Монголоос Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй гэлээ
Уншсан 8031 vote 0 2010.08.26 17:15:01Солонгос улсын иргэн Кан Ён Сүн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг ирэх сарын 1-ны дотор Монгол улсаас албадан гаргахаар болжээ.
Тэрээр хэлэхдээ: “ Би МУИС-ын Монгол хэл судлалын ангийг төгссөн. Монголд 19 жил амьдарч байгаа ба одоо зохих журмын дагуу ширээний теннисний клуб ажиллуулдаг.
Гэвч намайг нэг л өдөр ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэсэн шалтгаанаар нутаг буцахыг шаардлаа. Хэрэг явдал намайг “спорт биш шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийн дагуу ГИХАЭГ-аас энэ оны долдугаар сарын 19-ны өдөр дуудсанаар эхэлсэн.
Тэгээд хүлээн авч уулзсан байцаагч Н.Сонсголон бүх бичиг баримтыг минь хураан авсан.
Дараа нь найман сарын 23-нд дахин дуудаж зохих хяналт шалгалтыг нь хийлгүйгээр загнаж зандран “Би Монголд сүмийн үйл ажиллагаа явуулсан нь үнэн. Монгол улсын хуулийг сайн мэдэхгүй учраас зөвшөөрөлгүйгээр ийм байгууллага ажиллуулсан” гэсэн утгатай зүйлийг албадан бичүүлж гарын үсэг зуруулаад Монгол улсаас албадан гаргахаар боллоо.
Би “Мөнхийн амьдрал” сүмд очиж залбирдаг болохоос биш сүмд хөрөнгө оруулж, үйл ажиллагаанд нь оролцсон удаа байхгүй. Гэм буруугүй хэрнээ Монголоос гарах болсондоо их харамсаж байна. Монголд гадаадын иргэдийн эрх зөрчигдөж байна гэлээ.
Тэрээр одоо энэ асуудлаар шүүхэд хандаад байгаа юм байна.
Мөн түүний өмгөөлөгч С.Сүрэнжав ГИХАЭГ-ын байцаагч нар хуулиас гадуур ажилласан. Кан Ён Сүнийг албадан гаргах эрх зүйн үндэслэлгүй болохыг давхар мэдэгдлээ.