Н.Тайванжаргал : Монгол

 

Нар саран тахилгатай соёмбон дээр улаан гал бадамлаж байгааг
Найман зууны өмнөх түүхийг минь дэлхий бахдаж байгааг
Дөрвөн улирал өнгөө солин ээлжилж байгааг
Дөнгөж орсон цасан дээр чонын мөр дурайж байгааг

Ян сарьдагийн оройд нь хүрэн бүргэд өндөглөсөн их хянган уулсыг
Янзага эхээс нь төөрүүлдэггүй нүд алдам уудам талыг
Цаст өндөр уулсын бараанаас толгод өндийж байгааг
Цанхаалж зүтгэсэн хангалын хүзүүнд эр суран бугуйл чивчрэхийг л

Монгол гэнэ


Үүлэн хээгээр гоёсон охь манхан хөх тэнгэрийг
Үржил шимт газрын гоёл дэлбээ нүдэн цэцэгсийг
Лусын савдагтай тунамал цэнхэр нуурыг
Луугийн домогтой нарийн шаргал элсэн манханыг

Зэрэглээн гүйдлээс далай давалгаалж байгааг
Зэндмэнь улаан наран хоймор голлож байгааг
Нутгаа л гэж өнхөрч ирдэг бүлээн чулууг
Нуур болноо гэж ундардаг нүдэн булгийг л

Монгол гэнэ

Алтан наранд өргөдөг цацлын дээжийг
Адууны бэлчээрт дөнгөж төрсөн унага хөл дээрээ тэнцэж байгааг
Айлсаж буусан хот айлын бараанаас хүүхдийн дуу сонсогдохыг
Аяганд нар зөв эргүүлж хийн зочиндоо барьдаг цагаан сүүний амттай цайг


Сэрүүн хангайн үзүүрээс зүүгдэж ассан хээр талыг
Сэвшээ салхины үзүүрээс агь гангын үнэр үнэртэхийг
Мэлтийх үүлгүй шөнийн тэнгэрт од анивчиж байгааг
Мэнэнгийн их тал шөнөөр нойрсож байгааг л


Монгол гэнэ

Шуранхайн татлагаас адуу янзгаахыг
Шувуудын сүүдэрт л сэрүүцдэг их говийг
Хонин тогооны амсар дэвэн мэлтэлзэх цагаан сүүг
Холын бараанаас хурын үүл наашилж байгааг

Бэлчиж байгаа хонин дундуур гардаггүй монгол ёсыг
Бэлийн чулууг бууринаас нь хөдлөгдөггүй их ухааныг
Ургаж байгаа наран доогуур адуу усанд цувж байгааг
Усны мандал дээр нар тусаад гялбаж байгааг л

Монгол гэнэ

Даага унасан хүүхдүүд талд уралдаж байгааг
Даалимбан тэрлэгээ урагдтал барилдаж байгааг
Дөрөө харшуулсан хосууд уяан дээр бууж байгааг
Дөтөлж холдсон зам их талд уусахыг

Зөөлөн борооны дараа солонго татаж нялх ногоо өнгөө зассаныг
Зөрөг замын хажуугаар хос тогоруу цам харайж байгааг
Уяан дээр суусан шаазгай сайн мэдээ дуулгаж байгааг
Уул хайрханы овоонд цэнхэр хадаг намирч байгааг л

Монгол гэнэ

 

profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle