Оюутолгой төсөлд ажиллах иргэдийг энэ сарын 15-наас мэргэжлийн сургалтад бүртгэнэ
Манай улс хөгжил дэвшлийн шинэ гараан дээр ирж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын шинэ ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, баялаг бүтээх шинэ эрин үе эхлээд байгаа билээ. Гэсэн хэдий ч энэ шинэ эринд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин үнэхээр дутагдалтай байгаа нь бэрхшээлтэй байгаа юм.

Тиймээс уул уурхайн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд хүргэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор БСШУЯ болон Оюутолгой төслийн хооронд энэ оны долдугаар сарын 9-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар бид мэдээлж байсан билээ. Энэ хүрээнд боловсролын салбарт оруулах хөрөнгө оруулалтыг 58 сая ам.доллараар тогтсон бөгөөд үүнээс 30 сая ам.долларыг нь Оюутолгойн төслийн хэрэгжүүлэлтэд шаардлагатай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд зарцуулахаар тохирчээ.

Ингээд ирэх гурван жилийн хугацаанд нийт 3000-3500 мэргэжлийн ажилтанг Оюутолгой төсөлтэй хамтран бэлтгэх гэнэ. Үүнээс эхний 1000 хүнийг сургах ажлыг есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх болжээ. Харин төсөлд ажиллахаар мэргэжлийн сургалтанд хамрагдах хүмүүсийг наймдугаар сарын 15-30-ны хооронд холбогдох мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд бүртгэх ажээ.

Дараах 10 төрлийн мэргэжлээр хүмүүсийг сургах юм байна. Үүнд: бетон арматур, гагнуур, цахилгаанчин, уурхайн цахилгаанчин, уурхайн ашиглалтын техникч, механизмын оператор, механизмын засварчин, сантехникч, замын барилга мэргэжлүүдээр сургалтыг зохион байгуулах ажээ. Эдгээр сургалтыг Барилгын коллеж, Техник технологийн коллеж, Монгол Солонгосын Коллеж, Налайхын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дарханы МСҮТ, ШУТИС-ын МИС-ийн МСҮТ, Төв аймгийн МСҮТ, Орхон аймгийн МСҮТ, Дархан өргөө коллеж, Баянчандманий МСҮТ гэх мэт нийт 12 коллеж болон МСҮТ-үүдэд зохион байгуулах юм.

Энэ сургалтанд жилд хоёр удаа элсэлт авах бөгөөд одоогоор Монгол Солонгосын Коллежид 100, Баянчандманий МСҮТ-д 40, Барилгын коллежид 120, Техник технологийн коллежид 120, Налайхын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 120, ШУТИС-ын МИС-ийн МСҮТ-д 40, Төв аймгийн МСҮТ-д 60, Дарханы МСҮТ-д 160, Дархан өргөө коллежид 120, Төмөр замын МСҮТ-д 40, Орхон аймгийн МСҮТ-д 40, Барилгын технологийн коллежид 42 суралцагч элсүүлнэ.

Харин мэргэжлийн хувьд далд уул уурхайн бетон арматурын чиглэлээр 80, гагнуурын чиглэлээр 100, цахилгааны чиглэлээр 160, сантехникчээр 160, уул уурхайн ашиглалтын мэргэжлээр уурхайн цахилгаанчин 20, уурхайн ашиглалтын техникч 20, хүнд машин механизмын оператор 120, хүнд машин механизмын засварчин 100, иргэний барилга байгууламжийн чиглэлээр өрөх угсралтын 120, замын барилга байгууламжаар 100 ажилтан нийт 1000 хүнийг тухайн төсөлд шаардагдаж байгаа мэргэжлийн онцлог, шинэ техник технологитой ажиллахад шаардлагатай сургалтыг өгөх ажээ.

Элсэгчид нь 24-өөс дээш насны, бүрэн дунд боловсролтой, эрүүл мэндийн шаардлага хангасан байх гэсэн ерөнхий шаардлагыг тавьж байгаа ажээ. Элсэхэд ямар нэгэн төлбөр шаардагдахгүй бөгөөд сургалтын зардал, суралцагчдын тэтгэмжийг Оюутолгой төсөл хариуцах юм байна. Мөн нарийн мэргэжил биш учраас хэлний мэдлэг хамаарахгүй.

Насны хязгаарыг ийнхүү тавьсан нь 24-өөс дээш насныхны хувьд ажилгүйдэл харьцангуй өндөр байгаа учраас хэмээн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэллээ. Харин насны дээд хязгаарыг одоогоор тавиагүй байгаа ажээ.

Гэвч орж суралцсан болгон Оюутолгойд ажиллана гэж ойлгож болохгүй хэмээн тэрээр ярьсан юм. Учир нь суралцсан байдал, сургалтанд хандаж байгаа байдлаас нь ажиллах эсэх нь ихээхэн хамаарах ажээ.

Элсэлт болон оюутан сонгон шалгаруулж байгаа явц, цаашлаад суралцагчдаас ажилтнуудыг сонгон шалгаруулах явцад Оюутолгой төслийнхөн хяналт тавих гэнэ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг наймдугаар сарын 15-ны өдөр БСШУЯ-ны албан ёсны сайтад тавих тул та бүхэн тухайн цагт нь танилцана биз ээ.
О.Ариунбилэг
 
Эх сурвалж : www.sonin.mn