Undsend54s6d8f7s65d4fs65df48efsdfsdtalbar.jpg

“Дэлхийн монгол” иргэн, байгууллагыг тодруулан алдаршуулах санал асуулгын дүн гарлаа. 
Монголын үндэсний өдөр тутмын “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч, уран бүтээлчид “ETV” телевизтэй хамтарч зохион байгуулж буй энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд монгол түмэн өргөнөөр оролцож, манай хамтрагч www.shudarga.mn вэб сайт, Ноён зууч 1950 болон манай сонины редакци, утас, факс, цахим хаягаар харилцаж саналаа өгсөн нийт оролцогчдод талархлаа илэрхийлье. Та бүхний нэрийг нь дэвшүүлж, уяа сойлгыг нь тааруулсан “морьд” хурдан байлаа. 
Улиран одсон бар жилд Монгол Улсынхаа нэрийг амжилт бүтээлээрээ дэлхийд цуурайтуулсан олон арван алдартнаас тэргүүнд жагссан тавыг нь өргөмжилнө хэмээн зарласан ч, санал асуулга өргөн олныг хамарч, нэр дэвшигчдийн тоо ч төсөөлж байснаас олон байсан тул аргагүй тэргүүлсэн наймыг нь товойлгон “Дэлхийн монгол” хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртээх шийдвэрт хүрлээ. Энэхүү шалгаруулалт нь улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, бизнес, спорт, соёл урлагийн зэрэг бүхий л салбарт дэлхийн түвшний амжилт гаргасан хувь хүн, байгууллагын гавьяаг товойлгон тодруулж сурталчлах, тэднийг бишрэх бахархлаар дамжуулж нийгэмд сайн сайхны төлөөх тэмүүлэл бий болгох, монголчуудаа, Монголоо гэсэн эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилготой билээ. Ингээд “Дэлхийн монгол”-оор хэн хэн тодорсныг уламжилья. 

АмаргҮй ажилтай ардЧилсан ЕрӨнхийлӨгЧ 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг санал асуулгад оролцогсдын олонхи нь “Дэлхийн монгол”-д нэр дэвшүүлсэн байлаа. Улиран одсон бар жилд түүнийг дэлхийн тавцанд сайн ажилласан хэмээж байна. “Дэлхийн монгол” өргөмжлөл хүртээх ёслолыг санаачлагч, зохион байгуулагчид ч үүнтэй санал нэг байгаа юм. 
Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон орон билээ. Ардчиллын 20 жилийн түүхэнд анх удаа ардчилсан гэх тодотголтой Ерөнхийлөгчтэй болсныг сонгуулийн дараа дэлхийн хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл онцолж байсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ардчиллыг бэхжүүлж, хүний эрхийг хангах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа санаачилга, ажил хэргүүд олон улсын тавцанд үнэлэгдэх болсны нэг жишээ нь хоёр оны зааг дээр “Newsweek” сэтгүүлээс явуулсан санал асуулгаар “Дэлхийн шинэ шилдэг 20 удирдагч” шалгаруулахад түүний нэр арваннэгдүгээрт дурайж байсан. 
“Хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж ирсэн Монголын ардчиллын лидер түүний авлига хээл хахуулийн эсрэг, шударга шүүх засаглалын төлөө, хүний эрхийн төлөөх дуу хоолой нь дэлхийн сонорт хүрч байна” хэмээн уг сэтгүүл онцолсон байлаа. 
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг НҮБ, Европын холбоо, Олон улсын хүний эрхийн хорооноос болон АНУ, Франц, ХБНГУ, Бельги, Финланд, Дани, Швейцарь зэрэг дэлхийн олон орны төр засгийн тэргүүнүүд, мөн Далай лам дэмжиж байгаагаа илэрхийлсэн билээ. 
Ерөнхийлөгчийн, 2010 онд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн дулаарлын асуудлаар хэлсэн үг, Данийн Копенгаген хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи Дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан санаачилгууд, Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр гаргасан “Уул уурхайн загвар гэрээтэй болох санаачилга”, Узбекийн Ташкент хотноо болсон АСЕМ-ын чуулга уулзалтад хүний эрхийг хамгаалах сэдвээр хэлсэн үг нь олон улсын анхаарлыг Монголын зүг татаж чадсан үйл явдлууд байлаа. 
“Дэлхийн монгол” тодруулах санал асуулгад Ерөнхийлөгчийн нэрийг дэвшүүлсэн олон түмэн энэ бүхнийг анзааран ажиглаж, төрийн жолоо атгах амаргүй ажилд нь амжилт хүсч байсан нь лавтай. 

