Бичлэгийн тоо 213
МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6      
Бичсэн Галбадрах   
Ням, 2011 Нэгдүгээр сар 16

Би Жагаа, Сувдаа хоёртой North Carolina-д анх Kerr.Lake нуурын эрэг дээр танилцсан юм. Харин өнгөрсөн зун, биднийг Америкт J-1 визээр ирсэн оюутнуудын асуудлыг хөндөж явахад тэд санаа нь зовж, Virginia Beach-д ажиллаж байсан 2 оюутныг гэртээ авчирч байлган, тусалсан юм даг. Нэг оюутныг авчрах гэж, Гансувд ганцаараа машинаар давхиж шөнө очиж байсан гээд бод доо. Оны өмнө, тэд манайд ирж, бид нэгэн өдрийг хамтдаа ярилцаж өнгөрөөсөн юм.

Нэг. Намтрын товчоон: Балгансүрэнгийн Гансувд

1985: Анагаах Ухааны Дээд Сургуульд хүний их эмчийн мэргэжлээр суралцсан.  Улаанбаатар хот.
1985 -1988: Хавдар Судлалын төвд иммунологич эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч захирал
1988 -1996: Aнагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторид эрдэм шинжилгээний ажилтан
1996 -2001: Токai Их Сургуулийн Анагаах Ухааны Факультетэд судлаач оюутан, Ph.D оюутан. Isehara хот, Kanagwa муж, Япон.

2001-2008:  University of Alabama at Birmingham (UAB), Мэс Заслалын тасаг. Эрхтэн шилжүүлэн суулгах дархлал судлалын лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, зааварлагч; UAB, Эдийн тохироо шинжлэх клиникийн лабораторид захирлын туслах, Birmingham хот, Alabama муж, АНУ.

2008 оны 6 сараас: DUKE Их Сургуулийн Pathology тасагт туслах профессор, DUKE Их Сургуулийн Эрхтэн шилжүүлэн суулгах дархлаа судлалын клиникийн лабораторид орлогч захирал, Durham хот, North Carolina муж, АНУ.

Хоёр. Цаг бол үнэт зүйл

Г.Г-Дунд сургуульд сурч байсан үеэ дурсвал?

Б.Г- Би 21-р сургуульд сурч байсан. Манай ангийнхан нилээд хөдөлгөөнтэй, сахилгагүй л дээ. Би бүлгийн дарга байсан юм. Хичээлд нэг л  хүүхэд  дутуу байвал зарим багш нар намайг "тэр хүүхдээ олж ир" гээд л хичээлээс гаргачихна. Хайсаар явж нөгөө хэдийгээ олж ирж хичээлд суулгадаг.

Гэхдээ манай ангийнхан их эв нэгдэлтэй, их идэвхтэй хүүхдүүд байсан л даа. Нилээд олуулаа, тэр үеийн Пионерийн ордонд хичээллэж байсан одон орон судлалын дугуйланд явна. Замдаа цасаар байлдаж тоглодог. Театрт ангиараа юм үзээд түүнийгээ дуурайж их тоглоно. Бүлгийн ажлаа хийх гэж их ч жүжиг, бүжиг найруулж тоглодог. Бага ангийн баатарчуудаа дааж авч, тэдэнд их юм зааж сургана. Одоо эргээд санахад их сайхан байдаг юм. Энэ бүхэн намайг нийгмийн идэвхтэй байхад нилээд нөлөөлсөн дөө.

Г.Г-Тэр үед ангийн дарга, бүлгийн даргад "онц" сурлагатан болон идэвхи зүтгэлтэй хүүхдүүдийг ихэвчлэн сонгодог, тэд нар багшийн ажилд гол туслагчид нь байсан даа. Тэр хэрээрээ тэд ч бас нийгмийн идэвхид сайн суралцдаг байсан байх.

Б.Г-Тийм шүү! Улирлын дүн гаргах, дүнгийн хүснэгт бэлтгэх, тэр ч байтугай жилийн эцсээр хүүхдүүдийн хувийн хэргийн тодорхойлолтыг бичихэд хүртэл багшдаа  тусалдаг байсан гээч.

Би уг нь ''онц" сурдаг байснаа 7-р ангидаа хоолойны махаа авахуулаад, хичээлээс нилээд хоцров. Ангийнхантайгаа их тоглож, хичээлээ нөхөж чадахгүй байсаар алгебрийн хичээл дээр "сайн" гарлаа. Бусад хичээл дээрээ ч нилээд суларсан. Тэгсэн нэг өдөр, Өнөр гэдэг газарзүйн багш маань, намайг самбрын өмнө гаргаж зогсоож байгаад бүх хүүхдүүдийн өмнө " хүүхдүүд анги ахих тусмаа сурлага нь сайжирдаг байхад, чи л анги ахих тусмаа сурлага нь муудаж байна" гэхчилэн загнадаг юм. Бодвол "биеэ тоогоод ч" гэсэн үү. Би тэр үед айж ичсэндээ их зүйлийг бодсон. " Нээрээ би ингэж болохгүй шүү дээ, онц бол онц л сурах ёстой" гэж бодсондоо их л хичээж, 8-р ангиа "онц" төгслөө. Хичээлдээ мэрийж, найзуудтайгаа уулзах цагаа цөөлж хичээсэн ч, найзууд хэвээрээ л үлдсэн.

Г.Г-Одоо бодоход хүүхдүүдэд багш нар болон аав ээж нь багагүй нөлөөлж чаддаг байсан юм шүү.

Б.Г-Их нөлөөтэй байсан. Тэр тусмаа би ээжийнхээ үгийг сайн сонсдог хүүхэд байлаа. 8-р анги төгсөх үед ээж минь надад "Миний охин Их Сургуульд сураад хэрэггүй дээ. Эртхэн л мэргэжилтэй болсон нь дээр байх. Багшийн сургуульд орвол зүгээр" гэж зөвлөлөө.

8-р ангийг "онц" төгссөн 5 хүүхэд байсан юм. Биднийг хуваарийн эхэнд оруулаад " За! цөмөөрөө 9-р ангид орно биз дээ?" гэж асуув. Гэтэл би ганцаараа "үгүй би техниккумд орно" гэдэг юм. Бүгдээрээ гайхаад л ямар хуваарь авахыг асууцгаасан. Би болохоор яагаад ч юм бэ "Анагаахын дунд'-д орно гэлээ. Гэтэл тэр хуваарь байхгүй болохоор Багшийн сургуулийн хуваарь авдаг юм. Хуваариа аваад гарч ирсэнээ, жагсаад зогсож байгаа олон хүүхдийг хараад гэнэт л уйлж орхисон.

Г.Г-Өөрийнхөө сонголтоос илүү ээжийнхээ үгэнд орсон хэрэг байж.

