Н.Тайванжаргал : Амь нэгтэй байгаль

 

 

Төрөхдөө би
Түмэн өнгийн цэцгэн дунд
Түм буман оддын дор төрсөн
Иймээс л би

Баян хангайг ааваа хэмээн
Бас их говийг ээжээ хэмээн бодож явдаг юм
Цэвэр сайхан агаартай нь амьсгал нэгтэй юм
Цэцэг навчтай нь амь нэгтэй юм
Цэлмэг гол мөрөнтэй нь сэтгэл нэгтэй юм
Цэлгэр уудам талтай нь бодол нэгтэй юм

Өсөхдөө би
Өтөг бууцанд нь тоглож
Өглөө нарыг тосон гүйж
Өнгө туяанд нь дулаацаж өссөн
Иймээс л би

Байгалийн сайхныг л шүтдэг юм
Бас энэ бүхнийг хайрладаг юм
Аглаг ой нь бидний амьсгалах агаар юм
Алсын бараатай зэрэглээ уран зураг юм
Алаг цэцэгс нь бидний эгч дүүс юм
Аясын салхи нь бидний анд нөхөр юм


Төрөхдөө би
Түмэн өнгийн цэцгэн дунд
Түм буман оддын дор төрсөн
Иймээс л би

Эх нутгаа би амь шигээ санадаг
Эргэх дөрвөн улиралын өнгийг нь гайхамшиг гэж боддог
Цацлаа өргөдөг хөх тэнгэр нь бидний шүтээн юм
Цасан оройт тэнгэр уул нь бидний тэргүүн юм
Цагаан цастай тал нь бидний хараа юм
Царс нарсан ой нь бидний амьсгал юм

Өсөхдөө би
Өтөг бууцанд нь тоглож
Өглөө нарыг тосон гүйж
Өнгө туяанд нь дулаацаж өссөн
Иймээс л би

Дуулим шаргал говио ээжээ гэж боддог
Дуниар их хангайгаа ааваа гэж санадаг
Торгон шаргал элсэн манхан нь бидний дэвсгэр юм
Тойром цэнэхэр нуур нь бидний ээжийн минь сүү юм
Толгод өртөөлсөн тал нь бидний бүүвэйн дуу юм
Тоос хөөрөгдсөн салхи нь бидний амьсгал юм

Төрөхдөө би
Түмэн өнгийн цэцгэн дунд
Түм буман оддын дор төрсөн
Иймээс л би

Намхан гэж нутгийг толгодоо голдоггүй юм
Навчгүй гэж моддоо голдоггүй юм
Зээр адил гүйлгэж зэрэглээ нь намайг хуурдаг ч
Зэндмэнь улаан наран нь өглөө бүхэн мандаж хорвоог баярлуулдаг
Эх болсон сайхан байгалиа
Эцэг болсон эх орноо
Эгнэгт би хайрлаж явдаг юм

profile
I will love you forever. . .
               Our love will last as long as our lives. . .
                              Te amo emmanuelle