ХӨгжлийн далайцтай бодлоготон 
Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболдыг санал асуулгад оролцогсдын олонхи нь “Дэлхийн монгол” хувь хүн хэмээн онцолжээ. Бизнесийн туршлага, энгийнчилж, тэгэхдээ нэлээд хуучинсгаар хэлбэл аж ахуйн ажлын туршлагатай түүний хувьд Засгийн газрыг тэргүүлнэ гэдэг үнэндээ улс орны аж ахуй, эдийн засгийг хэр зэрэг авч явахаас шалтгаалан сайн муугаар үнэлэгддэг ажил. С.Батболдын Засгийн газрын өнгөрсөн жилийн ажил, амжилтад олон нийт сайн дүн тавьсан. Гүйцэтгэх засаглалын ажлыг сайнаар дүгнэснийг “Дэлхийн мон­гол” тод­руулах санал асуул­гад оролцсон хүмүүс Ерөн­хий сайдын амжилттай холбон нэрийг нь дэвшүүлж, ул­маар шалгаруулсан зэрэг нь илтгэж байгаа юм. 
Ерөнхий сайд өнгөрсөн бар жилд их ажил амжуулсан. Засгийн газар Өмнөговь аймагт ху­рал­даж, цөлжилттэй хэрхэн тэмцэхээ хэлэлцсэнээр Төв Азид, тэр дундаа Монголд цөлжилт 70 хувьд хүрээд буйг дэлхий нийтийн болон байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, гадаадын мэдээллийн агентлагуудын анхаарлын төвд аваачсан. ОХУ-д төлөх их өрийг тэглүүлэх шийдвэрийг тус улсын Засгийн газрын тэргүүнээр гаргуулж чадсан нь ч Ерөнхий сайд С.Батболдын амжилтад тооцогдох үйл явдал байлаа. Тэрбээр европ стандарт, канад технологийг нутагшуулах тухайд далайцтай бодлого хэрэгжүүлэхээр гарган тавив. Энэ хүрээнд олон санал санаачилга гаргасны сүүлийн жишээ нь Түншлэл хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт гарын үсэг зур­сан явдал байлаа. Мөн Кембрижийн сур­галтын стандартыг боловсролын сал­барт нэвтрүүлэх эхлэлийг ч амжилттай тавьсан. Монгол Улсын гадаад ха­рилцааг эдийн засагжуулах зорилт үр дүнд хүрч байгааг Ерөнхий сайдын гадаад орнуудад хийсэн айлчлалууд харуулж байгаа юм. Монголын хөрөнгийн биржийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болсон ба анх удаа Хөгжлийн банк байгуулах шийдвэрт хүрч чадлаа. Иргэддээ хандсан ажлаас нь тоймловол Япон, БНСУ зэрэг улс орны визийн нөхцөлийг хөнгөвчлөхөөр болж, гадаадад буй монголчууддаа туслах санг санаачлан байгуулсан зэргийг олон нийт соргогоор ажиж байдаг нь санал асуулгын дүнгээс харагдлаа. 

Ганцаас газар дҮҮргэх монгол компани 
“Монголиа майнинг корпорэйшн” нэрээр Хонгконгийн хөрөнгийн биржид 2010 оны аравдугаар сарын 13-нд IPO хийж 719,4 сая хувьцаа амжилттай арилжаалж, 650 сая орчим ам.долларын хөрөнгө босгосон “Энержи ресурс” ХХК-ийг олон нийт “Дэлхийн монгол” байгууллагаар тодруулжээ. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа санал болгож байсан тохиолдол бий ч үндэсний хөрөнгө оруулалттай компани ийнхүү олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийсэн, тэр тусмаа хувьцаагаа амжилттай арилжаалсан анхны тохиолдол энэ гэдгийг онцлон тус хамт олноор бахархаж байгаагаа санал асуулгад оролцогсод илэрхийлж байлаа. Босгосон хөрөнгөө нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр зам зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулж буй тус компанийн тухай товч таницуулъя. 
“Энержи ресурс” ХХК нь 2004 оны дөрөвдүгээр сард М-Си-Эс, Петровис, Шунхлай компани, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар байгуулагдсан. 2009 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худаг ордод үйл ажиллагаа явуулж буй. Уурхайд олборлолт явуулахын зэрэгцээ гадаад зах зээлд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой ажиллаж байна. Тийм ч учраас Ухаа худагийн хөндийд 18 мегаватт хүчин чадалтай цахилгаан станц, жилд таван сая тонн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр, орон нутгийн “Таван толгой” нисэх буудал, Монголд хамгийн том 56 метр куб багтаамжтай усан сан, хүнд даацын машин механизм засварлах орчин үеийн засварын төв, уурхайд ажиллагсад амьдрах “Цэций” хороолол, амарч тух­лах хотхон ч байгуулаад байна. Нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдэхээр өөрийн хөрөнгөөр хүнд даацын машин зорчих 245 км хатуу хучилттай авто зам тавих ажлыг хийж гүйцэтгэж байна. 
Монголын бизнес эрхлэгчид ийнхүү оюун ухаан, хичээл зүтгэлээрээ дэлхийн хөрөнгийн зах зээлийн талбарт “Монгол” хэмээх өвөрмөц ангиллын үрийг тарив. Энэ үр түм буман мөчиртэй мод болон салаалж өсч үржих болтугай. 