Б.Г-Уг нь 9-р ангидаа ормоор байдаг. Гэтэл ээж тэгж хэлсэн байдаг. Уйлсаар гэртээ очсон чинь аав, эгч 2 ээжийг зэмлээд л...Ээж минь эцэст нь бууж өгч "Яанаа миний охин хуваариа сольж болох болов уу?" гэж сэмээрхэн асуулаа. " Бололгүй яах вэ?" гээд би гэрээсээ ухасxийн гарсан. Аз болж хуваариа хурдан солиулж амжсан. Хожим миний хуваарийг авсан охин надтай тааралдаад "Чамд ёстой их баярласан шүү. Би Багшийн Сургуульд орох  гэж л Говь-алтайгаас шилжиж ирсэн юм шүү дээ" гэж хэлж билээ.

Г.Г-Тэр үед ахлах ангийн хүүхдүүдииг нилээд шилж сонгож байж авдаг байсан үе л дээ.

Б.Г-9-р ангидаа ороход хуучин ангиас минь 10 хүүхэд л өөр өөр ангиудад хуваагдаж орсон. Тэгээд л би хичээлдээ бүх анхаарлаа хандуулсан даа. Номын санд очиж ном их уншдаг, "Залуучуудын Үнэн" сонин их уншина. Эдгээрээс сурган хүмүүжүүлэгч Бор гуай, Лувсанвандан гуай нарын хэлсэн үг ишлэлийг их цуглуулдаг, бас амьдралдаа мөрдлөг болгодог байлаа. "Найз нөхөд бол цагийн дайсан" гэдэг үгийг олж уншаад нэг хэсэгтээ түүнийг мөрдлөг болгов.

Г.Г- 10-р ангиа төгсөөд дахиад л сонголттой тулгарсан уу? эсвэл өөрт чинь чиглэл байсан уу?

Б.Г- 10-р ангийг төгсөхөд надад их л олон сонголт байсан. Гадаадын хуваарь ч байсан. Гэхдээ би шууд л АУДС-ийг сонгосон юм. Ер нь надад багаасаа л эмч эсвэл сэтгүүлч болно гэсэн нууцxан мөрөөдөл байсан л даа.

Гурав. Өөртэйгээ болон өвчинтэйгээ тэмцсэн жилүүд

Г.Г- Элсэлтийн шалгалтаа их сайн өгсөн үү?

Б.Г- Үгүй ээ! Физикийн шалгалт дээр унаж орхисон. Тохиолдлоор ч юм уу, миний анги удирдсан багш нар ихэвчлэн, физикийн багш нар байж таарсан. Тэд хичээлийн цаг дээр ангийн ажлаа их хийлгэнэ. Дүнг маань өргөж тавина. Би бүх хичээлдээ жигд сайн байсан ч физикийн хичээлд тиим ч сайн биш байсан нь элсэлтийн шалгалт дээр нөлөөлсөн хэрэг. Физикийн шалгалт дээр уначихаад, аав ээж 2-тоо л их санаа зовж, ичиж байлаа. "Тэд охиноо их л мундаг гэж бодож байхад миний байж байгааг" гэж бодохоор их санаа зовж байв. Тэр үед яг ИС-д элсэх оноог 22. 98-аар таслахад 23 оноотой байсан би арай гэж л тэнцсэн юм даг. Гэхдээ л баяртай байлаа.

Г.Г-Тэр үед элсэлтийн шалгалтад авсан нийлбэр оноогоор жагсааж байж, ИС-д тэнцүүлдэг байсан юм байна.

Б.Г-Арай гэж тэнцэж АУДС-д орохдоо " Би хамгийн муу нь юм чинь, хичээхгүй бол хамгийн түрүүнд хасагдах юм байна" гэдэг бодлоор эхнээсээ л хичээсэн. Байнга номын санд сууж, лабораторид өнжинө. Их олон яс цүнхэндээ авч явж, гэртээ авчраад л нэрийг нь цээжилнэ. Өдөржингөө л уншиж, автобусанд ер нь хаа ч явсан мартсан зүйлээ заавал сэргээдэг. Бадарч гуайн "Хүжийн гал" зохиолыг санаад л шөнө унтахдаа гар чийдэн дэргэдээ авч унтах. Хэдийд ч санаж сэргээхэд бэлэн. Ингэж байгаад би аавыгаа 2 ч удаа цочоосон юм даг.  Нэг шөнө, авчирсан ясаа гэрийнхнээсээ нууж, гал тогооны өрөөнд гаргаад цээжилж байхад аав минь орж ирээд нэг их цочсон. Бас нэг  шөнө хөнжилдөө гар чийдэнгээ асаачихсан номоо уншиж байхад аавын орж ирэхийг анзаараагүй. "Хэдэн хүүхдийнхээ нэгийг нь ч болов Их Сургуульд оруулчих юм сан" гэж боддог байсан болохоор аав минь намайг АУДС-д элсэж ороход маш их баярласан. Аав минь тэр үед бие муутай байсан юм. Намайг АУДС-д суралцаж эхэлснээс хойш удалгүй өөд болсон доо.

Г.Г-Бид сэтгэл хөдлөл, шаналлаа байнга ил гаргадагүй болохоор аавыгаа тэгтлээ анзаардаггүй юм шиг.

Б.Г- Тийм ээ! Өнгөрсөн хойно нь л ойлгох юм даа. Би тэр цагаас хойш ямагт аавыгаа сэтгэлдээ тээж, үе үе зүүдэндээ учирч яваа.  Ааваас минь хоцорч үлдсэн ээжийгээ баярлуулж чадвал, аавынхаа нэгэн хүслийг ч болов биелүүлж байна даа гэж боддог.

Г.Г-Өөрийгөө голох сэтгэл заримдаа хүнд их хүч тэмүүлэл өгдөг. Зарим талаар энэ нь хичээл зүтгэлийн хөшүүрэг болох нь ч бий.

Б.Г- Tийм шүү! Анагаахад орсноос хойш гайгүй сайн сурч, илүү их мэдлэг чадвартай байх ёстойг сайн ойлгосон. Зүгээр л " онц" сурах биш, алив зүйлийг чин сэтгэлээсээ маш сайн сурч, эзэмших ёстойг ухаарсан..

