Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд “Хүний хөгжил сан”-гаас сар бүр олгох 10 мянган төгрөгийг авах боломжтой болох юм. Энэ мөнгийг энэ сарын нэгнээс эхлэн олгохоор тогтсон. Тиймээс “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгийг хэрхэн авах талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хэлтсийн дарга Д. Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд энэ сарын 1-нээс эхлэн 10 мянган төгрөг олгоно гэсэн. Тогтсон хугацаандаа өгч эхлэх үү. Зарим хүн банкинд мөнгө байршаагүй болохоор 1-ний өдрөөс зөвхөн мөнгөө бичүүлнэ гэсэн ойлголттой явна?
-Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн нарийвчилсан тоог ирүүлнэ. Тэгэхээр маргаашнаас эхлээд бүртгүүлсэн хүмүүс мөнгөө
авах боломжтой болно. Мөнгө байршчихсан байгаа. Долдугаар сарын тавнаас эхлээд иргэд идэвхтэй бүртгүүлэх юм бол мөнгийг нь шууд олгох зорилготойгоор тус сард байршуулсан. Бүртгүүлсэн хүмүүсийн нэрийг орон нутгаар нь ялгаад байршуулдаг. Тиймээс энэ сарын 5-н гэхэд орон нутаг даяар мөнгө олголт жигдэрнэ.

-Бүртгэлд хамрагдсан хүмүүс ямар журмаар мөнгөө авах вэ?
-Шинэчилсэн бүртгэлд бүртгүүлснийг нотолсон бар кодтой цаас, 70 мянган төгрөг авч байсан дэвтрээ авч очоод сум, хорооныхоо нийгмийн ажилтанд бүртгүүлнэ. Ингэхдээ наймдугаар сараас хойш он дуустал бичүүлэх ёстой. Түүний дараагаас бичүүлэх шаардлагагүй, шууд банкин дээр очоод авах боломжтой.

-Зарим хүн “Хүний хөгжил сан”-гаас олгож байгаа мөнгийг сар бүр нэмэгдэж дараагийн саруудад 20, 30 мянга болно гэсэн ойлголттой байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Наймдугаар сараас энэ оныг дуустал таван сарын хугацаанд 10 мянган төгрөг олгоно гэхээр он дуустал нийт 50 мянган төгрөг өгнө гэсэн үг. Үүнээс сар бүрд нь 10 мянган төгрөгөө авч болно. Эсвэл энэ сарын мөнгөө авахгүй байж байгаад есдүгээр сардаа хоёр сарынхаа мөнгийг бөөнөөр нь авч болно. Харин дараагийн сарын мөнгийг урьдчилж авч болохгүй. Арванхоёрдугаар сард бөөнөөр нь 50 мянган төгрөгөө авсан ч болно. Тэрнээс биш олгох мөнгөний хэмжээ сар бүрээр нэмэгдэхгүй. Харин дараа онд хэд болж өөрчлөгдөхийг УИХ-аар шийдэх байх аа.

-Шинээр бүртгүүлсэн хүмүүс бүртгүүлсэн даруйдаа мөнгөө авч болох уу?
-Цаашдаа 14 хоног тутамд бүртгэгдсэн хүмүүсийн нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгснөөр мөнгөө авах боломжтой болно. Тиймээс иргэний шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг хүсье.

М.Ариунсувд
 
Эх сурвалж : www.sonin.mn