Оюуны ӨндрӨӨс ӨндӨр цамхаг босгогЧид 
Нэлээд хэдэн жилийн өмнө Баабар “Хүмүүст хийх юм олдохгүй байгаа юм бол ядаж Wikipedia-д Монголынхоо тухай ганц өгүүлбэр ч болтугай оруул л даа. Тэр чинь Монголын хөгжлийн төлөө хуруугаа хөдөлгөж буй хэрэг биш үү. Түүнээс биш хийж байгаа нэгнээ гоочлоод, хэрүүл хутгаад явах ямар хэрэг байна аа. Завтай л байна даа” гэж байсан удаатай. Түүний хүчин зүтгэл, удирдлагаар Britannica ширээний нэвтэрхий толь мэндэлсэн тэр өдөр яагаад ч юм ийн хэлж байсан нь санаанд орсон юм. 
Манай гариг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны 25000 гаруй өгүүлэл дээр Монгол орны газарзүйн 800 гаруй нэр, улс үндэстнийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн 1300 шахам хүний намтрыг нэмж оруулсны зэрэгцээ манай эх түүхийн онцгой эргэлт болсон 1000 шахам үйл явдал, үндэсний брэндүүд, шилдэг бүтээн байгуулалт ба хамт олны нэрийг ч бас бичихдээ манай талаас нийт 4000 орчим толгой үг нэмж оруулсан энэхүү толийг Монголын соёлын амьдралд эргэлт хийх бүтээл боллоо хэмээн олон нийт үзэж буйгаа илэрхийлжээ. 
Сар шинийн өмнөхөн уншигчдад хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал ч хүртээд амжсан уг толийг бүтээсэн “Нэпко” компанид олон нийт “Дэлхийн монгол” байгууллага хэмээх өргөмжлөл хүртээе гэлээ. 
Монголд хүлээн зөвшөөрөгдсөн орчуулагчдаас эхлээд түүхч, шинжлэх ухаан, урлагийн зүтгэлтнүүд, сэтгүүлч, нийтлэлчид, эрдэм шинжилгээний ажилтнууд, нэр томъёоны мэргэжилтнүүд гээд улс үндэстний маань сэхээтний төлөөллийн оролцоотой бүтсэн оюуны энэ өндөр цамхгийн орой руу монгол хүн бүр эцэж цуцалгүй мацах биз ээ. 