АУДС-д эхлээд л бүх зүйлийг маш сайн цээжлэх ёстой. Анатомын хичээл дээр эхний  улирлын эхний зачётод намайг 3 удаа буцаалаа. Хэдийгээр би сайн цээжилсэн байсан ч нэмэлт асуултууд асуугаад нэг л удаа түгдрэхэд л буцаадаг байлаа. Надаас цөөхөн асуултад хариулсан хүүхдүүдийг тооцоод байгаа мөртлөө шүү. Эхэндээ миний уур хүрч, бусад хичээл давтах цаг өгсөнгүй гэж бүхимдсан. Шүүлгээ давахгүй бол цаашаа шалгалтанд орохгүй болохоор уншиж, уншиж багшийнхаа асуусан болгоныг хариулахтай болж  байж зачётоо тооцуулсан. Амгаланбаатар багш эхнээсээ л намайг яг таг сургахын төлөө "чангалж" байсныг би хожим ойлгосон л доо. Хоёрдугаар курст Улсын шалгалт өгөхөд энэ давталт маш их хэрэг болсон.

Г.Г-Дунд сургуулийн ширээнээс ИС-д суралцах мөчид хүүхдүүдэд сайн муу боломжийн аль аль нь ирдэг. Хэт шахалт үгүй нөхцөлд хүүхдүүд тэгтлээ хичээхгүй байх нь бий. Анхнаасаа аргалаад л сурчихвал байнга л аргалах гэж боддог болдог.

Б.Г- Их сургуулийн сургалт 10 жилийнхээс их ондоо. Өдөр болгон даалгавар шалгаад, асуугаад байхгүй ч гэсэн уншиж судлах материал ихтэй учраас бие дааж, цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй болдог. Сургуулиасаа хасагдахгүйн тулд анхнаасаа мэрийсний хүчинд 1-р улиралд онц сурсан. Тэр үедээ "Одоо ч арай хасагдахгүй байхаа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ?" гэж дотроо бодож байлаа. Зөвхөн онц сурах гэж биш, өмнөө байгаа зүйлээ яс хийхийг л хичээж байсан.  Энэ бүхэнд мөнөөх ишлэлүүд маань л хэрэг болно.

''Залхууг сууж барахгүй, явж барна. Нойрыг унтаж барахгүй сэрж барна". Tэрч байтугай " хүн өдөрт 6 цаг унтахад л хангалттай" гэж уншсанаас хойш яг л 6 цаг унтаад босдог болсон гээч. Зарим өглөө үнэхээр босмооргүй санагдана. Тэр үедээ “Ленин багш сэрэнгүүтээ босдог хүүхэд байсан” гэж дунд сургуульд заадаг байсныг бодохоор л хүч ороод босчихдог байсан сан. Учир нь уншиж цээжлэх зүйл маш их байлаа.

Г.Г-Ингэж хичээж суралцахаар ар гэрийнхэн их санаа нь зовно. Мэдээж тэдний тусламждэмжлэг ч их хэрэг болдог.

Б.Г- Миний ээж, ах эгч, дүү нар надад маш их тусалдаг байж. АУДС-ийн оюутнууд байнга цагаан халад өмсдөг. Намайг шөнө гэртээ ирээд л хичээлээ давтах гээд суухад, унтаж байсан дүү минь сэрээд л албатай юм шиг миний халадыг угааж индүүднэ. Гантуул минь мөн ч олон шөнө боссон доо. Хоолыг минь халуун байлгах, тэр ч байтугай номын санд хүртэл хоол аваачаад л өгдөг байсан. Би их азтай хүн. Тэдний надад чин сэтгэлээсээ хандаж тусалж байсан бүхэн, намайг амжилттай суралцахад нөлөөлж байсан юм шүү. Яг үнэндээ тэдэнгүйгээр би ингэж сурч чадахгүй байсан. Учир нь би бие муутай байсан юм.

Г.Г-Тийм үү! Энэ чинь харин чамд амаргүй байснаас, бусдын анхааралд байх шалтаг болдог байсан байх.

Б.Г-Магадгүй. Би уушигны бронхийн өргөсөлттэй байсан юм. Байнга бүгшүүлж ханиалгана.. Амралт болохоор л эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ. Өвлийн шалгалтуудаа заримдаа эмнэлгээс өгнө.

Жил өнгөрөх тусам л өвчин минь хүндрээд байгаа нь мэдрэгдэж байсан л даа.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд хичээж сайн сурна гэдэг их л амаргүй, тэвчээр шалгасан хэрэг.

Б.Г-Тухайн үед би өөрийгөө их хүнд нөхцөлд байна гэж ердөө ч боддоггүй байлаа. Их тэвчээр гаргаад байна ч гэж санадаггүй. Ээж минь тэр үед надад “Хангалттай дунд сураад сургуулиа төгсчихвөл л болох нь тэр, миний охин биеэ л сайн бод” гэж хэлдэг байсан юм. Ер нь тэгээд төрөлхийн зан минь ч нөлөөлсөн байх, зүгээр л өмнөө байгаа юмыг яг таг хийгээд явья гэж боддог байсан. Нэг мэдсэн чинь олон жил дараалаад онц сурсан байсан. 3-р курст Сүхбаатарын нэрэмжит цалинд намайг тодорхойлсон боловч САА-д явдаггүй, олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн шалтгаанаар авч чадаагүй юм.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд хичээж сайн сурна гэдэг их л амаргүй, тэвчээр шалгасан хэрэг.

Б.Г-Тухайн үед би өөрийгөө их хүнд нөхцөлд байна гэж ердөө ч боддоггүй байлаа. Их тэвчээр гаргаад байна ч гэж санадаггүй. Ээж минь тэр үед надад “Хангалттай дунд сураад сургуулиа төгсчихвөл л болох нь тэр, миний охин биеэ л сайн бод” гэж хэлдэг байсан юм. Ер нь тэгээд төрөлхийн зан минь ч нөлөөлсөн байх, зүгээр л өмнөө байгаа юмыг яг таг хийгээд явья гэж боддог байсан. Нэг мэдсэн чинь олон жил дараалаад онц сурсан байсан. 3-р курст Сүхбаатарын нэрэмжит цалинд намайг тодорхойлсон боловч САА-д явдаггүй, олон нийтийн ажилд оролцдоггүй гэсэн шалтгаанаар авч чадаагүй юм.

Г.Г-Тэр үед сурлага дээр, идэвхи гэдэг үнэлгээгээр САА-д болон хаврын ажилд хэрхэн оролцож байсныг нэмж дүгнэдэг байсан байх шүү.

Б.Г-4-р курстээ Улаантолгойн САА-д дайчилгаанд явлаа. Багш нар маань намайг бие муутай гэж мэддэг болохоор "хөнгөн" гэж тооцон падан бичдэг ажил дээр тавьсан. Оюутны намар сайхан шүү. Бүгд л тус болохыг хичээж санаа тавина.

