“Хүний хөгжил” сангаас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг тойрсон асуудлаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.-Зарим дүүрэгт иргэдийг 21 мянган төгрөгөө авахын тулд дахин бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж байна гэсэн. Энэ үнэн үү?
-Бичиг баримт нэмж бүрдүүлэх ёсгүй. “Хүний хөгжил” сангийн дэвтрээрээ 21 мянган төгрөгөө авна. Ямар нэг бичилт ч хийлгэх шаардлагагүй. Харин банкуудад ачаалал ихэсч байгаа учраас зохицуулалт хийж эхэлсэн гэсэн мэдээлэл бий.
-Зохицуулалт хийнэ гэхээр тухайн иргэний мөнгөө авах банк өөрчлөгдөх үү?
-Өөрчлөгдөхгүй. Хаан, Хадгаламж банкны зарим салбар ачааллаа тэнцүү хуваарилах зорилгоор зохицуулалт хийж байгаа юм билээ. Энэ онд “Хүний хөгжил” сангаас иргэн бүрт 21 мянган төгрөг олгоход зориулж 720 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Үүнийг арилжааны банкуудад хуваарилан байршуулаад байгаа.
-Өмнө нь тухайн банкны аль ч салбараас мөнгөө авч болдог байсныг болиулсанд иргэд бухимдалтай байна.
-Иргэдэд ямар журмаар мөнгө олгох нь тэр банкны шийдэх асуудал. Ачааллыг тэнцүү хуваарилах, мөнгө олголтыг шуурхайлах зорилгоор оршин суугаа газрынхаа банкны салбараас авдаг байхаар шийдвэрлэсэн юм билээ.
-21 мянган төгрөгийг бөөнөөр нь авах боломжийн талаар тодруулна уу?
-Энэ мөнгийг сар бүр л авна. Харин 40 хүн нийлээд бизнес, үйлдвэрлэл эрхлэх хүсэлт, төслөө ирүүлсэн тохиолдолд бөөнөөр нь авах эрх үүснэ. Одоогоор 40-үүлээ нийлж мөнгөө авах гэсэн нэг л хүсэлт ирээд байна.
-Өнгөрөгч онд хэчнээн иргэн “Хүний хөгжил” сангаас мөнгөө авсан бэ?
-Хоёр сая 175 мянган иргэн “Хүний хөгжил” сангийн мөнгөө авсан тоо байна. Эдгээр хүмүүс ямар ч саадгүйгээр 21 мянган төгрөгөө авна гэсэн үг. Ер нь бичиг баримтын зөрчилгүй нийслэлчүүдийн 87.5, хөдөө орон нутгийн 75.6 хувь нь 21 мянган төгрөгөө авах боломжтой болсон байна. Дүүргүүдийн хувьд хишиг олголт эн тэнцүү байгаа бол орон нутгаас Өвөрхангай аймагт хамгийн бага буюу 59.7 хувьтай гэсэн дүн мэдээ ирлээ.
Э. Мөнхсайхан
Эх сурвалж: “Монголын үнэн”