Цаст уулын цагаан бар 
Олон улсын жүдо бөхийн холбооны нэр хүндтэй “Мастерс” тэмцээнд аваргалснаар Х.Цагаанбаатарт ганц л зорилт үлдлээ. ДАШТ, Азийн наадам, Ази болон Зүүн Азийн АШТ, “Их дуулга”, Гран-при, Дэлхийн цомын тэмцээнд аваргалж байсан тэрбээр “Мастерс”-ийг хүртсэнээр ганц олимпийн наадам л үлдсэн юм. Өөрөөр хэлбэл “Афин-2004”-ийн хүрэл медалийнхаа өнгийг шар болгох үлдэв. 
Саяхан IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны эхний чансаа гарлаа. “Мастерс” тэмцээний дараа гарсан тул хүснэгтийн тэргүүн хэсэгт байр, чанарын ихээхэн өөрчлөлт орсон. Харин 66 кг-ын жинд манай бөх босоо хэвээр. Тэрбээр 1610 оноотой хүснэгтийг тэргүүлж, гол өрсөлдөгч ОХУ-ын Алим Гаданов нь 384-ийг алдан удаалж байна. Цагаанаа 2009 онд Нидерландын Роттердамд дэлхийн аварга цол хүртсэнээсээ хойш энэхүү чансааг тэргүүлж, нэг ч удаа завсар гаргаагүйг нь бодохоор бахархмаар. Нэг ч гэсэн монгол хүн дэлхийд тэргүүлж байна шүү дээ. Жүдо бөх бол олон оронд хөгжсөн, дэлхийн тэргүүлэх зэргийн спорт. 
ОУЖБХ олимпийн эрх олгохдоо энэ чансааг үндэслэдэг. Ингээд бодохоор түүнд “Лондон-2012”-т хүссэн медалиа хүртэх найдвар хол биш ойр харагдаж байна. Гагцхүү түүнийг энэ хоёр жилийн хугацаанд хэрхэн бэлтгэж, яаж хайрлахаас бүх зүйл хамаарна. Тэрбээр ер бусын дайчин, тэсрэлттэй, өөрөө өөрийгөө хурцалж барилддаг өвөрмөц тамирчин билээ. 
БНХАУ-ын Гуанжоу хотод болсон Азийн наадмын гурав дахь өдрийн барилдаанд Х.Цагаанбаатар зодоглосон учраас монголчуудын хувьд чухал өдөр байлаа. Харамсалтай нь хоёр дахь учраа болох Киргызстаны бөхтэй барилдаж байсан манай тамирчинд шүүгчдийн бүрэлдэхүүн “хатуурхаж”, хэвтээ барилдаанаас хориотой мэх хийсэн гэх утгатай шалтгаанаар тэмцээнээс хасав. Гэнэтийн энэ шийдвэрт гайхаж цожирдсон монголчууд тэнд ч, энд ч шоконд орсон билээ. Х.Цагаанбаатар ч тэр. Олимпийн наадам, тив, дэлхийн бүхий л тэмцээнээс медаль зүүж, дэлхийд эрэмбээрээ бүх жүдочдыг араасаа нэхүүлж яваа манай бөхөд дэвжээн дээр хориотой мэх, үйлдэл хийх байтугай, алдаж гишгэхгүйгээ мэдэх хэмжээний туршлага даанч нэг бий. Тийм ч болохоор олон тэмцээн, олон ялалт, ялагдлын ард гарсан ясны тамирчин хүний хувьд тэр шүүгчдийн шийдвэрт эргэлзэн, дэвжээг орхиж чадалгүй сөхөрч суун хүлээсэн байх. Арга нь барагдаж, тэсрэхдээ шүүгчдэд хүртэл хатуу үг чулуудчихаад дэвжээгээ орхисон болов уу. 
Ийм л монгол залууг “Өдрийн шуудан” сонины нийт уншигчид, олон нийт “Дэлхийн монгол”-оор өргөмжиллөө. 

Дэлхийн эрдэмтэн 
“Барсболд” гэх нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн үлэг гүрвэл байдгийг уншигч та мэдэх байх. Тэгвэл, 40 гаруй жил хамтран зүтгэ­сэн Польшийн эрдэмтэд нь шинээр олж илрүүлсэн үлэг гүрвэлийнхээ судалгааг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж, монгол эрдэмтэн Р.Барсболдын нэрийг түүндээ өгсөн. Палеонтологийн шинжлэх ухаанд тухайн үлэг гүрвэлийг “Барсболд” нэрээр ярьж, бичиж, судалсаар байна. 
Монголд палеонтологи гэсэн ойлголт бараг байхгүй байхаас эхлэн энэ шинжлэх ухаанд хүч оюунаа өгч, өнөөдөр салбарынхаа судлалыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн бол Шинжлэх ухааны академийн палеонтоло­гийн төвийн захирал, академич Р.Барсболд билээ. Тэрбээр бичгийн их гүүш Б.Ренчин док­торын хүү. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард монгол эрдэмтэн Р.Барс­болдыг дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж, Олон улсын сээр нуруутны палеонтологийн нийгэмлэгээс Ромер-Симпсоны шагнал хүртээсэн юм. Энэ шагналыг 1987 оноос өнөөг хүртэл 22 эрдэмтэн хүртээд байгаа бөгөөд 23 дахь нь академич Р.Барсболд болж, Азидаа анхдагчаар тодорсон. Манай улсад палеонтологийн 60 гаруй нэр төрлийн олон зуун олдвор байдаг. Түүний үлэмж хувь нь 1960 оноос хойш өдийг хүртэл энэ салбарт ажиллаж байгаа академич Р.Барсболдын орол­цоотойгоор олны хүртээл болжээ. 