Харамсалтай нь дайчилгаанаас ирээд л бие минь муудаж эмнэлэгт хэвтсэн. Гэхдээ би өвчнөөсөө гутардаггүй, сэтгэлээр унадаггүй, сэтгэлийн тэнхээтэй байжээ. Эхлээд 1-р эмнэлэгт хэвтээд, дараа нь хагалгаа хийлгэх шаардлагатай болсноос уушигны эмнэлэгт шилжсэн юм. 1-р эмнэлгийн эмч нар намайг хичээл хийхийг хориглож "жилийн чөлөө" авахыг шаардаж байсан ч би нууцаар бэлтгэж байгаад шалгалтуудaa өгсөн дөө. Жилийн чөлөө аваад, буцаад орж ирэхэд маань харин надад Сүхбаатарын нэрэмжит цалин өгсөн шүү. Тэр үед баярлахаасаа илүүтэй хариуцлага нэмэгдэж байгааг ойлгож, хичээж байсан. Бас 1-р эмнэлэгт хэвтэж байхдаа нөхөртэйгээ тааралдсан

Г.Г-Нөхрийнхөө тухай ярьж болох уу?

Б.Г- Миний нөхрийг Жаргал гэдэг. Тэр үед ХААДС-д суралцаж байсан юм. Бид 2 өмнө нь Сталины номын санд их тааралддаг байсан. Би сүүлд нь МҮЭСТ-ийн номын санд очдог болсноос хойш тааралдаагүй байж байгаад 2 жилийн дараа, 1-р эмнэлэгт дахиад тааралдсан юм. Жагаа маань намайг хагалгаа хийлгэх болоод, уулын аман дахь уушигны эмнэлэгт хэвтэж байхад өдөр болгон л эргэж ирнэ. Миний өвчин сүрьеэ биш л дээ. Гэхдээ л халдвар авахгүйн тулд 20 давхар маск зүүдэг. Хүмүүс янз бүрээр л хандана шүү дээ.

4 сарын 1нд намайг хагалгаанд ороход анхны шөнө нь Жагаа намайг сахиж, хүлээлгийн өрөөний сандал дээр хоносон байсан. Яг үнэндээ хүнд өвчтэй, хэцүү цагт чин сэтгэлээсээ хандаж, хайрлаж халамжилж байхад сайхан л санагддаг юм билээ. Хагалгааны дараа би жилийн чөлөө авч, бид хамтдаа амьдарцгаасан. Тэр цагаас өдий хүртэл миний ажил амьдралын гол түшиг тулгуур минь болж яваа. 5-р курсээ төгсгөөд анхны хүүхдээ гаргасан.

Г.Г-Хүний амьдралд ханийн хайр халамж, түшиг үнэхээр чухал. Хүн ямагт бусдын чин сэтгэлийн дэмжлэгээс л урам зориг авч байдаг.

Б.Г-Ийм сайхан гэр бүлтэй, хань нөхөртэйдээ би баярлаж, бахархаж явдаг. Жагаатайгаа нийлээд 30-аад жил болжээ. Энэ олон жил Жагаа маань өөрийнхөө сонирхлыг хойш нь тавьж, нүүдэлчин амьдралыг минь дагаж, өрх гэрийнхээ хөдөлшгүй бөх багана нь, үр хүүхэд, хань бүлийнхээ халамжит түшиг нь болж яваа юм даа.   2 хүүхэд минь хар багаасаа бие даагаад сурчихсан, ялангуяа Японд сурч байхад надад маш их тус болдог байсан.

Миний эгч, дуучин  Оюунтүлхүүрийн ээж л дээ. Одоо ч гэсэн өнгөтэй өөдтэй бүхнээ дүү нартаа л зориулж, тэднийгээ баярлуулж байхдаа л жаргаж явдаг. Миний бүх л амьдралын аз жаргал, ажлын амжилтын тал хувь нь эдний л дэмжлэгийн ач. Тэдний өмнө үнэхээр сайн хүн, сайн эмч болж л тусыг нь хариулахыг хичээдэг.

Хүн ер нь ямар ч юманд чин сэтгэлээсээ хандахыг хүсвэл, энэ нь их хүч болдог. Хичнээн ядарсан байсан ч хэн нэгнийг баярлуулахыг хүсэхэд л ядаргаа арилж хүссэнээ хийж чадна. Ажлаасаа ядарч, гэртээ ирээд л "өнөөдөр нөхөртөө сайхан хоол хийж баярлуулья" гэж бодоход л ядаргаа ор мөргүй арилж, хичнээн баяртайгаар хоол хийдэг гээ.

 

Дөрөв. Иммунологи- миний амьдралын зорилго болсон

Г.Г-АУДС-төгсөөд хаана хуваарилагдав даа?

Б.Г-. Tэр үед хотод үлдэнэ гэдэг амаргүй байсан юм. Хувиараа сонсоход намайг Хавдар Судлалын Tөвд  хуваарилсан байлаа. Хавдар Судлалын Tөвд /ХСT/ яваад очтол Эрчимт эмчилгээнд хуваариллаа. Тэр үед би өөртөө итгэлтэй, санаж бодсоноо шуудхан л хэлчихдэг байсан. "Би эрчимт эмчилгээнд очихгүй ээ" гэлээ. "Тэгвэл Tуяаны тасагт оч" гэлээ, бас л " үгүй ээ, би иммунологийн лабораторийн эмчээр ажиллая" гэв. Намайг ингэж хэлэхэд бүгдээрээ л гайхацгаасан.

АУДС-ийг онц төгссөн хүмүүс ихэвчлэн мэс засал, нойрсуулагч, клиникийн эмчээр ажилладаг байсан. Харин лабораторийн эмчийг тэгтлээ тоохгүй. Яг тэр үед иммунологи монголд дөнгөж л орж ирж байсан үе. Аз болоход надад дандаа л сайн хүмүүс таардаг байж. XCТ-ийн захирал Нямдаваа эмч, oрлогч захирал Оюунбат эмч нар намайг өөрсдөө сургуулиас минь сонгож авсан юм билээ. Тэгээд ч анхнаасаа намайг маш их дэмжиж байсан.

Г.Г-Яагаад заавал иммунологийг сонирхсон хэрэг вэ?

Б.Г-Иммунологи бол хүний дархлалын тогтолцоог судалдаг шинжлэх ухаан. Өөрөөр хэлбэл хүний биеийн эсэргүүцэл хэр зэрэг байгаагаас хамаараад, янз бүрийн өвчинд өртөгдөх, түүнийг эсэргүүцэх чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг. Tиймээс өвчнийг оношлох, эмчилгээний зөв аргуудыг сонгоход иммунологи үзүүлэлтүүд маш чухал. Зарим өвчний шалтгааныг зөвхөн иммунологоор тайлбарлаж оношлоно, эмчилнэ. Миний хувьд иммунологи мэдэхгүйгээр цаашдаа сайн эмч болж чадахгүй гэдгийг төсөөлж байсан л даа.

Г.Г-Тэгээд ХСT-д лабораторийн эмчээр ажилласан уу?

