Гадаадаас ирсэн Монголчууддаа эх орондоо ажиллаж амьдрахад нь туслана
Амьжиргаагаа дээшлүүлж, сэтгэл хангалуун амьдрахын тулд жилийн жилд манай улсаас мянга мянган иргэн харийн орныг зорьдог. 

Гэвч хамаг залуу халуун насаа гадны оронд хар ажил хийж өнгөрөөсөн тэд эх орондоо ирээд хэрхэн хөдөлмөрлөх, амьдрах арга барилаа олж чадалгүй буцах нь цөөнгүй байдаг аж. 

Энэ асуудлыг шийдвэрлэж гадаад амьдарч байсан монголчууддаа эх орондоо хөлөө олж мэдлэг чадвараа гаргахад нь туслах зорилгоор хэсэг залуус “Эх орондоо ирэгсдийг дэмжих төв”-ийг байгуулжээ.

Тус төвийн захирал Д.Мөнх-Эрдэнийн ярьсанаар Өмнөд Солонгос улсад манай улсын дийлэнх иргэн буй 14 мянган иргэн албан ёсоор, 13 мянган иргэн “хараар”, 5000 оюутан сурч хөдөлмөрлөж байгаа юм. Тиймээс эх орондоо удаан хугацаагаар амьдраагүй тэднийг Монголд ирэхэд нь эндэхийн амьдралд дасан зохицуулж, ажиллахад нь тус төв туслаж, чиглүүлэх ажлыг хийнэ гэлээ.  
   
Түүнчлэн маргааш 10 цагт ХААИС-ийн хурлын их танхимд Эх орондоо ирэгсдийг дэмжих төв” нь БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Уулзалтаар иргэдэд манай улсад ажиллаж байгаа Солонгос компани, Солонгосын менежментээр ажилладаг Монгол компани, тус улсын жижиг дунд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг танилцуулж ажлын байрт зуучлах арга хэмжээг зохион байгуулах юм байна. 

Харин иргэд уулзалтанд ирэхдээ тус улсад ажиллаж амьдарч байсан гэдгээ гэрчлэх гадаад паспортоо авчрах шаардлагатай ажээ. 

Г.Одгарав