Тал нутгийн Үзэсгэлэн гуа 
“Дэлхийн мисс” алдарт ойрхон очсон гоо бүсгүй А.Сарнайгаараа монгол түмэн бахархсаар. Талын салхи лугаа омголон, уулын согоо шигээ үзэсгэлэнтэй тэрбээр Монгол Улс боловсорч хөгжсөн сайхан бүсгүйчүүдтэй гэдгийг нотолж чадсан дайчин бүсгүй. 
А.Сарнай гоо сайхны ертөнцөд “битүү морь” байсангүй. “Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээний Алтан эрдэнийн өргөмжлөлтэй. “Эх дэлхийн мисс” тэмцээнд 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж, шилдэг 20-д багтаж, улмаар 2008 оны “Дэлхийн оюутан мисс”-ээр шалгарч байсан баялаг түүхтэй. 
АНУ-ын Сакраментогийн коллежид суралцдаг тэрбээр “Дэлхийн мисс”-ийн энэ удаагийн тэмцээнд оролцохдоо энэ гаригийн өнцөг булан бүрээс цугласан 115 сайхан бүсгүйгээс Парагвай, Нидерланд, Канад, Франц, Колумб, ОХУ, Тайланд, Өмнөд Африк, Шотланд, Венесуэл, Намиб, Итали, АНУ, Герман, БНХАУ зэрэг 25 орны бүсгүйтэй шилдэг багт тунан үлдсэн юм. 
Миссийн титмийн төлөө эн тэнцүүхэн өрсөлдөх шилдгийн шилдэг долоон бүсгүйн нэгээр тодорч хэн дуртай эмэгтэй хөл тавиад байдаггүй алдрын тэр тайзнаас үг хэлэх боломж олдоогүйд сэтгэл жаахан гундсан ч дэлхий нийтэд Азийн цээжин дэх буурайхан Монгол хаана ч гайхуулах гоо охид, эмэгтэйчүүдтэй гэдгийг нотолсон. Хамгийн гол нь хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэлээрээ улс Монголынхоо нэрийг дэлхийн 180 оронд нэгэн зэрэг цуурайтуулсан алдартан. 

“Майкрософт”-ын монгол 
Гадаадад сурч ажиллан, тэр хэрээрээ амжилт ололтоор дүүрэн, эх орныхоо нэрийг дуурсгаж яваа олон залуу бий. Тэдний нэг нь Лувсанбатын Бат-Өлзий юм. Компьютер сонирхдог хүн бүрийн мөрөөдөл гэж хэлж болох, дэлхийд тэргүүлэгч “Майкрософт”-ын Америк дахь толгой компанид хэлтсийн даргаар ажилладаг тэрбээр өнгөрсөн зун Улаанбаатарт болсон “Эх орныхоо хөгжилд-Бидний оролцоо” хилийн чанадад суугаа монголчуудын анхдугаар чуулганы үеэр эх орондоо “Майкрософт” компанийн аутсорсингийн үйл ажиллагаа явуулах салбар нээх бодолтой гэдгээ хэлж байсан юм. Өнөөдөр энэ ажил нь урагштай яваа нь олон нийт түүнийг “Дэлхийн монгол”-оор нэрлэх гол хөшүүрэг нь болсон биз ээ. Аутсорсинг буюу тухайн компани томрох тусам цаг их үрэх, гол биш ажлуудаа бусад улсад бага өртгөөр гүйцэтгүүлэхийг хэлдэг. Л.Бат-Өлзий ийм л боломжийг Монголдоо бий болгохоор зорьж байгаа юм. 
Арав гаруй хүн удирдан ажиллах түүний эрхэлж буй албан тушаалыг нь тестингийн тэргүүн ахлагч гэж албан ёсоор хэлдэг байна. “Майкрософт”-ын монгол залуу эх орондоо “Улаанбаатар” их сургуулийг инженерээр, Хавайн Бригхэм Янгийн их сургуулийг компьютерийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд тус улсад 17 дахь жилдээ ажиллаж амьдарч байгаа юм. Тэрбээр 2001 онд “Майкрософт” компанид программын инженерээр анх ажиллаж эхэлжээ. Л.Бат-Өлзийдөө Зорьсон ажлаа түргэн бүтээхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. 




Undsentalelbegeebar.jpg


Undsebatboldntalbar.jpg


Undsentsagaanbaatartalbar.jpg


Undsesarnaintalbar.jpg


Undsebarsboldntalbar.jpg


Undsebritannicantalbar.jpg


enerjires.jpg