Б.Г-Эхлээд надад ажлын 50% нь лабораторид, 50% нь клиникт эмчээр ажиллахыг зөвшөөрсөн. Энэ нь надад их ч хэрэг болсон доо.  "Онц" төгсөнө гэдэг миний хөдөлмөрийн л үнэлгээ болохоос, миний чадварын үнэлгээ биш. Ажил дээр гараад л мэдэхгүй маш олон зүйлтэй учирсан. Ажиллаж байхдаа байнга л ном уншсаар. Яг үнэндээ уншсан зүйл маань ч хангалттай биш байв.

Маш олон "Яагаад?"  гэдэг асуултын хариу нь, намайг иммунологи гэдэг үг дээр л аваачиж байв.

Г.Г-Тийм шүү! "Онц" дүн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ болохоос ур чадварын үнэлгээ биш" гэдэг үгтэй чинь санал нийлж байна. Хүн яг амьдрал дээр очиж байж л маш олон хэрэгтэй зүйлийг сурдаг.

Б.Г-Ажиллаж байхдаа би "Илүү их зүйл сурах хэрэгтэй юм байна. Тэр тусмаа иммунологийн чиглэлээр гадаадад заавал сурах хэрэгтэй юм байна" гэдэг ойлголттой бас зорилготой болж байлаа. Тэр үед, дөнгөж сургууль төгссөн хүн гадаадад сургалтад явна гэсэн ойлголт бараг л байхгүй байлаа. Ажилласан жил, танил тал гээд олигтойхон дэмжлэггүй хүн хөдлөхөд хэцүү л үе байсан. Тэр үед иммунологи сонирхож байсaн хүмүүс цөөхөн, энэ чиглэлээр өрсөлдөгчид бага байсан явдал намайг гадагшаа явж суралцахад их түлхэц болсон байх.

ХСT-д би их ч шударга, сайн ажиллаж байлаа. Жилийн дараа МАХН-д орлогчоор элссэн. Үүний дараагаар удалгүй намайг ХСT-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар томиллоо.

Г.Г-Хурдан дэвшсэн байна шүү. Тэр үед МАХН-д сэхээтнүүдийг тэгтлээ элсүүлдэггүй, мэргэжлээрээ дэвшүүлэх хүнээ заавал МАХН-д элсүүлдэг тогтолцоо байсан шүү. Тэр хэрээрээ нилээд ч шалгуур давдаг байсан. Нэг талдаа боловсон хүчний бодлого байсан байх.

Б.Г-Tийм юм болов уу даа. ХСT-ийн орлогч захирал, 26 настай, юу ч мэдэхгүй залуухан бүсгүй. Даваа гариг бүр эмч нарын хурал болно. Тэдний зарим нь намайг дэмжинэ, архагууд нь тэгтлээ тоохгүй. "Туршлагагүй, энэ юу мэдэх вэ?" гэсэн байдлаар миний янзыг үзэж, олон зүйл асууна. Би ч хэрдээ л үзэлцээд байлаа. Нэг удаа ийм хурлын дараа индэр дээр ганцаараа сууж үлдэхдээ тэсэлгүй уйлчихсан. Бас ч шаралхсан хэрэг байх.

Г.Г-Дарга болж бусдыг удирдана гэдэг амаргүй. Өөрөөсөө илүү мэдлэг туршлагатай хүмүүсийг удирдаж, хийх ёстой ажлыг нь сайн хийлгэнэ гэдэг их ч тэвчээр, ур чадвар шаарддаг зүйл.

Б.Г-Tэгэлгүй яахав. Надад хагалгаа хийж, амьдралыг минь бэлэглэсэн мэс засалч Aюурзана эмч, нойрсуулагч эмч Баттулга гээд олон туршлагатай мундаг эмч нарыг, дөнгөж оюутны ширээнээс гарсан шинэ хүн удирдана гэж юу байхав. Хамгийн гол нь захирлууд маань намайг анхнаас нь дэмжиж туслаад хөгжүүлбэл, алсдаа төвдөө хэрэгтэй зүйл хийж чадна гэж итгэж байсан болоод л энэ ажилд томилсон байх.

Г.Г-Ингэхэд яаж яваад эрдэм шинжилгээний ажилтан болчихсон юм бэ?

Б.Г-ХСТ-д 2 жил гаруй болсны дараа намайг Чехэд 3 сарын курст явуулах боллоо.. Энэ курсийг төгсөж ирээд ХСT-д биш, шинээр байгуулагдаж буй Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эрдэм Шинжилгээний Төв Лабораторид Мөнхтүвшин багшийн удирлагад ажиллaх хуваарь байж. Энэ учрыг хожуу мэдсэн захирал маань, надaaс энэ удаадаа курст явахаа болихыг ятгасан. Үнэндээ миний сонирхож байсан чиглэл болохоор захиралдаа би үнэнээ хэлж гуйлаа. Их л дурамжхан зөвшөөрсний дараа Нямдаваа захирлыгaa " гомдоочихов уу" даа гэж харамсан бодсон доо. Гэхдээ энэ бол надад олдож байгаа том боломж байсан болохоор миний хувьд алдаж болохгүй байв.

Г.Г-Нэг ёсондоо хүсч тэмүүлж байсан иммунологийн салбартаа очих боломж олдсон хэрэг юм даа.

Б.Г-Тийм ээ! 1988 онд курсээ төгсөж ирээд АУХ-д Мөнхтүвшин багшийн лабораторид ажиллаа. Мөнх түвшин багш их ч хатуу шаардлагатай, бид ч их эмээнэ. Их зузаан англи ном өгөөд "үүнийг заавал унш" гэнэ.

Чехэд сурч байхдаа би англи хэл маш сайн сурах хэрэгтэйг хатуу ойлгосон. Чех профессор маань "Оросууд биднээс 30 жилээр хоцорч байгаа. Гэтэл та нар Оросуудаас 50 жилээр хоцорч байна. Тэгэхээр та нар дэлхийн хөгжлөөс хэдэн жилээр хоцорч байгаагаа бодоорой" гэж сануулсан.  Тэр үед Мөнхтүвшин багш англи хэлний курс хичээллүүлэхэд орж суралцлаа. Тэр курст суралцагсдаас уншиж чадахгүй, дуудлага мэдэхгүй би, хамгийн муу нь байсан даа. Автобусанд үгээ цээжилж, гэртээ кассет сонсож, даалгавраа яс хийдэг. Хэлний хурсээ төгсөхдөө, гайгүй ойр зуурын мэдлэгтэй боллоо. Энэ курс надад их ч зүйл өгсөн.

