Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт МЭӨ IV-II зуунд амьдарч байсан эртний монголчуудын урласан Шатар чулуун хөшөө бий. Эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв болох уг дурсгалыг 2011 онд МҮХАҮТ-аас Монгол Улсын гайхамшгуудын нэгээр нэрлэсэн юм. Энд шатрын морь, тэмээ зэрэг амьтныг дүрсэлсэн гэмээр чулуунаас гадна гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай буган чулуун хөшөө, хиргисүүр бий. Үүнтэй холбоотой “Монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энд нутаглуулж, дурсгалыг нь мөнхлөн Шатар чулуун хөшөөг босгосон” гэх ам дамжсан домог бий. Олон хөшөө хиргисүүрээс бүрдсэн уг газрыг гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаад “Шатар Монголоос үүссэний баталгаа байж болох юм” гэж үзжээ. Буган чулууны оройд нар, хөшөөний төв хэсэгт буга, түүний доогуур зэр зэвсэг, толь дүрсэлсэн. Ийм 13 чулуу энд эртний монголчуудын түүхийг хүүрнэн байдаг.