз нь дуусаж “харласан” иргэдийн хувьд баригдах эрсдэлтэй юм биш үү?
-Тооллогод ирсэн бүх мэдээлэл маш өндөр нууцлалтай байх учраас тэдэнд ямар ч эрсдэл байхгүй.
-Гадаадад байгаа иргэддээ энэ талаарх мэдээлэл, зааварчилгааг ямар арга замаар өгч байна вэ?
-Мэдээллийг вэб сайтуудаар болон тухайн улс оронд байгуулагдсан монголчуудын холбоогоор дамжуулан өгч байгаа. Тэгэхээр гадаадад байгаа монголчууд манай сайтад холбогдох болно. Мөн Элчин сайдын яамдуудтай хамтран ажиллаж байна.
-Гадаадад түр хугацаагаар гарсан иргэдээ яаж тоолох вэ?
-Зургаан сараас доош хугацаагаар гарсан бол ар гэрийнхнээс нь асуугаад тоолно. Хэрвээ зургаан сараас дээш хугацаагаар гарсан бол ар гэрээс нь асуухаас гадна давхар интернэтээр тоолно.
-Энэ удаад Хүн ам, орон сууцны тооллого зэрэг явагдах бололтой. Ийнхүү онцлохын учир юу вэ?
-Орон сууцны тооллого өөрийн гэсэн онцлогтой. Бид зөвхөн хүн амьдарч байгаа орон байрнуудыг л тоолно. Мөн хүн амын орон сууцны нөхцөл ямар байгааг тодорхойлно. Ингэснээр манай иргэдийн хэд нь гэрт, хэд нь орон сууцанд амьдарч байна. Хэр зэрэг ая тохитой амьдарч байна гэдгийг тогтооно. Энэ бүхнийг нэг бүрчлэн гаргаснаар бид хүн амын амьжиргааны түвшинг үнэн зөв, бодитой тогтоох боломжтой болох юм.
-Хүн амын тооллого, Хүн амын шинэчилсэн бүртгэл хоёр давхардан явагдаж байна. Зарим хүн шинэчилсэн бүртгэлийг Хүн амын тооллоготой холбон ойлгож байна. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?
-Зарим хүн Хүн амын шинэчилсэн бүртгэлд орсноо тооллогод орчихлоо гэж андуурч байгаа тал байна. Хүн амын шинэчилсэн бүртгэлд орсноороо иргэн та эрх зүйн хувьд Монгол Улсын иргэн гэдгээ баталгаажуулж байгаа юм.
Тэгвэл Хүн амын тооллого нь таны тухай мэдээллийн илүү нарийн судалгаа авч байгаагаараа ялгаатай юм.