Тэр үед АУХ-д үнэхээр шижигнэсэн сайхан залуус ажиллаж байв. Их ч сайхан байсан. Нийгэм зах зээлд шилжиж, олон сайхан залуучууд маань тарж эхэллээ. Гэхдээ би их өөдрөг бодолтой байв. "Энэ хямрал удаан үргэжлэхгүй, бүхэл бүтэн улс байгаа болохоор, оюуныхаа энэ их өмчийг хайхрахгүй орхихгүй" гэж боддог байсан юм. Энэ бүх хугацаанд би хэдэн жилийн дараа ямар түвшинд хүрч, юу хийж bolohoo үндсэндээ төлөвлөж, бэлтгэж байсан.

Г.Г-Өөрийнхөө боломжийг мэдэрч, ирээдүйгээ төсөөлж чадна гэдэг л их амжилтын үндэс нь. Ийм нөхцөлд хүн өөрийгөө дайчилж, зав чөлөөгүй болдог.

Б.Г- Би их хичээж байлаа. Их сайн багштай, сайн ч хамт олонтой байсан. Иммунологийн номын эхний ботийг Мөнхтүвшин багш орчуулсан байсан. Харин 2 дахь ботийг Mөнхбат бид 2-ийг  орчуул гэж өглөө. Чадахгүй ч гэсэн оролдоод суудаг байсан нь надад хожим их хэрэг болсон.

Багш Англи явж ирээд " Англид мастераар сурах боломж байгаа юм байна, чи өргөдлөө өг" гэлээ. Өргөдлөө өгөөд хүлээж байв. Багш бас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын шугамаар ирсэн хүмүүст орчуулга хийдэг байсан юм. Нэг удаа ДЭМБ-ын семинарт орчуулга хийж байснаа гэнэт ажил гармагц , намайг "орчуулга хий" гээд л орхичихсон. Их л тэвдэж сандарч байж орчуулга хийсэн нь надад бас их боломж, урам зоригийг мэдрүүлсэн.

Шалгалт өгч тэнцээд, Швеицарт болсон ДЭМБ-ийн 45 хоногийн семинарт оролцсон нь намайг их ч зүйлд сургасан даа. Энэ семинараас би АУДС-д унших лекцээ бүрэн бэлтгэж ирсэн.  Энэ бүхэн надад өөрийгөө хөгжүүлэх их боломж, зорилгодоо хүрэх алхам болж байлаа.

Тав. Өөрөө хөгжинө гэдэг өрөөл бусдад туслах боломж

Г.Г-Өмнө нь А. Болормаатай хийсэн ярилцлага дээр "зорилго болгон боломж авч ирдэг" гэж хэлж байсныг санаж байна.

Б.Г-Mанай Эрдэм Шинжилгээний Төв Лабораторийнхан багшаасаа эхлээд лаборантаа хүртэл бүгд эрч хүчтэй, санаачлагатай, хөдөлмөрч, шижигнэсэн залуус байлаа. Бие биенээ их дэмжинэ, байнга тусална. Багш, хамт олныхоо ачаар энэ лабораторид ажиллаж байхдаа өөрийгөө нилээд цэнэглэж, хөгжүүлж чадсан гэж боддог.

Тэр үед Тэрбиш эмч, Цогоо эмч, Түмэнбаяр эмч нар хамтдаа Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр бэлтгэж, Японы Жайкагийн төсөл хэрэгжүүлэхээр хүлээж байсан юм. Тэд энэ төсөлд хамт оролцохыг надад санал болголоо. Тэр үед би Англиас л хариу хүлээж байсан. Гэтэл Японы төсөл нь түрүүлж бүтээд, бид 1993 оны 10 сарын 25 нд Япон явцгаалаа. Японд бид нар эрхтэн шилжүүлэн суулгах тасгууд дээр хуваарилагдан ажиллацгаав. Тэрбиш эмч үзлэгийн, Цогоо эмч мэс заслын, Түмэнбаяр эмч нойрсуулагч, би иммунологич чиглэлээр.

Японд байхдаа бид их ч зүйл үзэж, их ч зүйл сурсан даа. Лабораторийн бодисууд нь их үнэтэй. Тэд биднийг дэмжиж нилээд бодис, урвалжууд үнэгүй өглөө. Тэр бодисуудыг тусгай савалгаанд хөлдүүгээр нь авч явах ёстой. Тэрбиш эмч маань Японд суугаа Монголын ЭСЯ болон МИАТын төлөөлөгчидтэй уулзаж, тэд бидэнд их ч тусалсан. Япончууд маань хэд хэдэн чухал багажийг ч бидэнд үнэгүй өгсөн шүү. Тэр бүгдийг Монголдоо авчирч лабораторидоо байрлуулсан.

Г.Г-Үндсэндээ нилээд боломжийн лабораторитой болж амжиж дээ?

Б.Г-Нэг хэсэгтээ ажиллах боломжоор хангагдсан байсан л даа. Харамсалтай нь биднийг буцаж ирсэний дараа Тэрбиш эмчийн бие нь муудаж, удалгүй нас барлаа. Тэр хүн маань энэ төслийн санаачлагч, гол удирдагч нь байсан болохоор энэ төслийн ажил ерөнхийдээ зогссон.

Миний хувьд aвчирсан урвалж бодисоо хугацааг нь дуусахаас өмнө ашигтайгаар хэрэглэх асуудал нэн тэргүүний зорилт байв. Авчирсан бодисууд маань маш их үнэтэй, тээвэрлэх хадгалах тусгай нөхцөлүүдтэй учир, ажил жигдрэх үед, хэрхэн тасралтгүй ажиллах боломжоо хангах вэ? гэдэгт бас санаа их зовж байлаа. Гол хүндрэл нь ядуу, санаа тавих, ойлгож дэмжих хүн цөөхөн. Наад зах нь ямар нэгэн багаж олоод ирэхэд, гаалийн татвар нэхээд суучихна. Эдийн засгийн чадавхаас хамаараад, байдал улам л хүнд болж байлаа.

Г.Г-Ийм хүнд нөхцөлд лабораториа хэр удаан ажиллуулж чадав?

Б.Г-Mөнхтүвшин багш болон лабораторийнхаа хамт олны хүчээр, авчирсан урвалж бодисоо 3 жил судалгаанд хэрэглэсэн дээ. Лаборатори дээрээ сургалт явуулж, мэргэжилтэн бэлтгэлээ. Бас судалгааны ажил хийж, оношлогооны урвалж бэлтгэх гэж туршиж байв. Үндсэндээ бидний Японоос авчирсан урвалж бодисууд дууссан. Лабораторийг үргэлжлүүлээд авч явахад их ч ажиллагаа бас санхүү шаардагдаж байв. Эрхтэн шилжүүлэн суулгахад гол цөм нь болдог, эдийн тохиргооны сайн лабораторитой болоход өөр илүү их зүйл сурах хэрэгтэй байлаа.  Ингээд Японы ЗГ-ын тэтгэлэгээр суралцах шалгалтанд орж тэнцээд судлаач-оюутанаар 1 жил Японд ажиллаа. Дараа нь тэндээ Ph.D-ээр үргэлжлүүлэн суралцах боломж олдсон юм.

