Хүн амын тооллого эхлэхэд 100 хоног үлдлээ
Үндэсний статистикийн хорооноос иргэдийг үүргээ биелүүлэн, ухамсартайгаар тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалан сурталчилгаа хийж эхэлснийг мэдээлсэн юм.
Ирэх 11 дүгээр сарын 11-17-ны хооронд болох хүн амын тооллого нь бүх нийтийг хамарсан байхаас гадна нэг цаг, хугацаанд, маягт, нөхөх заавар, тооллогын комиссын ажлын удирдамж гээд нэгдсэн аргачлалаар хүн нэг бүрийг тоолохыг зорьж байгаа. НҮБ-ын Статистикийн комиссын 36 дугаар чуулганы зөвлөмжид гишүүн орнууд хүн ам, орон сууцны талаар нарийвчилсан мэдээллийн сан бий болгож, үр дүнг тархаах ажлыг 2005-2014 онд наад зах нь нэг удаа тухайлбал, 2010 оны орчим буюу 9, 0, 1–ээр төгссөн онуудад зохион байгуулахыг заасан байдаг.
Хүн ам, орон сууцны тооллого хийснээр сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл бүрдүүлэх юм. Ингэснээр төлөвлөлт хийх, бодлого боловсруулах, хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр бүрдэж, сургууль, эмнэлэг, шинэ хот суурин, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хүн ам зүй, газарзүй, шилжих хөдөлгөөн, эдийн засгийн болон орон сууцны нөхцөлийн үзүүлэлтийг цуглуулж, хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох ач холбогдолтой.
2010 оны тооллого нь бие даасан хуулийн хүрээнд явагдах анхны тооллого бөгөөд гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолохыг туршиж, тоон системийн газрын зургийг анх ашиглахаараа онцлог юм.
2010 оны зургадугаар сарын нэгний байдлаар дэлхийн хүн ам 1 808 862 749 гэжээ. Монгол Улсын тухайд 1918 онд 647,5 мянган хүн амтай гэсэн тоо байдаг босан бол 1962 онд нэг сая дахь иргэн, 1988 онд хоёр сая дахь иргэн төрсөн билээ. Хорьдугаар зуунд Монгол Улсын хүн ам 3.7 дахин өссөн тоон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
Б.ОЮУН
Эх сурвалж : www.sonin.mn