Г.Г-Японд Ph.D-д ямар чиглэлээр суралцсан юм бэ?

Б.Г-Клиникийн иммунологийн чиглэлээр. Иммунологи бүх өвчтөнд хамаарна. Биеийн дархлааг бүрдүүлдэг эсийг судалдаг гэдгээрээ эрхтэн шилжүүлж суулгах үед бүр ч чухал. Эрхтэн шилжүүлж суулгах үед хамгийн гол нь өвчтөн донор 2-ийн эдийн тохиргоог үзнэ. Эрхтэн шилжүүлэн суулгасны дараа суулгасан эрхтэнийг ховхруулахгүйгээр, бас өвчтөнийг халдварт өвчинд өртүүлэхгүйгээр дархлааны тэнцвэрийг хадгалах эмчилгээ хийхэд энэ лабораторийн шинжилгээ хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, өвчтөний эсэргүүцэл их сайн бол донорын эрхтэнийг ховхлох аюултай, дэндүү сул бол халдварт өвчинд нэрвэгдээд байх аюултай.

Г.Г-Америкт хэдийд яаж ирсэн юм бэ?

Б.Г-2000 онд АНУ-д хуралд ирсэн л дээ. Энэ үед миний судалгааг гадныхан ихэд сонирхож, хамтран ажиллах санал ч ирж байсан.  Харин Алабамагийн багш маань намайг Японд байхад л холбоо тогтоож, харилцаатай байв. Энэ хурлын дараа намайг Алабамад урьж ярилцлаа. Tэдний санал надад таалагдсан болохоор, би шууд л зөвшөөрсөн юм. Тэгээд л 2001 онд сургуулиа төгсөөд л Америкт ирсэн.

Г.Г-Америкт хийсэн судалгааныхаа ажлын талаар ярьж болох уу?

Б.Г-2001-2008 онд Алабама мужийн University of Alabama at Birmingham-д (UAB) эрдэм шинжилгээний ажилтaн, зааварлагчаар ажилласан. Эрхтэн шилжүүлж суулгасны дараа, дархлааг бууруулах эмгүйгээр, дасан зохицох явцыг амьтан дээр судалж байв. Энэ нь дархлааг бууруулах эм өгөхгүйгээр физиологийн жамаар дасан зохицох орчныг бий болгонo гэсэн үг.

Баланс /тэнцвэр/ барьж байх зориуллалттай эс байна гэдгийг судлаачид хулгана дээр, мөн ижил чадвартай эс хүнд ч бас байдгийг нээсэн байлаа. Бүх lymphocyte эсийн дотор дөнгөж 0.5-5%-ийг эзэлдэг, зохицуулагч T эсүүдийг хуруу шилэнд өсгөж үржүүлээд, дараа нь өвчтөнд буцааж тарих замаар эмчлэх асуудал судалаачид болон эмч нарын анхаарлыг ихээр татаж байгаа юм. Миний ажил бол, эдгээр эсийн эмчилгээний шинж чанарыг алдагдуулахгүйгээр, хуруу шилэнд үржүүлэх боломжийг сармагчин дээр судлахад төвлөрч байсан.

Eр нь судалгааны ажил олон жил хийлээ. Одоо харин үүнийгээ клиниктэй холбож ажиллах сонирхолтой байсан тул 2008 oны 6 сараас эхлэн DUKE Их Сургуулийн, Эрхтэн шилжүүлэн суулгах клиникийн лабораторид орлогч захирлаар ажиллаж байна.

Г.Г-Үнэхээр мундаг байнаа. Уйгагүй зүтгэл, зорилгодоо хүрэх тэмүүлэл чамайг их хөгжүүлжээ. 

Б.Г-Хүн бүхэнд бoлoмж бий. Хүний амжилтын 99% нь хөдөлмөр, 1%  нь авьяас гэдэг үгэнд би итгэдэг. Хүн ер нь урдаа байгаа зүйлийг л яг таг хийгээд, зөв сэтгэлтэй явахад л болдог юм шиг байгаа юм. Ийм хэмжээний  боловсрол эзэмшихдээ би Монгол Улсынхаа зардлаар л сурсан. Тийм болохоор Монголдоо энэ мэргэжлээрээ ямар нэгэн хэмжээгээр туслахсан гэж мөрөөддөг. Ингэхдээ ганц онолоор биш, амьдралд шууд хүртээлтэй, бодитой зүйлээр туслахсан гэж л боддог. Үүний тулд клиникт илүү ойртох хэрэгтэй байна.

Г.Г-Монголд одоо ийм лаборатори байгаа юу?

Б.Г-Монголд лаборатори байгаа. Харин нилээд өргөжүүлэх л хэрэгтэй байгаа байх. Одоо бас Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байгаа.

Дэлхийн олон орнууд эрхтэн шилжүүлж суулгах АНУ-ын систем, чанарын хяналтын системд холбогдохыг хүсч байгаа. АНУ бол энэ талаар иж бүрэн системтэй, мэргэжлийн өндөр түвшинд байнга шалгаж хянаж байдаг маш сайн тогтолцоотой.

Манай лабораторийн захирал хятад хүн л дээ. Тэгэхэд Хятадын Засгийн Газар хүнээ санхүүжүүлээд энд ирүүлж сургаж байна. Сүүлийн үед Хятадад Эдийн тохироог шинжлэх лабораториуд нь олширч байгаа тул, энд байгаа мэргэжсэн хүмүүстэйгээ олон хэлбрээр хамтран ажиллаж байна. Хэрэв монголоос зардлаа олоод хүрээд ирвэл, би ч гэсэн хүн сургах сан гэж бодолгүй яахав.

Г.Г-Сувдаа! Чамайг энэ оронд , ийм орон зайд хүртэл хөгжиж яваад чинь үнэхээр их бахархаж байнаа. Ярилцлага өгсөнд их баярлалаа. Цаашдаа улам ихийг бүтээж, хязгааргүй хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрээрэй.

Б.Г-Танд ч бас баярлалаа. Гарч буй 2011 он бүх монголчуудад минь эрүүл энх, аз хийморь, өөдрөг сайхан бүхнийг авчрах болтугай.

Тэднийд хааяа очиход их сайхан. Нөхөр Самдангийн Жаргал ХААДС-ийг механик инженерийн мэргэжлээр төгссөн. Одоо автосервисийн газарт механикаар ажилладаг. Хүү Ж.Ууганбаяр нь бага сургуулиа Монголд, дунд сургуулиa Японд, ахлах сургуулиa Америкт төгссөн. UAB-д биологийн мэргэжлээр бакалавр, харин одоо PCOM-GA-д эмч мэргэжилтэй болохоор суралцаж буй. Охин Ж.Ундармаа нь бага сургуулиа Японд, дунд ахлах сургуулиа Америкт төгссөн. Одоо BSC-д суралцаж байгаа. Жагаа, Сувдаа 2-ын нэг зорилго нь хүүхдүүдээ өндөр боловсролтой, хаа ч голoгдохгүй мэдлэг чадвартай болгох явдал. Тиймдээ ч тэдэндээ санаа тавьж, анхаарч байдаг. Үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг зориулж, тэднийхээ сайн сайхан ирээдүйн төлөө чадах бүхнээ хийж байгаа, гадаадад амьдарч байгаа олон монгол гэр бүлүүдийн адил, тэд өөрсдийн боломж чадлаа дайчлан ажиллаж амьдарч явна.  Та нарын ажил амьдрал ямагт өөдрөг байж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх болтугай.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

e-mail:    gala_mn@yahoo.com Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой <script language="JavaScript" type="text/javascript"> </script>

2011-01-16

 

Эх сурвалж : www.orloo.com



emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4099896/965/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [2] monh-monk 2013-03-31 6962
213 Асвтраличууд урт насалж байна [1] admin 2008-07-08 66597
212 MISS UNIVERSE-2008 1-р байр Dayana Mendoza [2] admin 2008-07-15 64954
211 Хилтоны барьсан байшин [1] admin 2008-07-04 60508
210 Солонгос иргэдтэй гэрлэсэн гэр бүлийн хүүхдүүдийг их сургуульд элсүүлэн авах тухай журам гаргалаа file [2] ADVertisement 2009-05-15 57781
209 Нэг сая ам.доллароор хаана, ямар байр худалдаж авах вэ file [1] [3] admin 2008-07-30 53605
208 Бээжинтэй дугуй ширээний уулзалт хийнэ admin 2008-07-03 51309
207 Японы хиймэл арлуудын онцлог нь дандаа хогон дээр боссон [1] admin 2008-07-08 50753
206 Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Roh Moo-hyun нь хагас сайн өдрийн өглөө хаднаас үсрэн амиа хорлoсон байна file [23] Munkh-munkh 2009-05-23 50217
205 Квентин Тарантино: Кино гэдэг чинь чөтгөр алгад, утга санаатай байх ёстой юм [1] admin 2008-07-30 48642
204 Сөүл дэх монголчуудын амьдрал [3] Levi`s 2008-12-11 47961
203 Хамгийн шударга бус сонгууль [4] admin 2008-07-03 47916
202 С.Цогтбаяр: Хообий гэдэг үгийг “дон” гэж орчуулмаар [2] sysop5 2008-06-29 46075
201 Гадаадынхан ажилгүй болж байна Levi`s 2008-12-12 45522
200 ИНТЕРНЭТ БАНК ХЭРЭГЛЭХДЭЭ АНХААРААРАЙ [1] admin 2009-02-12 45224
199 Солонгост монголчуудын нэр хүнд асар их унаж байна [13] Levi`s 2009-02-03 43949
198 Сөүлд үймээн болж, хүний амь эрсдэв [7] Levi`s 2009-01-23 42622
197 МОНГОЛ 281 СУРАГЧ СӨҮЛД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД СУРЧ БАЙНА file [1] admin 2009-04-09 41626
196 ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ БОЛЗОШГҮЙ - BABY POWDER [2] admin 2009-04-06 41040
195 Ж.Бушийн тухай кино арван сая ам.долларын ашиг олжээ admin 2008-10-21 40445
194 Холбооны мөрдөх товчооныхон Билл Клинтоны хатсан үрийн шингэнтэй даашинзыг нууц амрагийнх нь гэрээс олж байжээ [2] admin 2008-10-20 39465
193 Данхгар төр Ж.Бушт үр дүнгээ өгөөгүй, Б.Обамад ч өгөхгүй. Харин С.Баярт ? [1] admin 2009-02-20 38833
192 Б.Обама Ирантай харилцах бодлогод өөрчлөлт хийнэ admin 2009-01-13 38400
191 Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа file [1] ADVertisement 2009-05-18 37671
190 Төв номын санд Диброри нээгдлээ file ADVertisement 2009-05-27 37071
189 УДАХГҮЙ КОМПЬЮТЕРОО ЭВХЭЖ АВЧ ЯВАХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ admin 2009-01-15 36922
188 Жорж Буш: Тэд суллагдвал америкчуудыг алахаар ирнэ [2] admin 2009-01-20 35902
187 Гадаад ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн байна file [1] ADVertisement 2009-06-05 35662
186 Хичээлийн дараа улам илүү хөгжилтэй file ADVertisement 2009-05-31 35415
185 Солонгос хэлээр хэн сайн ярих вэ? тэмцээн file [2] ADVertisement 2009-06-09 34033
184 Томуугийн вирусээс урьдчилан сэргийлье file ADVertisement 2009-06-05 33740
183 Солонгост оршин сууж байгаа гадаад иргэд их дээд сургуулиудад [2] ADVertisement 2009-07-01 33700
182 Олон улсын төв нээгдлээ file [1] ADVertisement 2009-06-09 33214
181 Michael Jackson 50 насандаа интертэйнмент ертөнцийг орхилоо file [11] tiffani 2009-06-26 33196
180 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-07-03 32279
179 Вон гуг дүүргийн олон улсын эргүүлийн төв ADVertisement 2009-06-17 31658
178 Азийн урлаг соёлыг нэг дороос ADVertisement 2009-06-17 31193
177 Эрүүл мэндийн даатгалд бүртгүүлэх тухай танилцуулга ADVertisement 2009-06-25 31002
176 ҮРЭЭ ХҮЛЭЭСЭН ЭХИЙН ЗАХИДАЛ [47] fortune_jaal 2009-07-18 29816
175 АНУ-ын цэрэг Иракийн хотуудыг орхилоо Levi`s 2009-07-01 29269
174 ГЭР АМРАЛТЫН ГАЗАР НЭЭГДЛЭЭ file [2] ADVertisement 2009-09-08 28887
173 Бүртгэлгүй гадаад иргэдийг багасгая. [3] ADVertisement 2009-09-09 28626
172 KOICA-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газарт ажилтан (монгол) авна. ADVertisement 2009-09-17 26932
171 Тайваньд юу болж байна вэ? Levi`s 2009-08-27 26222
170 Бүртгэлгүй цагаач иргэдийн хүүхдийн эрүүл мэндийг дэмжих нь file [1] ADVertisement 2009-08-17 25504
169 Гадаад иргэнтэй гэр бүл бологчид нэмэгджээ file [2] ADVertisement 2009-08-24 24915
배너신청
자생병원

배너신청